| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0437/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 406
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч *******, *******, *******од байрлах, “*******” ХХК
Хариуцагч *******, *******, *******од оршин суух, ******* овгийн *******н /РД:/-д холбогдуулан
Тоосго худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.123.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Х. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “*******” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс нэг тоосгыг 140 төгрөгөөр бодож 15.165 ширхэг тоосгыг худалдан авсан.
Гэвч Х. 2.123.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй байсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн. Иймд түүнээс 2.123.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “*******” ХХК-иас нийт 2.123.000 төгрөгийн үнэ бүхий 15.165 ширхэг тоосгыг худалдан авсан. Нийт 2.123.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Х.аас тоосго худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.123.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 9019034035 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаар “*******” ХХК-ийн хурлын шийдвэр, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “*******” ХХК-ийн хурлын тэмдэглэл, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “*******” ХХК-ийн зарлагын баримт, Х.ы “*******” ХХК-д гаргасан өргөдөл, Х.ы 77084 дугаар жолооны үнэмлэх зэргийг шүүхэд баримтаар өгсөн байна. /хх-3-5, 8-9/
Хариуцагч Х. тоосго худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.123.000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч Х. шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг дурдав.
Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар бүхэлд нь зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж 48.918 төгрөгийн 50 хувь болох 24.459 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох тоосго худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.123.000 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга/ төгрөгийг хариуцагч Х. бүхэлд нь төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.918 төгрөгийн 50 хувь болох 24.459 /хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС