| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00844/И |
| Дугаар | 00886 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 00886
2016 оны 06 сарын 23 өдөр Дугаар 142/ШШ2016/00886 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч 1981 онд төрсөн, 35 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-15-35 тоотод оршин суух Боржигон овгийн Гүрдоржийн Энхцэцэгийн /регистрийн дугаар ГН81082921/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1966 онд төрсөн, 50 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 23 дугаар гудамжны 22 тоотод оршин суух Сахилга овгийн Нансалмаагийн Нарантуяад /регистрийн дугаар ИЦ66111160/ холбогдох 634 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхцэцэг, хариуцагч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нарантуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 05-нд надаас 400 000 төгрөгийг 12 хувийн 1 сарын хугацаатай зээлдсэн. 2016 оны 01 сарын 27-нд хүү гэж 100 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш өдийг хүртэл мөнгөө өгөөгүй. Удаа дараа утасдаж ярихад мөнгөтэй болоод өгнө гэдэг. Иймд үндсэн мөнгө 400 000 төгрөг, хүү 234 000 төгрөг, нийт 634 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нарантуяа миний бие Г.Энхцэцэгээс 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөгийг ХААН банкны 5094503476 тоот дансаараа авсан нь үнэн. Түүнээс авсан энэ мөнгийг би хамт ажилладаг Биндэрьяа нь авсан мөнгөө хугацаанд нь өгөөгүйгээс би өөрийн бөгж, гинжээ ломбарданд тавьж чадах яадахаараа төлж байсан. Одоо ч бөгж, гинжээ авч чадаагүй явж байна. 2015 оны 10 сард Энхцэцэгийн Хаан банкны дансанд 96 000 төгрөг тушаасан. 2015 оны 11 дүгээр сарын 05-нд мобайл банкаар Хаан банкны дансаар нь 176 000 төгрөг, сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 27-нд гэрт нь очиж 100 000 төгрөг бэлнээр өгсөн. Иймд одоо үлдэгдэл 28 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 364 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Энхцэцэг, хариуцагч Н.Нарантуяад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 634 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч Г.Энхцэцэг өөрийн Хаан банкны депозит дансны хуулгыг үндэслэн хариуцагч Н.Нарантуяагаас үндсэн зээл 400 000 төгрөг, хүү 234 000 төгрөг, нийт 634 000 төгрөг нэхэмжилж байгаагаас хариуцагч үндсэн зээл 364 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд “...зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй учраас хүү төлөхгүй” гэсэн тайлбар гаргасан.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зээлдүүлэгч Г.Энхцэцэг зээлдэгч Н.Нарантуяагийн Хаан банкны 5094563604 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 30-нд 442 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-нд 300 000 төгрөг нийт 742 000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нарантуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 05-нд надаас 400 000 төгрөгийг 12 хувийн 1 сарын хугацаатай зээлдсэн” гэж дурьдсан боловч тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 05-нд биш харин 2015 оны 08 дугаар сарын 30-нд 442 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-нд 300 000 төгрөг нийт 742 000 хариуцагчид шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчид мөнгө шилжүүлсэн хугацаагаа буруу тодорхойлсон боловч 2015 оны 08 дугаар сарын 30-нд 442 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-нд 300 000 төгрөг нийт 742 000 төгрөг өөрийнх нь дансанд орсон болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
Хариуцагч шүүх хуралдаанд “...Г.Энхцэцэгийн дансны хуулгаас үзэхэд надад 2015 оны 08 дугаар сарын 30-нд 442 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-нд 300 000 төгрөг нийт 742 000 төгрөг шилжүүлсэн байна.Үүнээс би өөрийн өгсөн 336 000 төгрөгийг хасна.Нэхэмжлэгч надаас 742 000 биш 700 000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа учраас үлдэх 364 000 төгрөгийг төлнө” гэсэн тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Зохигчдын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учраас нэхэмжлэгч хариуцагчаас хүү шаардах эрхгүй.
Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 700 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 336 000 төгрөгийг хасаж үлдэх 364 000 төгрөгийг хариуцагч Н.Нарантуяагаас гаргаж нэхэмжлэгч Г.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 11 570 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Нарантуяагаас 364 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА