Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00487

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11 210/МА2024/00487

 

 

Д.З, Х.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04737 дугаар шийдвэртэй,

Д.З, Х.О нарын нэхэмжлэлтэй, Э.Г-д холбогдох

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Х.О, Д.З нар мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн,

Орон сууц ашигласны төлбөрт 8,800,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч П.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.З, Х.О бид Э.Гтэй 2018 оны 11 дүгээр сард Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 0000 баг, 0000 байр, 000 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 53 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 57,000,000 төгрөгөөр худалдан авахаар байрны урьдчилгаанд 9,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг ипотекийн гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Э.Г нь дээрх орон сууцны ипотекийн төлбөрийг банкинд төлөх боломжгүй, муу зээлдэгч болох гэж байгаа тул байрны урьдчилгаа болон сар болгон банкинд төлөх төлбөрийг миний өмнөөс төлөөд зээл хаасны дараа байрыг өмчлөлдөө шилжүүлж өгөх санал тавьсан. Бид саналыг хүлээн зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сард тухайн орон сууцыг эзэмшилдээ аваад 15,000,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийгээд 2018 оны 12 дугаар сараас эхлэн түүний банкинд төлөх төлбөр, орон сууцны холбогдох зардлыг төлж ирсэн. Дээрх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нийт 40,000,000 төгрөгийг Э.Г-д төлсөн.

1.3. Э.Г нь 2021 оноос эхлэн байрны үнэ нэмэгдсэн тул байраа зархаа больсон, төлсөн мөнгийн буцааж өгөөд байраа суллаж авна гэж хэлээд 2022 оны 05 дугаар сард 33,000,000 төгрөгийг буцаан шилжүүлээд байраа суллахыг биднээс шаардсан. Бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлж байгаа учраас боломжгүй талаар хэлээд 18,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт үлдэгдэл болох 32,000,000 төгрөгийг бүрэн төлж, өмчлөх эрхээ шилжүүлж авах талаар удаа дараа хэлсэн ч хүлээж авалгүй ипотекийн үлдэгдэл төлбөр болох 13,000,000 төгрөгийг төлж гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлж аваад худалдан борлуулах гэж байгааг мэдсэн. Хариуцагч нь үндэслэлгүйгээр бидэнтэй амаар болон бичгээр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа нь хуульд нийцээгүй, орон сууцыг худалдан авсныхаа төлөө бид орон гэргүй болж хохирч байна.

Иймд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 0000 баг, 0000 байр, 000 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 53 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.О, Д.З нар болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х.О, Д.З нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 0000 баг, 0000 байр, 000 тоот хаягт байршилтай, 53 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 57,000,000 төгрөгөөр худалдах, дээрх орон сууцны үнийг төлөх боломжит хугацааг 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нарт эрхийн зорчилгүй, биет байдлын доголдолгүй, 3 өрөө бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн.

2.2. Нэхэмжлэгч нар 2019 оны 7 дугаар сард БНСУ-д ажиллахаар явахдаа 2019 оны 09 дүгээр сард багтаан төлбөрийг бүрэн барагдуулна гэж хэлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч нар гэрээний төлбөрт нийт 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Улмаар удаа дараа шалтаг шалтгаан зааж төлбөрийг төлөх хугацааг хойшлуулсаар байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны байраа зарахаа больж гэрээний үүргээсээ татгазсан талаар нэхэмжлэгч нарт мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн. Би 2022 оны 05 дугаар сард тэдний төлсөн 33,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

2.3. Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тогтоосон боловч худалдан авагч Х.О, Д.З нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугцаанд орон сууцны үнийг төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзах саналыг хүргүүлсэн тул гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө миний өмчлөлд бүртгэлтэй байх ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч нар төлсөн мөнгөө буцааж авсан атлаа байрнаас гардаггүй, удаа дараа шаардахад хэл амаар доромжилсон. Уг байранд ямар ч төлбөр төлөхгүйгээр амьдарч байгаа нь шударга бус байхаас гадна бидний хохироож байна. Тус аймагт 3 өрөө орон сууцыг багадаа сарын 800,000 төгрөгөөр түрээсэлдэг жишгийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 11 сарын хугацааны ашигласны төлбөр, хохиролд нийт 8,800,000 төгрөгийг гаргуулна.

