| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00324/И |
| Дугаар | 380 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Бугат багт оршин суух, 1955 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОС55032114, Цагаагчууд овогт Рэгзэнгийн Цэдэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэдэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1955 онд төрсөн, 61 настай. Би 1978 оны 11 дүгээр сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд няраваар ажиллаж байсан билээ. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай байгаа ба хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул шүүхэд хандаж байна. Иймд 1978 оны 11 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд 10 жил 2 сар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Бат-Очир, Ш.Самбуу нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Цэдэн нь 1978 оны 11 дүгээр сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Рэгзэнгийн Цэдэнгийн 1978 оны 11 дүгээр сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд няраваар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Бат-Очир, Ш.Самбуу нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Бат-Очирын “Миний бие 1978 оноос 1993 оны хооронд Увс аймгийн Хотын худалдаа бэлтгэлийн трестэд няраваар ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа буюу 1978 оны намраас Р.Цэдэн тус байгууллагад няраваар ажиллаж эхэлсэн. Түүний эхнэр Оюун манай трестэд худалдагчаар ажиллаж байсан. Р.Цэдэн нь Бараа баазаас бараа татан авч агуулахад буулгаад буцаагаад дэлгүүрүүдэд тараадаг байсан. Р.Цэдэн тус байгууллагад 1989 он хүртэл ажиллаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед Хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргаар Гэндэнжав, Цэвээнжав, Цэрэннамжил, Гомбодорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Самбуугийн “Миний бие 1978 оноос 1999 оны хооронд Увс аймгийн Хотын худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагч, нягтлан бодогч, үйлдвэрчний хорооны дарга, орлогч даргаар ажиллаж байсан. Р.Цэдэн 1978 оны намар цэргээс халагдаж ирээд тус байгууллагад няраваар ажиллаж эхэлсэн. Түүний эхнэр Оюун манай трестэд худалдагчаар ажиллаж байсан. Р.Цэдэн тус байгууллагад 1989 он хүртэл ажиллаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Р.Цэдэн нь ажлаасаа чанартай сайн хийж байгууллагын баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Р.Цэдэн 1978 оны 11 дүгээр сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд няраваар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Б.Бат-Очир, Ш.Самбуу нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Р.Цэдэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1978 оны 11 дүгээр сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд няраваар 10 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Р.Цэдэн нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаагчууд овогт Рэгзэнгийн Цэдэнгийн 1978 оны 11 дүгээр сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд няраваар 10 /арав/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Цэдэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