Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00893

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр                Дугаар 142/ШШ2016/00893                           Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1955 онд төрсөн, 61 настай, эмэгтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар баг тахилтын 04 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух Элжгэн овгийн Сүхцэрэнгийн Дамдиндуламын /регистрийн дугаар ХЛ55122501/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-23-125 тоотод оршин суух Боржигон овгийн Гэндэнгийн Ганхашид /регистрийн дугаар УЖ67121207/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 8 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Г.Ганхаш, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Дамдиндулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Дамдиндулам Г.Ганхаш нар нь нэгэнтэйгээ уулзаж байгаагүй танихгүй хүмүүс юм. Харин Г.Ганхашийн ах Г.Ганхүрэл нь Дархан хотод С.Дамдиндуламын дүү С.Долгорсүрэнтэй нэг хэсэг хугацаанд хамт амьдарч байсан болохоор сургаар мэдэх юм байна.Гэтэл 2014 оны зунаас Г.Ганхүрэл нь С.Дамдиндулам руу “Та манай дүүд зээлийн орон сууцтай болох, 30 хувийн урьдчилгаа төлөхөд туслаач” гэж хүсэж байсан ба түүнээс хойш удалгүй Г.Ганхаш нь С.Дамдиндулам руу холбогдож “Г.Ганхүрэл тан руу ярьсан гэсэн, би хүн амьтнаас мөнгө зээлэх гэхээр өндөр хүүтэй болохоор хэцүү байна, танд л найдаж байна, та мөнгө зээлээч байрны асуудал тулгамдаад боломж алдах гээд байна, байрны зээл гарахаар таны мөнгийг шууд өгнө” гэж олон дахин утасдаж итгэл төрүүлсэн тул С.Дамдиндулам нь Г.Ганхашийн өгсөн ХААН банкин дахь 5091089689 тоот дансанд 2014 оны 9 дүгээр сарын 21-нд 5 000 000 /таван сая/ төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд 2 000 000 /хоёр сая/ төгрөг, 2014 оны 12 сарын 03-нд 1 300 000 / нэг сая гурван зуун мянган / төгрөг нийтдээ 8 300 000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Г.Ганхаш амласан ёсоор орон сууцны зээл аваад мөнгийг төдхөн буцаагаад өгнө гэсэн нь биелэгдэхгүй болохоор 2015 он гараад шаардахад цагаан сарын дараа, зун намрын дулааны цагт амжуулна гэснээр 2015 он дууссан байна.  Иймд Г.Ганхашаас 8 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Ганхаш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Ганхаш миний бие нь энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ мөнгийг би төлөх үндэслэлгүй. Миний төрсөн ах болох Г.Ганхүрэл болон хамтран амьдрагч С.Долгорсүрэн нар төлөх ёстой. Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нар нь хамтран амьдарч байхдаа миний хашаа байшинг худалдан авахаар болж С.Долгорсүрэн нь өөрийн төрсөн эгч С.Дамдиндуламаас 8 300 000 төгрөг зээлж мөнгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нар нь тусдаа амьдарч байгаа. Ямар шалтгаанаар тусдаа амьдрах болсныг мэдэхгүй. Би тусдаа амьдарч байгаа. Би С.Дамдиндулам гэдэг хүнийг танихгүй. Энэ хүнээс мөгө зээлэх ямар ч шалтгаан байгаагүй. Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нарыг тусдаа амьдрах болсноос хойш зээлийн мөнгийг миний данс руу шилжүүлсэн гэх үндэслэлээр надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Миний хувьд Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нарт хашаа байшингаа зарсан. Хашаа байшин зарсан мөнгөө байр авахдаа зориулсан. Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нар нь хэнээс мөнгө авч надад төлбөрийг төлсөн нь надад ямар ч хамаа байхгүй. Одоо тэр зарсан хашаанд би амьдардаггүй. Г.Ганхүрэл С.Долгорсүрэнтэй 9 жил цуг амьдарсан. Анх танилцаж суухад С.Долгорсүрэн нь 5 хүүхэдтэй эрхэлсэн ажилгүй эмэгтэй байсан. Мөн хүүхдүүд нь оюутан, ерөнхий боловсролын сургуульд сурдаг, 1 хүүхэд нь группд байдаг байсан. Цуг амьдрах хугацаанд Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нар Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудаар хувиараа алт олборлож ажил амьдралаа залгуулж ирсэн. Одоо 3 хүүхэд нь сургуулиа төгсөж, ажилтай болж Долгорсүрэн өөрийн гэсэн хашаатай, байшингийн торхтой болж, 2015 онд тэтгэвэртээ гарсан. Одоо нэгэнт тусдаа амьдарч байгаа учраас ах Ганхүрэл нь хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгөнөөс өөрт оногдох хувь мөн бусад байдлаар С.Долгорсүрэнд өгч байсан эд хөрөнгөө нэхэмжилж Дархан-Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч С.Дамдиндулам нь өөрийн төрсөн дүү С.Долгорсүрэн болон Г.Ганхүрэл нараас зээлийн 8 300 000 төгрөгөө нэхэмжлэх нь зүйтэй. Үүнийг би хариуцахгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Дамдиндулам хариуцагч Г.Ганхашийн Хаан банкны дансанд нийт 8 300 000 төгрөг шилжүүлсэн баримтаа үндэслэн хариуцагчаас 8 300 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч С.Дамдиндуламаас Г.Ганхүрэл “...манай дүү Г.Ганхаш орон сууцны зээл авах гэтэл урьдчилгаа 30 хувь төлөх шаардлагатай байна.Таньд орон сууцны зээл авахаараа буцаагаад төлнө” гэж гуйсны дагуу тэрээр Г.Ганхашийн Хаан банкны 5091089689 тоот данс руу 2014 оны 9 дүгээр сарын 21-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд 2 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 03-нд 1 300 000 төгрөг нийтдээ 8 300 000 төгрөг шилжүүлсэн байдаг.Г.Ганхаш нь орон сууцны зээлээ авсан боловч С.Дамдиндуламаас авсан мөнгөө буцааж өгөхгүй байгаа учраас Г.Ганхашаас 8 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч шүүх хуралдаанд “...энэ мөнгийг миний төрсөн ах болох Г.Ганхүрэл болон түүний хамтран амьдрагч С.Долгорсүрэн нар төлөх ёстой. Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нар нь хамтран амьдарч байхдаа миний хашаа байшинг худалдан авахаар болж С.Долгорсүрэн нь өөрийн төрсөн эгч С.Дамдиндуламаас 8 300 000 төгрөг зээлж мөнгийг миний данс руу шилжүүлсэн. Надад С.Дамдиндуламаас мөнгө зээлэх ямар ч шалтгаан байгаагүй” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.Үндэслэл нь Иргэний хуулийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч С.Дамдиндулам нь хариуцагч Г.Ганхашийн Хаан банкны 5091089689 тоот данс руу 2014 оны 9 дүгээр сарын 21-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд 2 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 03-нд 1 300 000 төгрөг нийтдээ 8 300 000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын хэн алиных нь депозит дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч С.Дамдиндуламаас 8 300 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хариуцагч “...би Г.Ганхүрэл С.Долгорсүрэн нарт хашаа байшин зарсан. С.Долгорсүрэн нь өөрийн төрсөн эгч С.Дамдиндуламаас 8 300 000 төгрөг зээлж надаас авсан байшингийнхаа мөнгийг надад төлсөн. Түүнээс биш би С.Дамдиндуламаас 8 300 000 төгрөг зээлээгүй” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч тэрээр дээрхи тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн С.Дамдиндулам С.Долгорсүрэн нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 8 300 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Дамдиндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 147 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхашаас 147 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Г.Ганхашаас 8 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дамдиндуламд олгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дамдиндуламаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхашаас 147 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дамдиндуламд  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА