Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00488

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11 210/МА2024/00488

 

 

Г.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/05504 дугаар шийдвэртэй,

Г.И-ын нэхэмжлэлтэй, Н СӨХ-д холбогдох

4,912,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Н СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажилласан. Ажиллах хугацаанд коронавируст цар тахал гарснаар банк хаагдаж, иргэд СӨХ-ны төлбөрөө төлөөгүйгээс санхүүгийн хувьд хүндэрч ажилчдын цалинг СӨХ-ны данснаас гаргаж, бусад зардлыг гаргаж ажил хийх боломжгүй болсон. Тодруулбал, ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний бодис авах, бусад засвар үйлчилгээний асуудал чухлаар яригдаж СӨХ-ны үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд аргагүйн эрхэнд өөрөөсөө бүх зардлыг гаргасан.

1.2. 2021 онд СӨХ-ны санхүүгийн байдал дээрдэж зээлсэн мөнгөө эргүүлж авах үед маргаан үүсэж, 2 удаагийн аудитын шалгалтаар оруулж надад акт тогтоолгосон. Мөн надаас СӨХ-д зээлдүүлээд эргүүлж авсан мөнгөнд хүртэл акт тогтоолгож авсан. СӨХ-ны Удирдах зөвлөлийн зүгээс актын төлбөрийг төлчихвөл чамаас зээлсэн мөнгийг чинь өгье гэсэн тул дагуу актыг бүрэн төлж барагдуулсан.

1.3. Би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, ажил хүлээлцэх үедээ СӨХ-ны дансанд бэлэн 18,000,000 төгрөг, актын 2,908,230 төгрөг, нийт 20,908,230 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Улмаар зээлдүүлсэн мөнгөө авах боломжтой байсан ч нэгэнт маргаан гарсан тул СӨХ-ны Удирдах зөвлөл шударгаар хандаж, миний зээлдүүлсэн мөнгийг гаргаж өгнө гэж найдсан ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. 2019 онд 207,050 төгрөг, 2020 онд 4,316,650 төгрөг, 2021 онд 388,450 төгрөг, нийт 4,912,150 төгрөгийг хувиасаа гаргаж СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан.

Иймд хариуцагч Н СӨХ-ноос 4,912,150 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Хяналтын зөвлөлөөс Н СӨХ-ны 2019, 2020 оны санхүү аж ахуйн үйл ажиллагааг шалгасан С ХХК-ийн дүгнэлтээр гүйцэтгэх захирал Г.И нь 2020 оны 1,2,4,5,6,8,9,12 саруудад өөрийн мөнгөөр материал авсан СӨХ-д зээл олгох гэсэн гүйлгээгээр дээрх саруудын кассын тайланг нягтлан бодогч Г.Солонго гаргахдаа кассын орлогоос зарлага нь илүүдэж түүний зөрүүг Г.Иаас СӨХ-д олгосон зээл гэдэг гүйлгээгээр кассын тайланг үйлдэлгүй гаргаж ирсэн.

2.2. СӨХ-д шаардлагатай засвар үйлчилгээнд мөнгө хүрэлцэхгүй бол зээл авч болох хэдий ч зээл авахдаа тооцоо судалгаа гаргаад Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлээгүй, өөрөө дур мэдэн СӨХ-д зээл өгсөн гэж тайланд тусган үүнийг эргүүлэн авахаар тайланд тусгасан байна. Энэ зээлийг байгууллагын харилцах дансанд эхлээд байршуулаагү. Ковид-19 короновируст цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн тог цахилгаан, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн учраас СӨХ-ны санхүүгийн хувьд хүнд байдалд орох боломжгүй. Н СӨХ-ны тариф 8,700-18,200 төгрөг бөгөөд Г.И ажиллах хугацаандаа оршин суугчдаас авах авлагыг 18,000,000 орчим төгрөгөөр хуримтлуулж, сууц өмчлөгчдийн холбоог санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулсан.

2.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэнэ гэж заасан. Г.И-ын Н СӨХ-нд зээлдүүлсэн гэх мөнгө нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтийн шаардлага хангаагүй. Н СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр Г.И-ын нэхэмжилж буй өр төлбөрийг барагдуулах боломжгүй, кассын тайлангаар батлагдсан өр төлбөрийг тооцон гаргаж барагдуулахаар шийдвэрлэсэн боловч санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтлөөгүй.

Иймд Г.И-ын Н СӨХ-нд зээлсэн гэх мөнгө нотлогдохгүй байх тул 4,912,150 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н сууц өмчлөгчдийн холбооноос 4,617,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ит олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 294,294 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 88,836 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.И-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шийдвэрээр Н СӨХ-ны 2019, 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн С ХХК-ийн шалгалтын дүнгээр гүйцэтгэх захирал Г.И нь 2020 оны 1, 2, 4, 5, 6, 8, 9, 12 дугаар саруудад өөрөөсөө СӨХ-д зээл олгон, өөрийн мөнгөөрөө материал авсан, түүнийгээ буцаан авна гэж тайланд тусгасан.

Н СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.И нь өөрөөсөө зээл олгож материал авч, түүнийгээ буцаан авах нөхцөлтэйгөөр шийдвэрлэсэн бол Удирдах зөвлөлийнхөө хурлаар хэлэлцэн шийдвэрлээгүй.

