Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01420

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/02306 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.С-т холбогдох,

Гэрээний үүрэгт 99,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Засварын зардал 24,699,661 төгрөг, дайрганы үнэ 10,000,000 төгрөг, нийт 34,699,661 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.У, хариуцагч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани Ч.С-т эй 2019 оны 05 сарын 21-ний өдөр Б дүүргийн *-р хороо, **-р хороолол, **-р байрны зоорийн давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай 121.5 м.кв талбайтай орон сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 119,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Төлбөрийг хариуцагч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн зүүн урд байрлах, нэгж талбарын *********** дугаартай 20,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрын эзэмшлийг 35,000,000 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах өөрийн дайрганы карьераас 84,500,000 төгрөгийн үнэ бүхий дайргыг худалдагч талд нийлүүлж, дайргын үнийг тухайн үеийн үйлдвэрийн үнээр тооцохоор тохиролцсон. Хариуцагч Ч.С үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 05 сарын 23-ны өдөр өөрийн охин Э.А-ийн өмчлөлд шилжүүлэн авсан. Харин гэрээний төлбөрийг хариуцагч төлөөгүй тул төлбөрийг 100,000,000 төгрөг болгон багасгаж, 2023 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар 2022 оны 11 сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2023 оны 09 сарын 08-ны өдөр 800,000 төгрөг шилжүүлсэн. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 99,200,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 64,500,339 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 05 сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1.7-д заасны дагуу худалдагч үл хөдлөх эд хөрөнгөд бүрэн засвар хийж хүлээлгэн өгөөгүйн улмаас өөрийн зардлаар 24,699,661 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Энэ зардлыг төсөв зохиолгож үнэлгээ гаргуулсан. Мөн 2019 оны 05 сарын 30-ны өдөр 400 м.куб хэмжээтэй 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн. Иймд 34,699,661 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 4.  Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Орон сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийх шаардлагагүй, цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хийлгэж хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед гомдол санал байхгүй тул хүлээн авч, гэрчилгээг охин Э.А-д шилжүүлсэн. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1.1, 2.1.2-т заасан төлбөрийн нөхцөлөөс алийг нь ч биелүүлээгүй учраас 2022 оны 11 сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.С-ээс 99,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, хариуцагч Ч.С-ийн гаргасан 34,699,661 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 653,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6.  Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч би өөрөө гаргаж чадах бүхий л баримтыг шүүхэд гаргасан ба шүүх хэргийг шийдвэрлээгүй байхад баримтыг авахгүй гэж хэлээд авдаггүй, нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой эсэхийг урьдчилан дүгнэж авахгүй гэж шийдвэрлэдэг, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулахтай холбоотой хүсэлтүүдийг хангадаггүй, гаргасан захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй байж намайг өөрөө нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

6.2. Шүүхээс доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн томилж өгсөн төлөөлөгчтэй байнга холбогдож энэ талаар харилцан ярилцдаг байсан ба тэрээр доголдлыг арилгана, гарсан зардлыг төлнө гэдэг. Энэ талаар хоорондоо харилцсан зурвасуудыг хэвлээд шүүхэд өгч холбоо, харилцааны хэрэгсэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргахад үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Хэвлэсэн баримтыг хэрэгт авдаггүй. Уг баримтад гарсан зардлыг төлнө хариуцна гэж тодорхой харилцсан байдаг.

6.3. Нэхэмжлэгчид хайрга нийлүүлсэн асуудлаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, үгүйсгэж байгаа талаар шийдвэрт дурдаагүй. Анхан шатны шүүхийн дутуу дулимаг шийдвэрээс болж би хохирсон чигээрээ явж хаанаас хохирлоо нэхэмжлэх нь маш тодорхойгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 34,699,661 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүх шаардлагатай гэсэн бүх хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийж, хүлээлгэж өгөх талаар талууд харилцан тохиролцоогүй бөгөөд хариуцагч өөрийн хөрөнгөд засан сайжруулалт хийсэн байх үндэслэлтэй тул 2022 оны 11 сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийхдээ энэ талаар дурдаагүй. 2019 оны 05 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн гэх зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтуудыг нэхэмжлэгч хүлээж аваагүй, компанийн тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөөгүй. Мөн хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгчтэй ямар ч холбоогүй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Ч.С-т холбогдуулан гэрээний үүрэгт 99,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, засварын зардал 24,699,661 төгрөг, дайрганы үнэ 10,000,000 төгрөг, нийт 34,699,661 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ.

3.  Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талууд 2019 оны 05 сарын 21-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, И ХХК нь Б дүүргийн **-р хороо, **-р хороолол, **-р байрны зоорийн давхарт байршилтай 121.5 м.кв талбайтай орон сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх, Ч.С нь гэрээний үнэ 119,500,000 төгрөгийг төлөх, ийнхүү төлөхдөө 20,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг 35,000,000 төгрөгт тооцон шилжүүлэх, мөн 84,500,000 төгрөгийн үнэ бүхий дайрга нийлүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон;

3.2. И ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ч.С-ийн нэрлэн заасан этгээд болох Э.А-ийнөмчлөлд 2019 оны 05 сарын 23-ны өдөр шилжүүлэн өгсөн;

3.3.  Улмаар талууд 2022 оны 11 сарын 30-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 100,000,000 төгрөг болгон буулгаж, уг төлбөрийг 2023 оны 12 сарын 30-ны өдөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв дүгнэж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.  Нэхэмжлэгч И ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Ч.С-ээс шаардах эрхтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 100,000,000 төгрөгөөс хариуцагч нь 2023 оны 09 сарын 08-ны өдөр 800,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 99,200,000 төгрөгийг түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

6.   Хариуцагч Ч.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1.  Хариуцагч нь ...2019 оны 05 сарын 30-ны өдөр дайрга нийлүүлсэн, 2019 оны 08, 09 сард засвар хийсэн... гэсэн тайлбар гаргасан.

Талууд 2022 оны 11 сарын 30-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа дээрх засварын зардал, дайрганы үнийг үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хасаж тооцох талаар тохиролцоогүй байна.

6.2.  Хариуцагч Ч.С нь үл хөдлөх эд хөрөнгөд 24,699,661 төгрөгийн засвар хийсэн болох нь, мөн нэхэмжлэгч И ХХК-д 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн болох нь хэргийн баримтаар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/02306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.С-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 331,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР