Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/01987/И |
Дугаар | 210/МА2024/00485 |
Огноо | 2024-03-11 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/00485
2024 03 11 210/МА2024/00485
Ө.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04297 дугаар шийдвэртэй
Ө.Б-ын нэхэмжлэлтэй, Д.Г-т холбогдох,
Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 47,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би 4 дугуй хөтөлдөг автомашин авахаар сонирхож үнэгүй.мн сайтаас зар хартал 3500с бензин хөдөлгүүртэй, Tоёота хайлендер маркийн 4WD, дөрвөн дугуй хөтөлдөг гэх зарын дагуу 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Д.Г-той уулзаж машин үзэхэд бороо их орж байсан учраас шалгах боломж байгаагүй, богино зайд унаж үзээд Аutobox.mn сайтаас автомашины мэдээллийг хайж үзэхэд 4 дугуй хөтлөгчтэй гэх мэдээлэл байсан. Д.Гоос бүх дугуй хөтлөх үү гэж лавлаж асуухад 4 дугуй хөтөлнө гэж хариулсан тул 41,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 40,200,000 төгрөгийг бэлнээр, 800,000 төгрөгийг Д.Гийн данс руу шилжүүлэн 00000улсын дугаартай, Tоёота хайлендер маркийн машиныг худалдаж авсан.
1.2. Автомашиныг худалдан авсны маргааш буюу 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр машинаа унаж, хотоос лагерь явах замд уул өөд гарч чадахгүй байхаар нь буугаад доогуур нь хартал 4 биш 2 дугуй хөтлөгчтэй байсан. Энэ талаар мэдсэн даруй худалдагч Д.Гийн гар утасны дугаар руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй тул мессеж бичиж үлдээсэн. Мөн цагдаагийн байгууллагад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гомдол гарган шалгуулсан боловч эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул иргэний шүүхэд ханд гэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.
1.3. Тухайн автомашиныг авахын тулд Ө.Б, эхнэр н.Номинцэцэг нар зээл авсан бөгөөд уг зээлийн хүүгийн төлбөрт 4,260,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, зогсоолын төлбөр 400,000 төгрөг, машины үнэд өгсөн 41,000,000 төгрөг, нийт 47,660,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Би тухайн машиныг 46,500,000 төгрөгөөр зарахаар Үнэгүй.мн сайт дээр зар байршуулсан. Уг зарын дагуу Ө.Б нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр надтай уулзсан. Тухайн үед Ө.Б нь ....надад өөрийн чинь машин таалагдаж байна гэж хэлээд 3-4 цаг шалгаж, үнийг буулгаач гэхээр нь 6,000,000 төгрөгөөр буулгаж өгсөн.
2.2. Би Үнэгүй.мн зард 4WD гэсэн зарыг байршуулаагүй, тоёота хайландер автомашин зарна гэж байршуулсан. Миний худалдан авсан 4 дугуй хөтлөгчтэй юм уу, 2 дугуй хөтлөгчтэй юм уу гэдгийг мэдээгүй, машины зөрүүнд худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгч нь намайг илтэд гүтгэн 4 дугуй хөтлөх үү гэхэд тиймээ 4 дугуй хөтөлнө өө гэж хэлсэн гэж үндэслэлгүй бичсэн нь түүний хэрэгт хавсаргаж өгсөн мессеж болох ах энэ чинь 4 мааждаггүй машин байна шдээ, та тэрийгээ хэлэхгүй яасан юм бэ... гэж намайг 4 дугуй хөтөлдөг гэж хэлээгүйг өөрөө нотлож байна.
Мөн Автотээврийн үндэсний төвийн www.autobox.mn сайтад тухайн машин бүх дугуй хөтөлнө AWD гэсэн мэдээлэл надаас шалтгаалахгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ www.autobox.mn сайтаас мэдээллийг шалгахад 4 дугуй хөтөлдөг гэсэн мэдээлэл байсан гэж намайг буруутган бичсэн.
