| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00188/И |
| Дугаар | 134/ШШ2016/00069 |
| Огноо | 2016-05-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2016/00069
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Наранчимэг, шүүгч Б.Аминчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.Х нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Б.М холбогдох
Эрүүл мэндийн гэм хорын хохиролд 2 719 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С хариуцагч Б.Б хариуцагчийн өмгөөлөгч Э.М, иргэдийн төлөөлөгч Х.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.Х миний бие нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.М, Б.Б нарт зодуулж тархи толгой, бөөрөндөө гэмтэл авсан тул Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.М утсаар ярьж “бэлэн 2 000 000 төгрөг өгье, хоёулаа тохиролцоё, компанийн захирал О.Г ирсэн тохиолдолд тохирно” гэж утсаар ярихаар нь би эхнэр, захирлын хамтаар Улаанбаатар хотоос гарч Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын байранд очиж тэдэнтэй уулзсан. Мөн Б.М аав Батсүрэн манай захирал О.Г 4-5 удаа утсаар ярьж, “биечлэн уулзаж, П.Х талаар тохиролцоё” гэж санал тавьж байсан.
Ингээд би 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймагт ирж биечлэн уулзаад тохиролцоонд хүрээгүй. Иймд эмнэлгийн болон ажилгүй байсан хугацааны нийт 2 719 000 төгрөгийг Б.Б Б.М нараас нэхэмжилж байгаа тул миний гарсан хохирлыг барагдуулж өгнө үү. Уг 2 этгээд нь хохирлоо нөхөн төлөхөө шүүхэд бичгээр өгсөн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний ах П.Х нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Б Б.М арт зодуулсаны улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд эмнэлгийн болон ажилгүй байсан хугацааны цалин, замын зардал, урагдсан хувцасны үнэ, нийт 2 719 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн боловч замын зардал, урагдсан хувцасны үнийг нэхэмжлэхээс татгалзаж, одоо Гялс төвд шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэсэн зардал 366 100 төгрөг, Хужирт рашаан сувилалд сувилуулсан зардал 400 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 21-нээс 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 950 000 төгрөг, нийт 1 686 100 төгрөгийг Б.Б, Б.М нараас нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаартай “Хужирт рашаан сувилалд амарч сувилуулсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт хавтаст хэрэгт байгаа. Энэ тодорхойлолтыг хуурамч гэсэн баримт ирээгүй. Нийгмийн даатгал төлөөгүй учраас цалин байхгүй гэсэн зүйлийг хариуцагч тал ярьж байгаа боловч үүнийг суутгаж авах, авахгүй байх нь тухайн кампанийн асуудал юм. Мөн П.Х 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эмч үзээд хэвтэж эмчлүүл гэсэн тодорхойлолт эрүүл мэндийн карт дээр байдаг. Эдгээрээс үзэхэд П.Х нь тухайн гэмтлийн улмаас эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан учраас ажилдаа явж чадаагүй тул цалинг нэхэмжлэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б Б.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Б, Б.М бид нар П.Х шаардаж байгаа нийт 2 719 000 төгрөгийн хохирлын дүнг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй.
П.Х биед учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл бөгөөд эмчилгээ хийлгээгүй байхад өөрийн жирийн байдлаар 28 хоногийн дотор бүрэн эдгэрдэг гэмтэл юм. П.Х бичсэн нэхэмжлэлд дурдагдсан хохирол тооцооны талаар ямар нэг мэдэх зүйл алга байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу явж байхад П.Х сууж явсан машин эсрэг урсгалын шороон зам руу орж, манай аавын машиныг хөндлөн шахаж орж ирээд П.Х салаавч гаргасан. Тэгээд манай аав зогсоод над руу утсаар яриад зогсож байхад нь П.Х та нар ганц том машинтай юм уу? гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, машины буруу талын цонх руу том чулуу шидсэн. Тухайн үед зодолдсон зүйл байхгүй. Өөдөөс чулуу бариад дайраад байхаар нь би өөрийнхөө биеийг хамгаалж П.Х түлхсэн. П.Х согтуу байсан болохоор зам дээр хажуу талаараа унасан. Би тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч хэрэггүй, би гомдолгүй гэсэн боловч нэг сарын дараа над руу цагдаагаас мэдэгдсэн. Тэр үед миний шарх, сорви бүгд эдгэсэн байсан. Хавтаст хэрэгт он сарын хувьд зөрүүтэй баримтууд байгаа учраас Хужирт рашаан сувилалд хэвтсэн мөнгө болон цалинг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэгт авагдсан гэрч Д.О Л.Пагамсүрэн, Т.Ц нарын мэдүүлэгт П.Х нь манай рашаан сувилалд 2013-2014 онд амарсан, 2015 онд амраагүй. Энэ тухай бүртгэл баримт байхгүй гэж мэдүүлсэн ба холбогдох баримтыг гаргаж өгсөн байдаг. Мөн П.Х Хужирт рашаан сувилалын газар амарсан бол ямар өвчний улмаас амарсан, гэмтлийн улмаас амарсан уу, эсвэл өвчний улмаас амарсан уу гэдэг нь тодорхойгүй. Шинжээч эмчийн дүгнэлтээр П.Хүдэрчулуун нь бөөрний өвчтэй, даралт ихэсдэг, ургацаг элэгний өөрчлөлттэй, хүнд ужиг өвчтэй гэж дүгнэлт гарсан. Энэ шалтгааны улмаас өмнө нь 2013-2014 онд Хужирт рашаан сувилалд эмчилгээ хийлгэсэн гэж үзэж байна.
П.Хн нь “Ж ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан учраас 950 000 төгрөгийн цалин нэхэмжилж байна гэсэн. Үүний дагуу Нийгмийн даатгал болон Татварын хэлтсээс П.Х нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, “Ж” ХХК нь татварт тайлан өгдөг талаар шалгуулахад П.Х ойрын гурван жилийн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, мөн “Ж” ХХК татварт тайлан өгөөгүй байсан. Тус компани үйл ажиллагаа явуулдаг байсан бол татварт тайлан өгөх ёстой. Тэгэхээр “Ж” ХХК үйл ажиллагаа явуулаагүй юм чинь П.Хцалин олгох боломжгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа тохиолдолд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлж байх ёстой. Тийм учраас цалингийн 950 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
Харин гялс төвд үзүүлсэн төлбөрийг баримтаар нотлогдсон хэмжээнд төлөхийг зөвшөөрч байна гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч Б.Б, Б.М нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 719 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1 032 900 төгрөгөөр багасгаж, эмчилгээний зардалд 336 100 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин 950 000 төгрөг, Хужирт рашаан сувилалд сувилуулсаны зардал 400 000 төгрөг, нийт 1 686 100 төгрөг гаргуулахыг хүсчээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт үзүүлсэн төлбөрийг баримтаар нотлогдсон хэмжээнд төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Б.Б, Б.Мнар нь эцэг Ц.Бдоромжилсон гэх шалтгаанаар 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр, Лүнгийн овооны орчим нэхэмжлэгч П.Х бүлэглэн зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь Говьсүмбэр аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаар шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Уг шүүгчийн захирамжаар Б.Б Б.Мнарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид нэхэмжлэх хохирол төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн дараах байдлаар шийдвэрлэв.
1.Эмчилгээний зардал 336 100 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
П.Х нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бусдад зодуулсан боловч нотлох баримтаар 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эмчийн үзлэгийн төлбөр 30 000 төгрөгийн “Э ХХК-ийн кассын орлогын ордер гэсэн баримтыг хавсаргажээ. Энэ нь түүнд гэмтэл учрахаас өмнөх үеийн төлбөрийн баримт байх тул энэ төлбөрийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй.
