Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 119

 

Л.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00386/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 610 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Л.М-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох 

          “Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын бичилтийг нөхөн хийлгэх тухай” иргэний хэргийг 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ы давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

 

Нэхэмжлэгч Л.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 16-ны өглөө Засаг даргын захирамжийг хүлээн авч комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Шийдвэрийг хууль бус гэж үзээд гарын үсэг зурахаас татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Засаг даргын захирамж нь ашиг сонирхлын үүднээс үндэслэлгүй гарсан учир нэхэмжлэл гаргаж байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт нь “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжинд нийцүүлэн захирамж гаргана” гэжээ. Харин Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргахдаа эрх хэмжээгээ зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт нь “Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэг”, “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч  цаашид  сунгагдахгүй    болсон” гэсэн   хуулийн    үндэслэл гаргасан   нь  Засаг  дарга захирлын хооронд байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл байхгүй. Аль нэг эрх бүхий байгууллага байцаагчийн шийдвэр гарч тогтоогдсон нотлох баримт байхгүй болно.  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 “Ажил олгогч санаачилсан” гэсэн заалт нь ажил олгогч Засаг дарга холбогдох хууль тогтоомжоо бүдүүлгээр зөрчсөн гэж тайлбарлахаас өөр хэлэх үг алга.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж халах үндэслэл гаргасан нь ямар ч нотлох баримт байхгүй өрөөсгөл юм. Төсвийн мөнгө хөрөнгө өмч бараа материал завшиж ашигласан асуудал байхгүй болно. Иймд хариуцагчаас гаргаж захирамж хууль бус эрх бүхий байгууллага, улсын байцаагчийн дүгнэлт баримт нотолгоогүй Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж өгөхийг хүсье. Засаг дарга А.******* 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №Б/14 захирамж нь Хөдөлмөрийн хууль болон мөн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг зүйл заалт бүрээр зөрчиж байгаа нь тодорхой байна. Үр дүнгийн гэрээ дүгнэх журам, шалгуур үзүүлэлтийн талаарх гомдлоо комиссын дарга Б.*******, Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.*******, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.******* нарт өгсөн ч хуулийн хугацаанд ямар ч хариу ирүүлээгүй.  Иймд Хүүхдийн номын ордны захирлаар ажиллаж байсан Л.М-ын нэхэмжлэлийг хянан үзэж буруутай этгээдээр иргэн улсад учирсан хохирлыг нөхөн барагдуулж Засаг дарга А.******* хууль бус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нар, агентлагийн дарга, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг ажил бүрийн эхний улиралд багтаан байгуулж оны эцэст дүгнэдэг. 2015 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэх ажлыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд явуулсан. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн. Үнэлгээг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг болон аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус тус хийсэн. Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Аймгийн Засаг даргатай 2015 онд Үр дүнгийн гэрээ байгуулсан төсвийн шууд захирагч нарын гэрээний хэрэгжилтийг дүгнэж хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.*******эр ахлуулан нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас хийсэн урьдчилсан үнэлгээгээр Хүүхдийн номын ордон 70 оноогоор, ажлын хэсгийн бүрэлдэхүүний үнэлгээгээр 48 оноо авсан. Дээрх 2 үнэлгээний дунджаар 59 оноо авсан. Хангалтгүй үнэлгээ авсан тул ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүлйин 37.1.3 “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон, 38 дугаар зүйлийн 38.1.2 “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан. Аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 610 дугаар шийдвэрээр:

          Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Л.М-ыг Хүүхдийн номын ордны захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1,707,426 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Л.М-т олгож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Л.М-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 112,869 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.     

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- давж заалдсан гомдолдоо:

 Аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нар, агентлагийн дарга, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг жил бүрийн эхний улиралд багтаан байгуулж оны эцэст дүгнэдэг. Аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас хийсэн урьдчилсан үнэлгээгээр Хүүхдийн номын ордон 70 оноо, ажлын хэсгийн бүрэлдэхүүний үнэлгээгээр 48 оноо авсан. Дээрх 2 үнэлгээний дунджаар 59 оноо авсан.            Хангалтгүй үнэлгээ авсан тул ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас халсан.    Анхан шатны шүүх хэрэг маргааныг үндэслэлгүй нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Л.М- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1.560.654 төгрөг нэхэмжилсэн байхад 1.707.426 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэж бүрэн эрхээ хэтрүүлсэн.         Иймд анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Л.М- болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

            Өмнөх жилүүдэд удирдах ажилтнуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг зөвхөн ЗДТГ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг бие даан дүгнэж ирсэн. Гэтэл 2015 оны төсвийн шууд захирагчийн ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг дүгнэхдээ надад Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг 70 оноо, Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 48 оноо  тус тусдаа өөрөөр үнэлж, дунджаар  59 оноо өгч хангалтгүй гэж үнэлэн ажлаас халах үндэслэл болгосон. Энэ нь Засаг дарга А.******* өөрт таалагдахгүй удирдах ажилтнуудыг зайлуулах санаархлаа хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

            Үр дүнгийн гэрээ дүгнэх журам, шалгуур үзүүлэлтийн талаарх санал гомдлоо Комиссын дарга Б.*******, Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Д.*******, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.******* нарт удаа дараа хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд ямар нэгэн хариу ирүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Шүүхийн шатанд маргаантай байгаа ажлын байранд зориудаар сонгон шалгаруулалт зарлаж хууль зөрчсөн. Үр дүнгийн гэрээний үнэлгээ, ажил хүлээлцэх асуудлыг хууль бус гэж үзээд гарын үсэг зураагүй байгаа.          Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргахдаа эрх хэмжээгээ зөрчсөн, зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэсэн. Мөн төсвийн мөнгө хөрөнгө, өмч бараа материал завшиж, ашигласан асуудал байхгүй байхад 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэснийг буруу гэж үзэж байна.Иймд хариуцагчаас гаргаж байгаа гомдлыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.М- Дархан-Уул аймгийн засаг дарга А.*******од холбогдуулж, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б-14 тоот захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын бичилтийг нөхөн хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.М-ыг урьд эрхэлж байсан аймгийн хүүхдийн номын ордны захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.707.426 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг аймгийн засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- давж заалдсан гомдол гаргасан бөгөөд аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан тул ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас халсан. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн, ажилгүй байсан хугацааны цалин 1.560.654 төгрөг нэхэмжилсэн байхад шаардлагаас илүү мөнгө гаргуулж бүрэн эрхээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нтлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

 Ажил олгогч Дархан-Уул аймгийн Засаг дарга, ажилтан Л.М-тай Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордны захирлаар ажиллах хөдөлмөрийн хугацаагүй гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 02-ны байгуулжээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд ажиллаж байсан, ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байна.

Маргааны үндэслэл болох аймгийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б-14 тоот захирамжийн нэг үндэслэл болох хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэл энд хамаарахгүй гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий зөв байна.

Нэхэмжлэгч нь Аймгийн засаг даргатай 2015 онд ажиллах үр дүнгийн гэрээ байгуулсан, үр дүнгийн гэрээг аймгийн засаг даргын тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг 70 оноогоор, засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 48 оноогоор тус тус үнэлж, нийт онооны дундаж үнэлгээ 59 оноотой “хангалтгүй” гэж дүгнэгдсэн байна.

Нэхэмжлэгч Л.М- ажлын хэсгийн үнэлгээг эс зөвшөөрч холбогдох албан тушаалтан болон байгууллагад хэрхэн яаж үнэлсэн үнэлгээний үндэслэлийн талаар удаа дараа гомдол / х/х-ийн 39-46 хуудас/ гаргасан байх бөгөөд энэ талаар хариуцагч талаас ямар нэгэн хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.

Хүүхдийн номын ордны захирлын ажлын байрны тодорхойлолтыг / х/х-ийн 5,6 хуудас/ аймгийн Соёл спорт, аялал жуулчлалын газраас 2014 оны 02 дугаар сард баталсан бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан  ямар үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар тайлбарлаж чадаагүй болно.

Аймгийн засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-75, 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-286 дугаар захирамжуудаар / х/х-ийн 12, 49 хуудас / 2014, 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн нэхэмжлэгчид ур чадварын нэмэгдэл тус тус олгож байжээ.

Үндэсний Аудитын газрын харьяа Дархан-Уул аймгийн Аудитын газраас Хүүхдийн номын ордны үйл ажиллагаанд Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д зааснаар аудит хийж, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ,өмчийн өөрчлөлтийн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, баталсан заавар журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэж дүгнэж 2015 оны 03 дугаар сарын 17,2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Аудитын гэрчилгээ / х х-ийн 90, 91 хуудас/ олгогдсон байна.

Иймд аймгийн засаг даргын нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлд дурдсан  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”  гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Хэргийн 97, 98 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь сард 674.244 төгрөгийн үндсэн цалинтай бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2016 оны 02 дугаар сарын 13-наас 2016 оны 04 дүгээр сарын 12 хүртэл тооцож, 1.560.654 төгрөг нэхэмжилсэн байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж, 1.707.426 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 610 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтыг

         “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.707.426 төгрөгийг” гэснийг “1.560.654 төгрөг гаргуулж” гэж,  

4 дэх заалтын “112.869 төгрөг” гэснийг “110.120 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн тогтоох хэсгийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ            

                                    ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.АМАРСАНАА