Ковид-19 короновируст цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн тог, цахилгаан, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлөх шийдвэр гаргасан нь СӨХ санхүүгийн хүнд байдалд орох боломжгүй байсан.

Н СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.И нь тухайн үед 8,700-18,200 төгрөгийн тарифтай байсан СӨХ-ны төлбөрийг оршин суугчдаас аваагүйгээс их хэмжээний хуримтлал үүсгэж Н СӨХ-ны өрийн дарамтанд учруулсан.

Г.И-ын Н СӨХ-д зээлүүлсэн гэх мөнгө нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтийн шаардлага хангаагүй.

Н СӨХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр Г.И-ын нэхэмжилж буй мөнгөн дүнг барагдуулах боломжгүй, харин кассын тайлангаар батлагдсан өр төлбөрийг Г.И-аас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Г.И-ын Н СӨХ-д зээлсэн гэх мөнгө нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам, стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтлөөгүй зэргийг нягтлан шалгаж шийдвэрлээгүй.

Хариуцагчаас хэргийн материалд бүрдүүлсэн Н СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2019 оны 01-12 cap, 2020 оны 01-12 cap, 2021 оны 01-04 дүгээр сарын тайлан зэргийг нягтлан шалгаагүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн үед хурал, зөвлөгөөн хийж гарын үсэг зуруулаагүй шалтгаан нь онцгой комиссын шийдвэрээр бүх төрлийн хурал, цуглаан зохион байгуулахыг хориглосон байсан. СӨХ-ны дансанд ямар ч мөнгө байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Сангийн сайдын тушаалын хавсралтын дагуу бүх байгууллагуудад ашиглагдаж байсан зарлагын падааныг худалдан авалтын задаргаатай хамт нягтлан бодогчийн шаардсаны дагуу СӨХ-ны санхүүгийн хавтаст хавсаргахаар гаргаж өгсөн гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.И хариуцагч Н СӨХ-д холбогдуулан 4,912,150 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд нэхэмжлэгч нь хувиасаа мөнгө гаргаж орон сууцны засвар үйлчилгээ, бараа материал, цэвэрлэгээ ариутгалын материалд зарцуулсан эсэх, хэрэв хувиасаа мөнгө гаргасан бол СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Хэргийн баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.Н СӨХ-ны Удирдах болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Хяналтын зөвлөл тус СӨХ-д 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар 3,303,230 төгрөгийг Г.И-аар төлүүлж, Н СӨХ-ны дансанд хийхээр 01 тоот акт тавигджээ. /хх-ийн 36-37/

 

4.1.Мөн С ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/29 тоот дүгнэлтэд ...тайланг гаргахдаа кассын орлого зарлагын зөрүүг СӨХ-д олгосон зээл гэж гаргасан, СӨХ-ы засвар үйлчилгээний мөнгө хүрэлцэхгүй зээл авахдаа тооцоо судалгаа гаргаж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй, зээл өгсөн гэж тайланд тусган СӨХ-өөс авахаар тусгасан байна. Зээлийг байгууллагын харилцах дансанд байршуулаагүй. Өөрийнхөө мөнгөөр СӨХ-д материал авсан, үйлчилгээний мөнгө төлснийг батлах баримтгүй. Э.Ихбаярт мөнгө өгөх нь нотлогдохгүй байх тул Удирдах зөвлөл хурлаар хэлэлцэх нь зүйтэй... гэж дүгнэсэн.

 

4.2.Улмаар Н СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаартай хурлаар Г.И-ын Н СӨХ-ноос 2020 онд 4,935,000 төгрөг, 2021 онд 435,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 38-40/

 

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, дээрх аудитын дүгнэлт, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шалгалтаар тогтоосон актыг үгүйсгээгүй байхаас гадна уг актаар тогтоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон.

 

4.4. Түүнчлэн, кассын 2019, 2020, 2021 оны тайлангаар нэхэмжлэгч Г.И нь 4,617,856 төгрөгийг хувиасаа гаргаж хариуцагч Н СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.5. Мөн нэхэмжлэгч нь орон сууцны засвар үйлчилгээ, холбогдох бараа материал, цэвэрлэгээ ариутгалын материалд 2019 онд 207,050 төгрөг, 2020 онд 4,316,650 төгрөг, 2021 онд 388,450 төгрөг, нийт 4,912,150 төгрөгийг зарцуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь орон сууцны засвар үйлчилгээ, бараа материал, цэвэрлэгээ ариутгалын материалд хувиасаа мөнгө гаргасан гэх нөхцөл байдлаа кассын тайлангаас гадна нэхэмжлэх, өөрийн данснаас бэлэн бусаар болон бэлнээр төлбөр төлсөн баримт зэрэг өөр бусад баримтаар давхар нотлоогүй байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.И нь хувиасаа нийт 4,617,856 төгрөгийг гаргаж Н СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан тул өөрийн хувийн мөнгийг хариуцагч Н СӨХ-ноос шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас 4,617,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ит олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 294,294 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцагчаас 4,617,856 төгрөг гаргуулсаныг дараахь байдлаар залруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/05504 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н СӨХ-ноос 4,912,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.И-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,836 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