3.2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Х.О, Д.З нар орон сууцыг худалдаж авна гэж итгүүлэн амьдарсан боловч үнийг бүрэн төлөхгүй хохироосон. Улмаар гэрээнээс татгалзсаныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, Х.Отгончимэг хагалгаанд орохоор боллоо мөнгөө өг байрыг чинь чөлөөлж өгнө гэсэн тул 33,000,000 төгрөгийг тэдэнд буцаан шилжүүлсэн. Хариуцагч нар төлбөрөө буцааж авсан атлаа орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 

4.    Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нар хариуцагчаас орон сууцыг худалдан аваад гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний үүрэг дуусах явцад хариуцагч нар нь зориудаар гэрээнээс татгалзаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлийг зогсоосон тул орон сууцыг албадан чөлөөлүүлнэ сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч нар 20 жилийн дотор төлөх байсан мөнгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулсан. Тиймээс банкинд төлсөн хүүг тооцвол 40,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь тухайн маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч биш учраас орон сууцнаас албадан гаргуулахаар шаардах эрхгүй.

4.2. Нэхэмжлэгч Х.Отгончимэг нь хариуцагч гэрээнээс татгалзаж байна гэхэд хүлээн зөвшөөрч өгсөн бүх мөнгийг буцааж өг гэсэн шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгч Х.Отгончимэгийн шаардсан мөнгийг хариуцагч Э.Г тухайн үед өгсөн бол маргаан үүсэхгүй байсан. Говьсүмбэр аймагт 3 өрөө байрыг 800,000 төгрөгөөр түрээсэлдэг талаар баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл нэхэмжлэгч нар гудамжинд гарах нөхцөл байдалтай байна. 2020 онд 50,000,000 төгрөгийн үнэтэй байсан байр өнөөдөр 70,000,000-80,000,000 төгрөгт хүрсэн тул нэхэмжлэгч нар хохирч байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З, Х.О нарын хариуцагч Э.Г-д холбогдох, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 240000 зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Х.О, Д.З нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, гэрээнээс учирсан хохирол олох ёстой байсан орлогод 1,991,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.О, Д.З нараас гаргуулан хариуцагч Э.Г-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,809,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.О, Д.З нараас 117,006 төгрөг гаргуулан хариуцагч Э.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч Х.О, Д.З нар хариуцагч Э.Гээс 2018 оны 11 дүгээр сард ипотекийн зээлтэй орон сууцыг банкны зээлийн үлдэгдэл 46,009,083 төгрөгийн хэмжээгээр худалдан авахаар тохирч аман гэрээ байгуулсан. Э.Гийн орон сууцыг худалдан авах үед талуудын хооронд хийгдсэн тохиролцоо нь орон сууцны зээлийн урьдчилгаанд барьцаалсан хариуцагч Э.Гийн аавын байрыг барьцаанаас чөлөөлж, зээлийн үлдэгдлийг банкны графикт заасан хугацааны дагуу төлж дуусган нэхэмжлэгч нар өөрсдийнхөө нэр дээр Э.Гээс шилжүүлж авахаар тохиролцсон. Гэтэл Ковид-19 цар тахлаас үүдэн төлбөрийг төлж дуусгаагүй ба хариуцагчийн эхнэрт чатаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлж дуусгахаа илэрхийлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч нартай холбогдохгүй байж байгаад 2020 оны 09 дүгээр сараас холбогдож, 11 дүгээр сараас эхлэн гэрээнээс татгалзах тухай ярьж эхэлсэн. Хариуцагч нь гэрээнээс татгалзахдаа 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнд үндэслэн тайлбарладаг. Талууд 2018 оны 11 дүгээр сард амаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч нар Э.Гийн нэр дээр бүртгэлтэй ипотекийн зээлийг өөрсдийн нэр дээр шилжүүлж авах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд төлбөр төлөх хугацааг 1 cap гэж бичсэн. Энэ хугацаа болон гэрээг банкнаас зээл авах буюу ипотекийн зээлийг өөрсдийн нэр дээр шилжүүлж авахад зориулж байгуулсан. Түүнчлэн, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнд зориуд 57,000,000 төгрөг гэж бичсэн.

Учир нь талуудын тохиролцсон үнэ бол зээлийн үлдэгдэл 46,000,000 төгрөгөөр авах байсан. Хэрэв талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сараас эхлэн хариуцагчийн өмнөөс төлөлт хийгээгүй бол ямар үр дагавар гарч хохирох байсан талаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нар орон сууцны зээлэнд нийтдээ 21,100,000 төгрөгийг төлснөөс үндсэн зээлэнд 15,600,000 төгрөгийг төлсөн буюу төлөх ёстой зээлийн 34 хувийг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 31,300,000 төгрөгийг төлснөөс үндсэн зээлэнд 24,354,017 төгрөгийг төлсөн байхад хариуцагч гэрээнээс татгалзаагүй атлаа 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 39,700,000 төгрөгийг төлснөөс үндсэн зээлэнд 33,000,000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

