Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******-ний өдөр *******од төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, *******,*******, *******, *******, тоотод оршин суух, овгийн ийн /РД:/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч -ны өдөр суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, *******, , , тоотод оршин суух, овгийн ийн /РД:/-т холбогдуулан

2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.500.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүүгүй зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргээс биелүүлээгүй үүрэг 1.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш. болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ш. хариуцагч Г.т 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 100 хоногийн хугацаатай зээлдүүлсэн.

Хариуцагч Г. өдөр бүр 32.500 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан боловч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй. Иймд хариуцагч Г.тэй 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн ба тэрээр үндсэн зээл 1.000.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр баталгаа бичиж өгсөн.

Хариуцагч Г. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн төлбөрөөс урьдчилан бэлнээр 162.500 төгрөг, сүүлийн сард төлөх 5 хоногийн 162.500 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд дансаар нийт 1.397.500 төгрөг төлсөн учир уг баримтын хувьд маргаан байхгүй. Харин Г. надтай хамт ажилдаг н.ийн барааг зарж 235.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн атлаа зээлийн төлбөрөөс хасч тооцож байгааг зөвшөөрөхгүй. Мөн Г.ээс мөнгөө шаардаж гэрт нь удаа дараа очиж байсан тул тэрээр 30.000 төгрөг, 20.000 төгрөгийг унааны зардал гэж дансаар шилжүүлэн өгсөн.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг хариуцагч Г.ээс гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгийн талаар шаардлага гаргахгүй гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгч Ш.тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2.500.000 төгрөг авсан. Тухайн өдөр Ш. надаас өдөр бүрт төлөх зээлийн эргэн төлөлт 32.500 төгрөгийг 10 хоногоор тооцон урьдчилан авсан.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.д өдөр бүр 32.500 төгрөгийг 37 хоног өгсөн тул нийт 1.202.500 төгрөг, Ш., н. нарын дансаар төлсөн мөнгөтэй нийлээд нийт 3.130.000 төгрөг өгсөн тооцоо байна. Би тухайн үед барааны лангуу ажлуулж байсан ч н.ээс ямар ч бараа авч зараагүй. Иймд н.ийн дансаар шилжүүлсэн 235.000 төгрөг, Ш.гийн данс руу шилжүүлсэн 30.000, 20.000 төгрөг бол зээлийн төлбөр. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш. хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөг өгсөн талаар маргаагүй. Харин зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэх талаар маргаж мэтгэлцсэн болно.

Шүүх нэхэмжлэгч Ш.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.091.250 төгрөгийг хангаж, үлдэх 408.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш. нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулан өгөх, хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүргийг хүлээдэг болно.

Шүүх хэргийн үйл баримтыг үнэлвэл: нэхэмжлэгч Ш. хариуцагч Г.тэй 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүүгүй зээлдүүлсэн. Мөн талууд зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож, нэмэлт үүргийг хариуцагч Г. хүлээсэн байна. /хх-3/

Хариуцагч Г. зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.500.000 төгрөгөөс 1.772.500 төгрөгийг биелүүлсэн болох нь зохигчдын маргаагүй баримт болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.гийн эзэмшил ХААН банкан дахь тоот данс руу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 50.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 50.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын баримт, ХААН банкан дахь тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 32.500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 32.500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 32.500 төгрөг нийт 97.500 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын баримт, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 325.000 төгрөгийг Ш.д бэлнээр өгч гарын үсэг зуруулсан баримтаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. хариуцагч Г.ээс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 30.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 20.000 төгрөгийг унааны зардалд өгсөн гэж тайлбарласан тайлбараа баримтаар нотлоогүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

Харин хариуцагч Г. н.ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй болохоо баримтаар нотлоогүй тул н.ийн эзэмшил ХААН банкан дахь тоот данс руу шилжүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 45.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 50.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 60.000 төгрөг, нийт 235.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлт гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.д 32.500 төгрөгийг өдөр бүр буюу 37 хонгийн нийт 1.202.500 төгрөг өгсөн гэж байгаа ч өөрийнх нь хөтөлсөн баримтан дээр мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байхаас гадна уг мөнгийг өгсөнөө өөр бусад баримтаар давхар нотолж нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй. 

Иймд зохигчдын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш. хариуцагч Г.ээс үндсэн зээлээс биелүүлээгүй үүрэг 727.500 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч Ш. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Г.т үндсэн зээлийн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 103 хоног хэтрүүлсэн тул Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн  232.1, 232.6., гэрээний 3-т “зээлдэгч нь зээлээ эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу хариуцагч Г.ээс нэмэлт үүрэг шаардах эрх үүсч байна. Иймд хариуцагч Г. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 727.500 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй 363.750 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч Ш.д төлөх үүрэг хүлээж байна.

Шүүх хариуцагч Г.ээс 1.091.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 408.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 1.091.250 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 30.740 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Ш.д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116., 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч овгийн ийн ээс 1.091.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч овгийн ийн д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 408.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ш.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 1.091.250 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж  30.740 /гучин мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                З.ТҮВШИНТӨГС