| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00831/И |
| Дугаар | 00909 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00909
2016 оны 06 сарын 28 өдөр Дугаар 142/ШШ2016/00909 Орхон аймаг
Зохигчид эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгохтухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 40 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-38 тоотод оршин суух Оодон захар овгийн Гүррагчаагийн Мөнхтулгын /регистрийн дугаар ФБ75121535/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай эрэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1-97 тоотод оршин суух Хөх тогоруутан овгийн Лхагва-Очирын Отгонжаргалд /регистрийн дугаар ВД78092913/ холбогдох 4 924 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Отгонжаргал нь эхнэр Энхчимэгийн хамт ирж нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 310 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр, 12 дугаар сарын 17-ны өдөр нэмж 400 00 төгрөг зээлж аваад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөгийг хүү хэмээн өгсөн. Иймээс Отгонжаргалаас үнпсэн мөнгө 3710000 төгрөг, 150хоногийн хүү 1 414 000 төгрөг, нийт 5 124 000 төгрөг болсноос өгсөн 200 000 төгрөгийг нь хасаад 4 924 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Отгонжаргал Мөнхтулгаас 2010 онд мөнгө зээлж авсан. Тэр үед яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Авсан мөнгөн дээрээ бага багаар нэмж авсаар 3310000 төгрөг болсон. Энэ хугацаанд мөнгөнийхөө хүүг сар бүр төлдөг байсан. Сүүлд эхнэр Энхчимэг 400 000 төгрөг нэмж авсан. Энэ мөнгөний хүүг өгөөгүй. Иймд би их хэмжээний хүү төлж байсан учир нэхэмжилж байгаа 3310000 төгрөгийг багасгаж өгнө үү гэж хүсч байна. Сүүлд авсан 400 000 төгрөгөө төлнө. Надтай нэг хувь гэрээ хийдэг байсан тул надад гэрээний хувь байхгүй ” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ “Нэхэмжлэлийн шаардлага болох 4 924 000 төгрөгний 424 000 төгрөгнөөс татгалзаж, 4 500 00 төгрөг болгон бууруулсан. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ мөнгийг сар бүр 250 000 төгрөгөөр төлж байхаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь хариуцагч Л.Отгонжаргалаас 4 924 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 424 000 төгрөгнөөс татгалзаж 4 500 000 төгрөг болгосныг хариуцагч Л.Отгонжаргал төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг сар бүр 250 000 төгрөгөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Г.Мөнхтулгын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93734 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 43475 төгрөг, хариуцагчаас 43475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Мөнхтулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Отгонжаргалд холбогдох 4 924 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93734 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43475 төгрөг, төрийн сангаас 43475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА