Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Н.А,

 

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ц,

            Шүүгдэгч Т.С /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С холбогдох эрүүгийн 1803006340351 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Т.С.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Т.С нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, соёолж төвийн хойд замд 91-43 УБН улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Ан жолоодон явсан Honda загварын 80-10 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, жолооч Б.А эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 08:55 цагт гэрээсээ гараад явж байсан. Би цагдаа, эмнэлэг хоёрыг өөрөө дуудсан. Туслах замаас орж хохирогчид гэмтэл учруулсан нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийн хувьд эхний ээлжинд 1.243.236 төгрөгийг төлсөн. Миний машин лизингтэй, мөн би цалингийн зээлтэй тул үүнээс өөр хохирлын мөнгийг төлж чадаагүй байгаа. Гэвч цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: Хохирлоо яаралтай төлүүлэх арга хэмжээ авмаар байна. Бодит хохирол буюу эмчилгээний зардал 3.885.000 төгрөг болсон. Мөн ажилгүй байсан хугацааны цалин зэрэг нийт 8.455.163 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Би гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А /хх-ийн 23-27/-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9129 дугаар дүгнэлт /хх-ийн 36-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар дүгнэлт /хх-ийн 47-49/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 546 дугаар дүгнэлт /хх-ийн 69-70/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13/, шүүгдэгч Т.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, соёолж төвийн хойд замд 91-43 УБН улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.А жолоодон явсан Honda загварын 80-10 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, жолооч Б.А эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Т.С нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг 40 минутын орчим СОТ-ын байрнаас гэрээсээ гараад Замын цагдаагийн албаны зүүн талд байрлах Шинэ дөл цогцолборын 5-н давхарт байрлах ажил руугаа явж байтал Замын цагдаагийн баруун урд талын буцаж эргэдэг гарцнаас машин гэнэт эргээд ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормозоо гишгээд нөгөө машиныг тойрч гарах үйлдэл хийн зорчих хэсгийн 1-р эгнээ рүү дартал нөгөө машин зогсоох үйлдэл хийхгүй шууд орж ирж мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9926 дугаар дүгнэлт: “...Б.А биед бүсэлхий нурууны 2-р нугалмын шахагдсан хугарал, гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1028 дугаар дүгнэлт: “...Б.А биед бүсэлхий нурууны 2-р нугалмын их биеийн шахагдсан бяцарсан хугарал, баруун хөлийн шаант болон тахилзуур ясны бяцарсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/,

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 546 дугаар дүгнэлт: “...Т.Приус 20 маркийн 91-43 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12 “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Honda маркийн 80-10 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан А нь Монгол Улсын замын хөдөлгөөний заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.С /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг байдал шууд нөлөөлжээ.

 

Иймд шүүгдэгч Т.С нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Т.С нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 9 765 163 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс шүүгдэгч Т.С нь 1 310 000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 455 163 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Т.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.С №882458 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.

 

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.С тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.С мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Т.С №882458 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар хохирогч Б.А нь хохирол төлбөрт нийт 9 765 163 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Т.С төлсөн 1 310 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 455 163 төгрөгийг гаргуулж хохирогч Ад олгосугай.

 

7. Хохирогч Б.А нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