Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Болорцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

ялтан Д.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201625022552 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүмбэр овогт Доржсайханы Болорцэцэг, 1990 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Туулын 13-14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УБ90071700/;

            Д.Болорцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим 5225 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, иргэн Д.Энхбаатарыг илтэд үл хүндэтгэн “арын суудал дээр чинь пиво асгачихсан зүгээр биз дээ, шалдан банди минь яасан гэж ярвайгаад байгаа юм” гэх зэргээр хэлж, түүнийг тээврийн хэрэгслээ жолоодоод хөдлөх үед “намайг мөргөх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, өөрийн үйлдэлдээ хүч оруулахаар пивоны шил, чулуу зэргийг зэвсгийн чанартай хэрэглэж, нүүрэн тус газарт нь цохиж, хүзүүн тус газарт нь хумсаараа маажсаны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Болорцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Болорцэцэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Болорцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Болорцэцэгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Болорцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Болорцэцэгийн хүү Б.Энхрийшагайг Д.Болорсайханы асрамжид үлдээж, Д.Болорсайхан нь шаардлагатай гэж үзвэл асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга тамгын газарт хандаж шийдвэрлүүлэхийг дурдаж, Д.Болорцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Болорцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 6 настай хүүтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би хохирогчийг маажсан нь үнэн. Би танхайрч хохирогч Д.Энхбаатарт хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж, өөрийн бусдад учруулсан гэм хорын уршгийг ойлгож байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Энхбаатар нь намайг гүтгэж, худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Би 2016 оны 10 дугаар сарын 4-ний шөнө найз охинтойгоо хамт модны хоёрын пабад суугаад 1-2 шил пиво уусан. Гараад таксинд суухдаа, би бүтэн шил пиво бариад суусан. Хүнсний 4 дүгээр дэлгүүр орох замдаа өвөр дээрээ цалгиулж асгасан. Тэгээд би жолоочоос уучлалт гуйсан. Таксинаас буух гээд цүнхнээсээ мөнгө гаргаж байхад найз охин маань шилтэй пивоо бариад буусан. Жолооч 4,000 төгрөг гарсан гэхэд, би яагаад ийм их мөнгө гардаг юм бэ, 3,000 төгрөг гарах ёстой гэж маргасан. Би зүүн талын хаалгаар гараад таксины хойгуур тойроод гарах гэтэл жолооч ухрах хөдөлгөөн хийнгээ миний зүүн хөлийг шүргэсэн. Би машины арын багажны хавьцаа гараараа 2 удаа цохиж, хөөе ард чинь хүн байна гэж хашгирсан. Жолооч маш ууртай гарч ирээд миний хөлийн шуу руу өшиглөхөд би хойшоо савж унасан. Би баруун гартаа цоо шинэ Нөүт 3 загварын утас барьж байсан нь унаж хагарсан, мөн барьж явсан цүнх унаж асгарсан. Жолооч миний дээр гарч суугаад муухай хашгирч, элдвээр доромжлон, нүүр, уруул хавьцаа гараараа цохисон. Манай найз охин С.Мөнхжаргал сандарч болиоч ээ, чи яах гэж эмэгтэй хүн дээрлэхээд байгаа юм бэ, цагдаа дуудлаа гээд хажуугийн хоёр давхар барилга руу орсон. Тэр хооронд би түүнийг дээрээс босооч гэхэд босохгүй байсан. Миний дагз хавдаж томбойсон. Гол маргаан ингэж эхэлсэн. Би түүний дух, зүүн хацрын төвгөр лүү бөгжтэй гараараа цохисноос дух, зүүн хацрын төвгөр, зүүн нүдний зовхи зэрэг нь өнгөц шалбарсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр илэрсэн. Мөн хохирогч Д.Энхбаатарын найз П.Амарсанаа нь хэргийн газрын байдлыг гэрчлэхдээ “манай найз машиныхаа ослын гэрлийг асаачихсан хажууд нь нэг үл таних эмэгтэйн хоёр гарыг бариад дээр нь гараад суусан байсан. Газарт чулуу, пиво байсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрч П.Амарсанаа гэрчлэхдээ шилтэй пиво газарт байгааг хэлсэн. Хэрэв би тэр пивоор хохирогчийг цохисон бол пиво асгарч, шил хагарах байсан. Би хохирогчийг пивоны шилээр цохих боломж ч болоогүй, тэр миний хөл рүү өшиглөж унагаад дээр суусан. Үүнийг найз С.Мөнхжаргал харж байсан. Гэвч С.Мөнхжаргалыг шүүх хуралдаанд гэрчээр оруулаагүй. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч зөвхөн намайг буруутгаж, яллах талыг барьж ажилласан. Хохирогчийн мэдүүлгийг үнэн гэж нотлоод намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр зүйлчилсэнд гомдолтой байна. Мөн чулуугаар цохиогүй байхад чулуугаар цохисон гэж гүтгэн мэдүүлсэн. ...Автомашинаар ухрах хөдөлгөөн хийхдээ миний зүүн хөлийг шүргэж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлүүдийг шүүх авч хэлэлцсэнгүйд гомдолтой байна. Би одоо жирэмсэн, цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Жирэмсний хордлоготой, толгой, ар нуруугаар маш их өвддөг болсон. Монгол Улсын иргэн хэн боловч хуулийн дор тэгш эрх эдлэх тухай Үндсэн хуулийн заалт байдаг. Би Д.