Иймд хуурч мэхлэн худалдах-худалдан авах гэрээний харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Б 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Д.Г-той байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Гоос 41,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Бод олгож, нэхэмжлэгч Ө.Боос 0000000000000 арлын дугаартай, 00000улсын дугаартай, тоёота хайлендер маркийн машиныг гаргуулж, хариуцагч Д.Гд буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,660,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 554,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-оос 362,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Бод олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Бид 2022 оны 06 сарын 11-ний өдөр автомашин худалдах, худалдан авах аман хэлцэл хийж өмчлөгчийн нэрийг солиулсан. Харин машин худалдах, худалдан авахтай холбоотой бичгээр байгуулсан гэрээ байхгүй байхад шүүх автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж шийдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмын зохицуулалтыг нарийвчлан оруулсан. Дээрхээс үзэхэд шүүх тухайн маргаж буй талууд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо аман хэлцэл хийсэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар дурдаагүй буюу бичгийн нотлох баримт авагдаагүй. Гэтэл талуудын хооронд аман хэлцэл хийсэн эсвэл бичгээр гэрээ хийсэн нь тодорхойгүй. Мөн нэхэмжпэлийн шаардлага нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэрээнээс татгалзаж шийдсэн. Үүнээс гадна гэрээнээс татгалзаж шийдсэн бол нэхэмжлэгч хариуцагчийн машиныг унаж олсон орлого нь хэдэн төгрөг юу буцааж байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргана гэж заасныг тус тус зөрчжээ.
4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон боловч хавтаст хэрэгт 2 янзын дүгнэлт хавсаргасан бөгөөд алийг нь барьж шийдэж байгаа нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр бүх дугуй хөтөлдөг, эсвэл зөвхөн урд 2 хөтлөгчтэй байгаа нь Д.Г миний буруу гэж дүгнээгүй буюу биет байдлын доголдолтой машин худалдан авагчид нийлүүлээгүй гэсэн агуулга юм. Өөрөөр хэлбэл, би өөрөө мэргэжлийн хүн биш буюу өөрийн худалдаж авсан машиныг анх ирсэн гаалийн бичиг, улсын бүртгэлийн тэмдэглэгээ зэрэгт үндэслэж машинтай холбоотой мэдээллийг авдаг. Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байлдын доголдолгүй гэж, мөн хуулийн 251.3 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан. Миний зүгээс Ө.Б-ын хүссэн марк, загварын машиныг эрхийн болон биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч биет байдлын болон эрхийн ямар нэгэн доголдол байгаа талаар маргадаггүй.
4.3. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах бөгөөд шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч машиныг бүрэн шалгаж хүлээн авахад эсэргүүцэл үзүүлж түүнд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлж бодит байдлыг нуух ямар ч оролдлого хийгээгүй.
4.4. Шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдахаар товлосон бөгөөд тухайн шүүх хуралдааны товыг талуудад харьцангуй цаг хугацаанд буюу нэхэмжпэгч талд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, хариуцагч талд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус мэдэгдсэн нь шүүх хуралдаанд талууд ижил цаг хугацаанд бэлдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхийн зарчмаар оролцох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Шүү хуралдааны өмнө талууд хэргийн материалтай танилцаж хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл шүүхээс тухайн эрхийг зөрчсөн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид хурлаас өмнө хэргийн материалтай танилцуулаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Талууд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан талаар маргадаггүй. Хариуцагч нь анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбар гаргахдаа талууд уг гэрээг байгуулж, Авто тээврийн үндэсний төвд очиж шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч давж заалдах гомдол гаргахдаа талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаж байх магадлалтай гэж үзсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд амаар гэрээ байгуулагдах боломжтой учраас анхан шатны шүүхээс талуудын хооронд амаар гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байна. Учир нь худалдаж буй этгээдийн талаар худал мэдээлэл өгч, уг гэрээ байгуулсан.
5.2. Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ ямар хууль тогтоомжийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хэрэгт 2 биш 3 шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд тухайн автомашин ямар хөтлөгчтэй болохыг дурдсан бөгөөд шинчээийн дүгнэлт нь хоорондоо ямар нэгэн зөрүүтэй мэдээлэл байхгүй. Тухайн автомашин нь урдаа хөтлөгчтэй буюу 2 дугуй хөтлөгчтэй автомашин байна гэх дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан 3 дүгнэлт адилхан учраас шүүхээс аль нэгийг сонгох эсхүл нэгийг нь нөгөө дүгнэлтээр няцаах боломжгүй.
