Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2016/01919/И |
Дугаар | 001/ХТ2017/01223 |
Огноо | 2017-10-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/01223
З.Т, Ч.М нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00732 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1304 дүгээр магадлалтай,
З.Т, Ч.М нарын нэхэмжлэлтэй,
Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдох,
ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч З.Т, Ч.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Солонго, Б.Мөнхбат, Ц.Ариунзул, Д.Эрдэнэцогт, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч З.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй, өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн чармайн ажиллаж ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдаад байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тухайн бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн байх бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа. “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх, 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал болно. Бид нарыг гарсны дараа Захиргааны удирдлагын газарт шилжүүлсэн тушаалыг нөхөж хийсэн байдаг. 2016 оны А/728 тоот тушаалаар ИНЕГ-ын орон тоог шинэчлэн баталсан. А/174 тушаалын доод талд дугаарлагч байдаг энэ нь 081992 гэсэн байхад сүүлд дахин энэ тушаалыг нөхөн гаргасан гэдэг нь харагдаж байна 081994 гэж нөхөж гаргасан байна. 2016 оны 07 дугаар сарын 27-ны 04 тоот тогтоолоор 106 орон тоотойгоор баталсан. Иймд намайг дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 9.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, нэрийг нь агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болгон сольсноос өөр өөрчлөлтгүй, миний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа. “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42.1-т заасан заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал болно. Иймд миний эрхэлж байсан одоо шинэчлэгдсэн нэрээр Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны олговор 8.894.470 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү тушаалыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаал гарч тус газрын орон тоог баталж, тушаалын 2 дахь хэсэгт “тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газар Т. Батжаргалд үүрэг болгож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/729 дүгээр тушаалаар “Бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч нарыг Захиргаа, удирдлагын дарга хүлээн авч “ажлын санал” тавихаар тус газрын менежер Д.Ариунтуяагаар З.Т, Ч.М нарыг дуудуулсан боловч тэд Захиргаа, удирдлагын даргатай уулзахаас татгалзсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 36 минутад нэхэмжлэгч З.Т , 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 25 минутад нэхэмжлэгч Ч.М нарт тус тус мэдэгдэх хуудсыг нь гардуулсан. Тиймээс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, мөн Ч.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 12-ны Б/235 дугаар тушаалаар цуцалж 6 сарын дундаж сарын хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус олгосон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00732 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар З.Т г Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын даргын ажилд, Ч.М г Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 9.000.000 төгрөг гаргуулан З.Т д, мөн 8.894.470 төгрөг гаргуулан Ч.М д тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 247.423 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1304 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1183/ШШ2017/00732 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1304 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал нь “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, хэрэгт байгаа нотлох баримтыг нэг бүрчлэн дүгнэж үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс шалтгаалан шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа болно. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байдаг. Энэхүү тушаалыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаал гарч тус газрын орон тоог баталж, тушаалын 2 дахь хэсэгт “тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газарт үүрэг болгож 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/729 дүгээр тушаалаар “Бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлж, захиргаа удирдлагын газрын мэдэлд байх үеийн нь ажлын цагийн ирцийг нь бүртгэхгүйгээр цалинг нь бүтнээр нь олгосон. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар З.Т тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 12.040.000 төгрөг олгосон, Мөн Ч.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 12-ны Б/235 дугаар тушаалаар цуцалж 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид мөн 12.000.000 төгрөгийг тус бүр олгосон болно. Энэхүү тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нарыг ажиллуулах ажлын байр нь Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд байхгүй, зурагдаагүй тул цаашид эдгээр ажилтнуудыг хаана, ажиллуулах эсэхээ шийдвэрлэхийн тулд түр чөлөөлсөн байдаг. Гэтэл шүүх ийнхүү түр чөлөөлсөн асуудлыг хөдөлмөрийн гэрээ цуцлах зохицуулалттай адилтган үзэж дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нарын гомдол гаргаагүй 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалуудыг хуульд нийцээгүй гэж үзсэн. Хариуцагч нар хуулийн хугацаанд гардан аваад, тушаалд дурдсан тэтгэмжийг аваад хүлээн зөвшөөрөөд хөдөлмөрийн гэрээ цуцалсан асуудалд нь гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нар нь хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хэдэн төгрөгөөр тооцсон тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй.
Иймд хэргийг бүхэлд нь дахин хянаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч З.Т нь ИНЕГ-ын Дотоод аудитын албаны даргын, Ч.М нь Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсч, нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны олговор болон урамшуулалд З.Т 9.000.000 төгрөг, Ч.М 8.894.470 төгрөг тус тус нэхэмжилжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “...тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр шилжүүлсэн, тус газрын дарга тохирох ажлын байраар хангах, мэдэгдэх хуудас гардуулахаар дуудуулахад нэхэмжлэгч нар уулзахаас татгалзсан, ...өдөр мэдэгдэх хуудсыг гардуулж, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгосон...” гэжээ.
ИНЕГ-ын дарга 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/174, Б/175 дугаар тушаал гаргаж, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, томилохдоо Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.5, 8.4, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаал, ИНЕГ-ын даргын 2016 оны А/728 дугаар тушаалыг үндэслэл болгожээ /хэргийн 143-157 дугаар тал/.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн 70, ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/728 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтцийг 2 алба, 5 хэлтэс, нийт 100 орон тоотой байхаар баталсан байх ба 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/729 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан хавсралтад дурдсан нэр бүхий ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр шилжүүлсний дотор нэхэмжлэгч нар багтжээ.
ИНЕГ-ын дарга 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Б/235, Б/236 дугаар тушаал гаргаж, Ч.М , З.Т нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 36, 86-87, 90-96 дугаар тал/.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Б/174 дүгээр тушаал гэж тодорхойлсон хэдий ч тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг тушаалаар бус харин 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалаар цуцалсан байгааг шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч З.Т гийн ажиллаж байсан хууль эрх зүйн газар, Ч.М гийн ажиллаж байсан Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын ажлын байр шинэ бүтцэд байхгүй байхад шүүх тэдгээрийг уг ажилд эгүүлэн тогтоосон нь учир дутагдалтай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бол ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг орон тоо цөөрүүлэх гэнэ. Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ажлын байр хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл бүтцийг шинээр батлахаас өмнө ИНЕГ нийт хэдэн орон тоотой байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгч нар урамшуулалд 500.000 төгрөг нэхэмжилсэн, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.
Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00732 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1304 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