Энхбаатарт зодуулж биедээ гэмтэл авч, эд зүйлээ эвдүүлж хохирол амссандаа хуулийн хамгаалалт авч чадсангүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн эвдэрч, ашиглах боломжгүй болсон гар утасны төлбөр 700,000 төгрөгийг хохирогч гэх Д.Энхбаатараас гаргуулж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Болорцэцэгийн өмгөөлөгч Д.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь дүгнэлт хийж, уг хэрэг үйлдсэн шалтаг, шалтгааныг оновчтой зөв тогтоогоогүй байхад хэргийг буруу зүйлчилж, Д.Болорцэцэгт хорих ял оногдуулсан нь учир дутагдалтай байна. Хохирогч Д.Энхбаатар, шүүгдэгч нарын хооронд хэрэг маргаан гарах шалтгаан нь таксины төлбөрт илүү мөнгө нэхсэнээс болсон. Өөрөөр хэлбэл, 8,000 төгрөгийг 3, 4 км газарт явсны хөлсөнд нэхлээ гэснээс эхэлж, 5,000 төгрөг өгч машинаас буусны дараа Д.Болорцэцэгийн зүүн хөлийг хохирогч машинаа хөдөлгөхдөө шүргэсний улмаас тэдний хоорондын маргаан хурцдаж, хохирогч Д.Энхбаатар нь Д.Болорцэцэгийг хавсарч унагаан дээр нь сууж, нүүрэн тус газар нь цохисон зэрэг нөхцөл байдлууд үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн энэ үед шүүгдэгчийн гар утасны нүүр хагарч, гар цүнхэн доторх эд зүйл нь цацагдаж хаягдсан болох нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн тогтвортой мэдүүлгээр нотлогддог /хх-ийн 23, 50, 52/. Хэргийн зүйлчлэл буруу, харин хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн маргаан гэж үзэх үндэстэй байна. Хэргийн газарт дуудлагаар очсон цагдаа Цэрэнбат, Батсайхан нарын илтгэх хуудсанд пивоны шил болон чулууны талаар огт бичиж тэмдэглэгдээгүй /хх-ийн 7/. Мөн Цэрэнбатын гэрчээр өгсөн мэдүүлэгт энэ талаар дурдагдаагүй нь хохирогч Д.Энхбаатарын биед учирсан гэмтлийг Д.Болорцэцэг зэвсгийн чанартай зүйл болгон пивоны шил, чулуу зэргийг хэрэглэж учруулсан нь эргэлзээтэй байна. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 86 дугаар зүйлд заасныг хангаагүй. Эд мөрийн баримтыг хуульд заасан журмын дагуу хураагаагүй нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэх үндэслэл тогтоогдоогүй, ялангуяа хүнд гэмт хэргийн нотлох баримтыг мөрдөн байцаалтын явцад бэхжүүлж үнэлэх ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчилж Д.Болорцэцэгт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Болорцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Д.Энхбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа суудал дээр нь пиво асгасан бөгөөд “суудал дээр чинь пиво асгачихлаа зүгээр биз дээ. Хөөш дуугараач, юм асуугаад байгаа юм биш үү” гэж өдсөн байдаг. Энэ байдлыг хохирогч болон шүүгдэгч өөрөө мэдүүлдэг. Тухайн үед Д.Болорцэцэгтэй хамт Мөнхжаргал гэх хүн явж байсан бөгөөд тэрээр сэтгэцийн хөнгөн хэлбэрийн өвчтэй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болохыг эмчлэгч эмч нь хэлсэн. Хохирогчийн мэдүүлэг анхнаасаа тогтвортой байсан. Таксинд пиво асгаснаас эхлэн маргаан үүссэн, таксины мөнгө дутуу өгснийг хохирогч, шүүгдэгч нар аль аль нь мэдүүлдэг. Д.Болорцэцэг нь хохирогчийн биед зулгаралт, хумсаар үүсгэгдсэн гэмтэл зэрэг нийт 3 гэмтэл учруулсан. Эхний 2 гэмтлийн тухайд хүний гараар үүсгэгдэх боломжгүй гэдгийг шинжээч эмч хэлсэн. Д.Болорцэцэг машин руу өшиглөсөн бөгөөд Д.Энхбаатар бууж машинаа тонгойж харчихаад дээш харах үед Д.Болорцэцэг пивоны шилээр цохисон. Түүнийг дахиад цохих гэж далайхад нь үйлдлийг нь таслан зогсоож дарж унагасан.  Д.Болорцэцэг “Миний шээс хүрээд байна. Би одоо зүгээрээ” гэж хэлэхэд нь Д.Энхбаатар түүнийг босгоход чулуугаар цохисон байдаг. Уг үйлдэл нь шинжээч эмчийн “Д.Энхбаатарын биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг, дүгнэлтээр тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Д.Болорцэцэг “миний үйлдлийн улмаас энэ гэмтлүүд учирсан” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Болорцэцэгийн үйлдэл нотлогдсон. Хэрэг гарах үед Д.Болорцэцэгтэй хамт явсан Д.Мөнхжаргал нь сэтгэцийн өвчтэй бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Хохирогч Д.Энхбаатарын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...Төмөр замын эмнэлгийн 236,000 төгрөгийн баримт байгаа, духан дээрх сорвио арилгуулмаар байна...” гэх мэдүүлгээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал тогтоогдсонгүй.

            Анхан шатны шүүх “Д.Болорцэцэг нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн эсэх, түүний хувийн байдал, хохирогч Д.Энхбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн эсэхэд бүрэн гүйцэд дүгнэлт өгөлгүй” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэсэн гэж үзнэ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Болорцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийг дахин шийдвэрлүүлж байгаатай холбогдуулан ялтан Д.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Болорцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Д.Болорцэцэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