5.3. Шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсэж, 8 сарын турш үргэлжилж, 2 удаа хойшлогдсон. Уг хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжтой байсан. Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн аль нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны товыг удаа дараа асууж, тодруулсан тул түрүүлж шүүх хуралдааны товыг мэдсэн. Харин зориуд нэхэмжлэгч талд давуу байдал олгох зорилгоор түрүүлж мэдэгдсэн зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны товыг өөрсдөө тодруулсан тохиолдолд эрт мэдэх боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар талуудад эрх үүргийг танилцуулж, уг эрх үүрэгтэй холбоотой шүүхэд гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагч тал байхгүй гэж хэлсэн. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаагүй атлаа давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх ашгийг хөндсөн гэж тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
5.4. Худалдагч тал худалдан борлуулж буй барааны мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй. Д.Г-т нь автомашиныг Ө.Бод худалдахдаа 4 дугуй хөтлөгчтэй гэж хэлээгүй. Гэвч тоёота хайлендер автомашин зарна гэж хэлсэн гэх хариу тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан. Мөн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 4 дугуй хөтлөгчтэй гэж үнэгүй.мн сайт дээр зар тавиагүй гэж тайлбарладаг. Уг нөхцөл байдлыг үнэгүй.мн сайтнаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн зүгээс Тоёота хайлендер автомашиныг 4 дугуй хөтлөгчтэй автомашиныг зарна гэж зар оруулсан. Уг зарын дагуу Ө.Б өөрийн эхнэрийн хамт очиж уг автомашин 4 дугуй хөтлөгчтэй нь үнэн юм уу, туулах чадвар сайтай юу гэж асуухад хариуцагчийн зүгээс тийм гэж хэлээд худалдсан. Мөн хэрэгт Ө.Б-ын эхнэрийн гаргасан мэдүүлэгт уг нөхцөл байдлыг тайлбарласан. Тухайн автомашин худалдах, худалдан авах гэрээ 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Уг автомашин 4 хөтлөгчгүй, туулах чадвар муутай, зөвхөн урдуураа хөтлөгчтэй байна гэдгийг 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ө.Б мэдсэн. Тухайн нөхцөл байдлыг мэдсэн даруйдаа Ө.Б болон түүний эхнэр Д.Г руу утсаар залгаж, мессеж бичсэн боловч холбогдож чадаагүй.
Уг автомашины нөхцөл байдлыг мэдээгүй тохиолдолд нэхэмжлэгчтэй нэг удаа холбогдох байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад 4 хөтлөгчгүй гэдгийг Д.Г мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн автомашины жолооч, автомашин сонирхдог хүн байсан тохиолдолд тухайн автомашины доогуур тонгойж үзээд мэдэх боломжтой байсан. Гэвч Ө.Б тухайн үед шалгахад бороотой байсан учраас автомашин доогуур орж чадаагүй. Тухайн үед Ө.Б өөрийн хэмжээнд автомашиныг шалгасан. Учир нь төрийн байгууллагын мэдээллийн сайт руу орж, уг автомашиныг 4 хөтлөгчтэй эсэхийг шалгахад 4 хөтлөгчтэй байсан. Уг үйл баримтаас харахад Д.Г тухайн автомашиныг 2 дугуй хөтлөгчтэйг мэдсээр байж, 4 дугуй хөтлөгчтэй гэж худалдсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн автомашиныг 2 дугуй хөтлөгчтэйг Д.Г мэдээгүй гэж үзэхийн бол худалдаж буй эд хөрөнгийн шинж чанарын талаар төөрөгдсөн үйл баримт тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Д.Г-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашины үнэд төлсөн 41,000,000 төгрөг, хохирол 6,660,000 төгрөг, нийт 47,660,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Ө.Б нь Д.Г-тоос 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, хар өнгийн 0000000000000 арлын дугаартай, 00000улсын дугаартай, тоёота хайлендер /toyota highlander/ маркийн тээврийн хэрэгслийг 41,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон байна.
3.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр автомшины төлбөрт 40,200,000 төгрөгийг бэлнээр, 800,000 төгрөгийг ХААН банк дахь 0000000000 тоот данснаас хариуцагчийн ХААН банк дахь 000000000 тоот дансанд шилжүүлж, мөн өдөр тус автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь талуудын тайлбар, дансны хуулга, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. Талууд тээврийн хэрэгслийн үнийг төлсөн, тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн талаар маргаагүй. /хх-ийн 10-11, 72-75/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчийн автомашиныг худалдан авахдаа төөрөгдсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
3.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн үнэгүй.мн зард байрлуулсан хар өнгийн тоёота хайлендер /toyota highlander/ маркийн хөтлөгч 4 WD буюу 4 дугуй хөтөлдөг тээврийн хэрэгсэл гэх зарын дагуу Д.Г-той утсаар холбогдож уг автомашиныг худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн 54 дүгээр тал дахь үнэгүй групп ХХК-ийн албан бичиг, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, хэргийн 74 дүгээр тал дахь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогджээ.
