Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Т.Ж,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч Э.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 1809038590905 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Э.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны урд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.М-ийн биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.М /хх-ийн 9/, яллагдагч Э.Б /хх-ийн 21-22/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10485 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/, шүүгдэгч Э.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны урд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.М-ийн биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ц.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө өөрийн танил Э.Б гэдэг залуутай тааралдаад нэг шил 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уучихаад хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 23 дугаар байрны гадаа явж байгаад зүс мэдэх Чинзо гэдэг залуутай таарсан юм. Чинзо тухайн үед бага зэрэг согтуу байдалтай, эмэгтэй хүний куртик зарна гээд явж байсан юм. Тэгэхээр нь би нэг шил архины 12 000 төгрөг өгөөд куртикийг нь худалдаж авсан. Тэгээд Э.Б миний худалдаж авсан куртикийг надаас авна гээд агсамнаж байгаад намайг түлхээд газар унагаагаад дээрээс гуталтай хөлөөрөө гуя гэдэс, нүүрний зүүн шанаа хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед Э.Б намайг түлхээд газар унагаахад нь би нүүрээрээ газар унасан ба дух баруун талын хөмсөг язарчихсан. Өшиглүүлэхэд зүүн талын гуяны дээд хэсэг, зүүн ташааны хэсэгт хөхөрсөн. Би эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Яллагдагч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М-г би “...наадах чинь эхнэрийнх нь куртик шүү дээ буцаагаад өгчих” гэтэл өгөхгүй гээд надтай маргалдсан. Тэгээд М намайг ална шүү гэх мэтээр хэлээд дээрэлхэж харьцаад байсан ба бид хоёр бие биенээ заамдалцаад боолцсон. Би М-гийн гэдэг орчим 2-3 удаа цохитол М элгээ тэврээд нүүрээрээ газар унасан. Тэгээд би М-ийн хамраас нь цус гарчихсан болохоор нь нүүр угаах цэвэр ус авчирч өгөөд салаад явсан. Би М-ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10485 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...М-гийн биед баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Э.Б торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 700 нэгж буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял  оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Э.Б тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч Ц.М нь “...хохирлын төлбөр болон хугацаан дээр тохиролцож 2018.11.13-ны дотор 1 035 100 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов...”  гэсэн хүсэлт /хх-ийн 50/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 1 035 100 /нэг сая гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.РЕНЧЕНХОРОЛ