Харин үзлэг, шинжилгээний төлбөрт 306 100 төгрөг төлсөн болох нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Гялс төвийн 7 000 төгрөг төлсөн тухай төлбөрийн баримт, үзлэгийн төлбөр 20 000 төгрөг төлсөн тухай орлогын ордерын тасалбар /хх-16/, “Нэвт шувт” ХХК-ийн орлогын ордерын тасалбар /хх-17/, CD 5 000 /хх-18/, head 75 000 гэсэн кассын орлогын ордер /хх-19/, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 54 100 төгрөг төлсөн тухай зарлагын баримт /хх-22/, Гялс анагаах ухааны төвийн 66 000 төгрөг төлсөн тухай төлбөрийн баримт /хх-23/, мөн төвийн 59 000 төгрөг төлсөн тухай баримт /хх-30/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эмчилгээний зардалд нэхэмжилсэн 336 100 төгрөгөөс 306 100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.
2.Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ажлаа хийж чадаагүй гэж 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сарын цалин 950 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
П.Х нь “МХХК-д инженерээр ажиллаж, сард 950 000 төгрөгийн цалин авдаг, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тул 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажлаа хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч О.Г мэдүүлэг, “Ж ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/1275 /хх-27/, 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/77-1 тоот албан бичиг /хх-26/, Б/3 тоот хөдөлмөрийн гэрээ, П.Х 2015 оны цалингийн хүснэгт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр “Ж ХХК болон П.Х нарын хооронд байгуулагдсан Б/3 тоот хөдөлмөрийн гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгэхээр заасан байгаа боловч гэрээг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан, техникийн алдаанаас ажил үүрэг гүйцэтгэх хугацааг буруу бичсэн, тус компани нь “МЭТИС Жи соундс” ХХК нэртэй хэдий ч олонд танигдсан “Жи соундс” ХХК нэрээр үйл ажиллагаа явуулдаг гэж гэрч тайлбарлаж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь “Ж ХХК-ийг үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй, татварт санхүүгийн болон татварын тайлан өгдөггүй, ажилчдын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй тул П.Х тус компанид ажилладаг нь нотлогдохгүй байна гэж цалин гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа боловч тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүйд нэхэмжлэгч П.Х буруугүй юм.
Ажил олгогч “Ж ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалинг П.Х бүтэн олгосон болох нь тус компанийн 2015 оны цалингийн хүснэгт, гэрч О.Г мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ хугацааны цалинг давхардуулан олгох үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин болох /цалингийн хүснэгтэд бичигдсэнээр 1 сарын ажиллавал зохих хугацааг 26 хоногоор тооцож, 950 000 : 26 = 36 538 төгрөг, 36 538 х ажилгүй байсан 15 хоног = 548 070 төгрөг/ 548 070 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнгээс 401 930 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3.Нэхэмжлэгч нь Хужирт рашаан сувилалд сувилуулсаны зардал 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, Хужирт рашаан сувилал ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 29 тоот /хх-21/, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 61 тоот албан бичгийг /хх-24/ нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Хужирт рашаан сувиллын хүлээн авахын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “П.Хүдэрчулуун нь 2015 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 20-ны хооронд Хужирт рашаан сувилалд амраагүй болно”, Хужирт рашаан сувиллын хүний нөөцийн менежер Т.Цогзолмаагийн “П.Хүдэрчулуун гэж хүнийг амраад гарсан тухай албан тоот алга” гэсэн мэдүүлэг, тус сувиллын цаг хуваарилагч Л.П “П.Х нь 2015 оны 05 дугаар сард амарсан мэдээлэл байхгүй байна”, үзлэгийн эмч Д.О “2015 оны үзлэгийн бүртгэл дээр П.Х нэр алга” гэх хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байх ба нотлох баримтууд зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар бодитой, эргэлзээгүй гэж үнэлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь Б.Б, Б.М нарт зодуулсанаас учирсан гэмтлийн улмаас Хужирт рашаан сувилалд сувилуулсан нь нотлогдохгүй, энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагаа өөр бусад баримтаар нотлоогүй тул 400 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Б, Б.М нар нь нэхэмжлэгч П.Х эрүүл мэндэд учруулсан гэм хор, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.М Б.Б нараас гэм хорын хохиролд 854 176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Х олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 831 924 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Б.М шүүх хуралдааны товыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар Б.М эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 25 050 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Б Б.М нараас 854 176 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Х олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 831 924 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25 050 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: Ц.НАРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ: Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ: Б.АМИНЧИМЭГ