Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Н.Т,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч Б.У /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.У холбогдох эрүүгийн 1802002271003 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Б.У

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Авлигатай тэмцэх газрын байранд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би 2 000 000 төгрөгийг Ц.Ганхүү даргад өгсөн юм. Ажилд орохын тулд түүнд өгсөн...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч /хх-ийн 105-106/, гэрч /хх-ийн 109-110/, яллагдагч Б.У /хх-ийн 119-120, 113-117/ нарын  өгсөн мэдүүлэгүүд, шүүгдэгч Б.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.У нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Авлигатай тэмцэх газрын байранд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би 2 000 000 төгрөгийг Ц.Ганхүү даргад өгсөн юм. Ажилд орохын тулд түүнд өгсөн...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Х нь манай Сонгинохайрхан дүүргийн Жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа удаа дараа хуурамч бичиг баримт үйлдэж, диплом, олон улсын хэмжээний мастерын үнэмлэх хуурамч, Самбо бөхийн холбооны бичгийг хуурамчаар бичээд ажил таслаад алга болсон зэрэг зөрчлүүд гаргаад байхаар нь би Монгол Улсын Их сургуулийн Биеийн тамирын анги төгссөн эсэхийг, мөн Архивын Ерөнхий газраас Боловсролын яамнаас, Мэргэжлийн хяналтын газруудаас лавлагаа авч шалгуулахад бүгд хуурамч байсан юм. Тэгэхээр нь би Б.Х ыг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөөд шүүх дээр өөрөө ОУХМ, диплом зэргийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир ажлаас халсан юм. Тэгээд одоо надад өс хонзон санаад байдаг юмуу намайг одоо шалгуулахгүй газар гэж алга байна. Энэ хэргээр 2 хүнээс авлига авч ажилд авсан гэж худлаа гомдол гаргаад явж байна. Харин Б.У нь яагаад авлига авсан гээд байгааг ёстой мэдэхгүй байна.  Би ойлгохдоо ажлаас халагдсан хүмүүс л хоорондоо үгсэн тохиролцоод намайг гүтгээд байх шиг байна. Б.Х ын өргөдлөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт. Нийслэлийн засаг даргын тамгын газарт, мэргэжлийн хяналтанд, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албанд намайг өгч шалгуулсан боловч манай хороо болон миний хувьд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, яг одоогийн байдлаар Нийслэлийн засаг даргын тамгын газрын ёс зүйн хороонд гомдол гаргасан одоо шалгаж байгаа шийд нь гараагүй байна. Авлигатай тэмцэх газрын хэрэг нь бол танай дээр ирсэн байна, бусад байгууллагууд шийдвэрээ гаргаад буруутайг тогтоосон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/,

 

Гэрч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд үзэж харсан зүйл байхгүй. Б.У би утсаар яриад чи Г даргад мөнгө өгч ажилд орсон юмуу гэж асуухад тиймээ би 2,5 сая төгрөгийг өгч ажилд орсон ш дээ гэж хэлж байсан тэгээд манай нөхөр Х Авлигатай тэмцэх газарт өргөдөл бичиж өгсөн... Х г Авлигатай тэмцэх газар өргөдөл өгөхөөс өмнө Б.У утсаар ярья мөнгө өгч ажилд орсон талаар асуусан юм, харилцаа муутай байдлыг нь ашиглан худлаа мэдүүлэг өгчих гэж ятгасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/,

 

Яллагдагч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ер нь бол хувийн асуудлуудаас болж Ц.Г даргатай би харилцаа муутай байсан учраас бусдын ятгалганд орж 2 сая төгрөг өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Би анх Авлигатай тэмцэх газар очиж байцаалт өгснийхөө дараа 3 хоногийн дараа мэдүүлэг өгсөн байцаагчтай уулзаж би худал мэдүүлэг өгсөн мэдүүлгээ буцаая гэсэн боловч тухайн үед байцаагч намайг гадны дарамтанд өртсөн гэж бодоод мэдүүлэг аваагүй ба дараа нь буцаагаад дуудна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.У бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Б.У торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 450 нэгж буюу 450 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.У хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Б.У тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.У худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.РЕНЧЕНХОРОЛ