6.2. Шүүх гэрээний нэг тал гэрээнээс татгалзахад нөгөө тал татгалзлыг хүлээн авсан тохиолдолд талууд нэгэн зэрэг үүргээ гүйцэтгэх ёстой. Хэрэв хэн нэг нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй эсэх үйл баримтанд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нараас удаа дараа хариуцагчид хандан миний мөнгийг өгчих, тэгвэл байрнаас чинь хурдан гарна гэдгээ илэрхийлсээр байхад хариуцагч нь гэрээнээс татгалзлаа гэж хэлснээс хойш 1 жил 5 сарын дараа нэхэмжлэгч нарын банкинд төлсөн 39,809,000 төгрөгөөс 33,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд нэхэмжлэгч нарын төлсөн мөнгөний үлдэгдэл 6,809,000 төгрөгийг төлөөгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 54,600,000 төгрөгийн үнийн дүнг гаргаж ирсэн байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад үнийн дүн яриагүй атал шийдвэрт талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнг 57,000,000 төгрөг болон 54,600,000 төгрөг гэсэн хоёр өөр мөнгөн дүн дээр дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч талаас орон сууцыг 57,000,000 төгрөгөөр бус 46,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэдгийг удаа дараа тайлбарласан. Мөн Т.У орон сууцыг 45,600,000 төгрөгөөр зарсан гэдгийг гэрчийн мэдүүлэг, чатанд хийсэн үзлэгээр тогтоогдож байхад шүүх хариуцагч талын тайлбар болон бичгийн гэрээнд үндэслэж шийдвэрлэсэн нь буруу байна.

6.3. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд үндэслэж дүгнэлт хийсэн атлаа уг гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, талуудын 2018 оны 11 дүгээр сард амаар гэрээ байгуулсан гэх гэрээний үйл баримтанд дүгнэлт хийгээгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэхдээ хэн, хэнтэй гэрээ байгуулсан, хэн гэрээнээс татгалзах болон гэрээний дагуу шаардах эрхтэй эсэх, хариуцагчаас хэзээ, хэрхэн хуульд заасан хэлбэрээр нэмэлт хугацаа олгосон, мөн хуульд заасан ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлийн талаар, мөн нэхэмжлэгч нар цаг хугацааны хувьд хэзээ банкны барьцаанаас чөлөөлөх гэж байсныг болиулж, хариуцагч өөрөө хэзээ, хэдэн төгрөг төлж чөлөөлсөн талаарх үйл баримтанд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч орон сууцаа нэхэмжлэгч нарт зарах үед зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байснаас хэдэн жилийн дотор хэдэн төгрөгийг төлж, хэд болж буурсан цаг хугацаа болон мөнгөн дүнгийн хэмжээн дээр дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн, орон сууцны зээлийн үлдэгдэл 46,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг төлснөөр Х.Энхбатын барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдааны тайлбартаа удаа дараа дурдсаар байхад зээлийн үлдэгдэл 46,000,000 төгрөг дээр барьцаа хөрөнгө чөлөөлөх 9,000,000 төгрөгийг нэмж тооцоолон, энэ мөнгөн дүнгээсээ нэхэмжлэгч нарын төлсөн мөнгөн дүнг хасч, түүндээ дүгнэлт хийсэн. Зохигчдын маргаагүй үйл баримт буюу ипотекийн зээлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээнд тавигдах шаардлага, өмчлөх эрх шилжүүлэх үндэслэл зэрэгт хөндлөнгөөс дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нэгэнт бичгийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж хариуцагчийн байр сууринаас хандан дүгнэлт хийж, мөн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсан гэх хугацааг өөрөө сонгон түүндээ дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 000 дугаар зүйлийн 000.1, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасан өгсөн авсанаа буцаах үүргээ биелүүлсэн эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

6.4. Хариуцагчийн түрээсийн төлбөрөөр хохирсон гэдэг үйл баримтад дүгнэлт хийхдээ зөвхөн нэхэмжлэгч нар няцаагаагүй буюу нотлох баримтаар нотлоогүй, үгүйсгээгүй гэх хийсвэр үйлдэлд дүгнэлт хийсэн. Хэдэн төгрөгөөр түрээсэлж, хэдэн төгрөг олох ёстой байсан болохоо нотлох баримтаар нотлох үүрэг нь хуулиараа хариуцагчийн үүрэг болно. Түүнчлэн, орон сууцны сарын түрээсийн төлбөрийн хэмжээ нотлох баримтаар тогтоогдоогүй гэж маргаж байхад нэхэмжлэгч нар маргаж байгаа үнийн дүнгээ нотлох баримтаар нотлоогүй гэж хуулиа зөрчиж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч нарыг орон сууцаа чөлөөлж өгөөгүй буюу хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн зэргээс үзвэл шүүгч хэт нэг талыг баримталж шүүхийн шийдвэрийг гаргасан байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Х.О, Д.З нар нь хариуцагч Э.Г-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 53 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Х.О, Д.З нар болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц ашигласны төлбөрт 8,800,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

3.1. Э.Г, Т.У нар гэр бүл бөгөөд орон сууц худалдан авахаар хариуцагч Э.Г нь ХААН банк ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр орон сууц худалдан авах зориулалтаар, 53,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 220 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Т.У оролцож гарын үсэг зурснаас гадна зээлээр худалдан авсан орон сууц нь зээлийн барьцаа болохоор тохиролцсон байна. /1-р хх-ийн 167, 221-228/

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр маргааны зүйл болох улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилалтай, 53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн Х.Энхбатын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201009940000тай, Сонгинохайрхан дүүрэг, 10000 сарын 01 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 285 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1-р хх-ийн 229-231/

 

3.3. Хариуцагч Э.Г улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байрлалтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /1-р хх-ийн 168/

 

3.4. Хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч Х.О, Д.З нарт 2018 оны 11 дүгээр сард дээрх орон сууцыг худалдахаар тохиролцон, орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгсний дараа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилалтай, 53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдагч авагч нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор 57,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 6/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 240000 зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, дээрх худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 40000 зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүх талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан талаар дүгнэлт хийгээгүй... гэх гомдлыг хангахгүй.

 

3.5. Нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар орон сууцны худалдан авсан төлбөрт хариуцагчийн дансанд нийт 39,809,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Энэ талаар хариуцагч маргахгүй байна. /3-р хх-113 тал/

 

3.6. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр орон сууцны үнэ болох 57,000,000 төгрөгийг 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон боловч 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 39,809,000 төгрөгийг төлсөнтэй холбоотойгоор хариуцагч нь гэрээг цуцлах санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн улмаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан авна гэснээр түүний дансанд 33,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

 

3.7. Нэхэмжлэгч нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээг банкнаас зээл авахын тулд бичгээр байгуулсан, зээл бүтээгүй тул Э.Гтэй амаар Сонгинохайрхан дүүрэг, 10000 сарын 01 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 285 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөх 9,000,000 төгрөгийг төлөөд дараа нь түүний ипотекийн зээлийг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 54,600,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

3.8 Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны үнэд 57,000,000 төгрөг төлөхөөс 39,809,000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээний үүргийн ялимгүй зөрчил гэж үзэж гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамааруулж маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй. Учир нь хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгч нарт гаргасныг хүлээн зөвшөөрсөн, харин нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 19, 2022 оны 00000 сарын 16-ны өдөр хариуцагчаас төлсөн мөнгөө буцаан шаардсан үйл баримт үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул талууд орон сууц худалдах худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 240000 зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй тул Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 53 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Х.О, Д.З нар болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /2-р хх-ийн 36-38/

 

3.7. Ийнхүү талууд гэрээнээс татгалзсан нөхцөлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгө болох 39,809,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

3.9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрийн үлдэх хэсэг болох 6,809,000 төгрөгийг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд харилцан тооцсон, мөн хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

3.8. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Отгончимэгийн дансанд шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байх тул хариуцагчаас 6,809,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 240000 зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

4.1. Гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгч нар орон сууцыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзэмшилд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

 

4.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Гийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.О, Д.З нарын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад албадан чөлөөлж гэснийг орон сууцны эзэмшлийг чөлөөлөхийг нэхэмжлэгч нарт даалгах гэж найруулгын өөрчлөлт оруулна.

 

4.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

4.4. Нэхэмжлэгч нар орон сууцыг чөлөөлөөгүйгээс хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 8,800,000 төгрөг олох боломжтой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх олох байсан орлого гэрээнээс татгалзсантай холбоотой гэж үзэх шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц ашигласны төлбөрт 8,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.5 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг болгон өөрчлөх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 240000 зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Г-д холбогдох, улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.З, Х.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Гээс 6,809,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.З, Х.О нарт олгосугай. гэж,

2 дахь заалтын Иргэний хуулийн 240000 зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 0000 баг, Найрамдал хотхон, 0000 байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эзэмшлийг хариуцагч Э.Г-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.З, Х.О нарт даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас 123,894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай гэж, тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Отгончимэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 387,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