Хариуцагч нь тухайн автомашиныг 4 дугуй хөтлөгчтэй эсхүл 2 дугуй хөтлөгчтэй талаар мэдэхгүй, Автотээврийн үндэсний төвийн сайт дээр бүх дугуй хөтөлнө гэсэн мэдээлэл байсан, тухайн үед нэхэмжлэгч шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.
3.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
3.4. Хэргийн баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, хар өнгийн 0000000000000 арлын дугаартай, 00000улсын дугаартай, тоёота хайлендер /toyota highlander/ маркийн тээврийн хэрэгсэл 2WD буюу урдаа 2 хөтлөгчтэй болох нь Жандаг хордон ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-16/22 тоот болон Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Ц ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 190 тоот тодорхойлолтоор тус тус нотлогдож байна. /хх-ийн 58, 78, 89-91/
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хариуцагчаас 41,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
4.1. Учир нь хариуцагч тухайн тээврийн хэрэгслийн талаарх үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүйгээс тэрээр худалдан авч буй автомашиныг 4 хөтлөгч дугуйтай гэж шинж байдлын хувьд хэлцлийг хийхдээ төөрөгдсөн байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэх хэлцэлд хамаарч байна. Иймд талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх учиртай.
4.2. Анхан шатны шүүх хариуцагч Д.Г-оос 41,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Бод олгож, нэхэмжлэгч Ө.Б-оос 0000000000000 арлын дугаартай, 00000улсын дугаартай, тоёота хайлендер маркийн автомашиныг гаргуулан хариуцагч Д.Г-т буцаан олгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлаагүй нь буруу байгааг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрт 4,260,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 6,660,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.
6. Хариуцагч нь ... талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээг аман болон бичгээр байгуулсан эсэх нь тодорхойгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэрээнээс татгалзаж шийдсэн, хариуцагчийн машиныг унаж олсон орлого нь хэдэн төгрөг юу буцааж байгаа нь ойлгомжгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргана гэж заасныг тус тус зөрчсөн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
6.1. Худалдах, худалдан авах гэрээ хэлбэрийн хувьд заавал бичгээр байгуулахыг хуулиар шаардахгүй бөгөөд талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагчаас 41,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэсэн.
6.2. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч нь ...хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс аль дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь тодорхойгүй, уг дүгнэлтээр миний буруу гэж дүгнээгүй, хуульд зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө болон эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
7.1. Хэрэгт маргаан бүхий тээврийн хэрэгсэл 2WD буюу урдаа 2 хөтлөгчтэй талаар Жандаг хордон ХХК болон Автотээврийн үндэсний төвийн дүгнэлт, Ц ХХК-ийн тодорхойлолт авагдсан байх ба дээрх байгууллагуудаас дүгнэлт гаргахдаа зөрүүтэй дүгнээгүй байх тул хариуцагчийн эд хөрөнгийг доголдолтой гэж үзэхгүй гэх гомдлыг хангахгүй.
8. Хариуцагч нь ... эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
8.1. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид худалдахдаа 4WD буюу дөрвөн дугуй хөтөлдөг гэж итгүүлсэн, нэхэмжлэгч төөрөгдөлд орсны улмаас хэлцэл хийсэн байх тул тэрээр шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг 4WD буюу дөрвөн дугуй хөтөлдөг талаарх зарыг Үнэгүй.мн сайтад 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байршуулсан болох нь хэрэгт авагдсан Үнэгүй групп ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23/38 тоот албан бичгээр тогтоогдсон. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй.
9. Хариуцагч нь ... шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт харьцангуй байдлаар шүүхээс мэдэгдсэн, хурлаас өмнө хэргийн материалтай танилцах боломж олгоогүй... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй байхаас гадна хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Б-ын 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Г-той байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.Г-оос 41,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-од олгож, нэхэмжлэгч Ө.Боос 0000000000000 арлын дугаартай, 00000улсын дугаартай, тоёота хайлендер маркийн машиныг гаргуулан хариуцагч Д.Гд буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,660,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