Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00859

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр                        Дугаар 142/ШШ2016/00859                                    Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй Ч.Баасандэлгэр, С.Ганбат нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамдарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13-р баг Баянцагаан Хуучин хороо 4-7 хаягт оршин суух Чулуунбаатар овогтой Баасандэлгэр нь Орхон аймгийн Хангай бүс худалдааны захын Таван-Эрдэнэ төвд бизнес эрхэлж байх хугацаандаа ХААН банкны Орхон салбарын Баянцагаан тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ны 4,450,000 төгрөгийн хэрэглээний лизингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан.Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1,547,091,38 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.Зээлдэгч зээлийн гэрээний 3-3-1 дэх /Зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлөх/ хэсгийг зөрчсөн бөгөөд зээлдэгч зээл аьах үед оршин сууж байсан хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа бөгөөд зээл авах үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум 13-р баг Баянцагаан Хуучин хороо 4-7 тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд одоо тус хаягт оршин суухгүй нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн тодорхойлолтоор тогтоогдсон болно.Иймээс иргэн Ч.Баасандэлгэр болон хамтран зээлдэгч С.Ганбат нарыг эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь Ч.Баасандэлгэр, С.Ганбат нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

Ч.Баасандэлгэр, С.Ганбат  нар нь нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Баянцагаан тооцооны төвөөс зээл авсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №зг/136 дугаар зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянцагаан багийн Засаг даргын тодорхойлолт тухай зэрэг баримтаар нотлогдож байх тул Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Ч.Баасандэлгэр, С.Ганбат  нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Ч.Баасандэлгэр, С.Ганбат эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ч.Баасандэлгэр /регистрийн дугаар ГИ83011009/, С.Ганбат /регистрийн дугаар ОД76010114/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн “Ч.Баасандэлгэр, С.Ганбат нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА