| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00335/И |
| Дугаар | 379 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОР66052001, Савар овогт Янживын Цэсэнхүүгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Цэсэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Цэсэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 16 настайгаасаа буюу 1982 онд илгээлтээр малчин болж Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1982 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал хонь, үхэр маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох нас болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд 1982 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан З.Цэрэндолгор, Р.Эрдэнэдэлгэр нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Цэсэнхүү нь 1982 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Янижвын Цэсэнхүүгийн 1982 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Цэрэндолгор, Р.Эрдэнэдэлгэр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Цэрэндолгорын “Миний бие 1971 оноос 2002 оны хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд Я.Цэсэнхүү нь аавтайгаа Зүүнговь суманд мал маллаж амьдардаг байсан. Я.Цэсэнхүү нь 1980 оноос эхлэн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Суварга бригадад бог мал маллаж эхэлсэн. Хаварт албан байгууллагын ажилчид малчдад туслах зорилгоор өвс, тэжээл хүргэж өгөх, хашаа, хороог янзлах, цас цэвэрлэх зэрэг ажлуудыг хийдэг байсан ба Цэсэнхүүгийн аав Янживынд очиж тусалдаг байсан. Я.Цэсэнхүү одоо ч Хяргас суманд мал маллаж амьдардаг. Тухайн үед Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Ц.Цэдэв, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Р.Эрдэнэдэлгэрийн “Миний бие 1977 оноос 1995 оны хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Я.Цэсэнхүүгийн аав Янжив нь Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба Я.Цэсэнхүү нь 8 дугаар ангиа төгсөөд 1980 оноос эхлэн Говийн хөгжил нэгдлийн Суварга бригадад бог мал маллаж эхэлсэн. Миний бие нь тухайн үед Янживынд өвс, тэжээл, давс, хужир хүргэж өгөх, гэрийг нь хаваржаа, намаржаа, өвөлжөө рүү нүүлгэх зэрэг ажлуудыг хийхээр очдог байсан ба Я.Цэсэнхүү нь аавтайгаа хонь, ямаа малладаг байсан. Тухайн үед Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Ц.Цэдэв, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Я.Цэсэнхүүгийн Увс аймгийн Архивын тасгаас түүвэрлэн ирүүлсэн цалингийн тодорхойлолтод түүний нэрийг Цэцэнхүү хэмээн 1 үсгийн зөрүүтэй бичсэн байгаа боловч Янжив гэх овог нь таарч байгаа тул уг цалингийн тодорхойлолтыг Я.Цэсэнхүүнх гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Я.Цэсэнхүү 1982 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч З.Цэрэндолгор, Р.Эрдэнэдэлгэр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Я.Цэсэнхүүгийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 7 жил 10 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Я.Цэсэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Савар овогт Янживын Цэсэнхүүгийн 1982 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 10 /арав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Я.Цэсэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