Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 832

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Ц.А,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч: Л.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.О холбогдох эрүүгийн 1809047341084 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Л.О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 33-6-64 тоотод хамтран амьдрагч Б.Ан маргалдаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж биед нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар хоёр нүдний булан, баруун сарвуунд цус хуралт, духанд зулгаралт буюу хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хх-ийн 7/, гэрч Л.О /хх-ийн 12-13/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12532 дугаар дүгнэлт /хх-ийн 16/,  шүүгдэгч Л.О урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 33-6-64 тоотод хамтран амьдрагч Б.А-тай маргалдаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж биед нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар хоёр нүдний булан, баруун сарвуунд цус хуралт, духанд зулгаралт буюу хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Л.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6-64 тоотод хамт байж байгаад өглөө 09 цаг өнгөрч байхад нисэх явж найзыгаа гаргаж өгчихөөд ирэхэд “хэнтэй байсан, ямар эрэгтэй хүнтэй уулзсан” гэж дайраад хүүхдээ газар шиднэ гээд намайг айлгаад байсан. Тэгээд намайг үсдээд, гуя руу өшиглөөд, толгой руу цохисон мөн алгадсан. Тэгээд би айгаад нөхрийгөө аргадсан. Тэгээд орой нь ...хүүхдээ салхилуулчихаад ирье гэж худлаа хэлээд шууд гэртээ ирсэн. Тэгтэл араас хүрээд ирсэн. Тухайн үед би гэртээ хүүхдээ хөхүүлээд сууж байтал нөхөр Л.О араас орж ирээд хүүхэд шууд булуугаад авсан. Ширээн дээр байсан хутга авах гэж дайраад байхаар нь манай хүргэн ах Л.О дараад хэвтсэн. Тэгээд дарсан чигээрээ гадаа гаргаад дээрээс нь дараад суугаад байсан. Тэгтэл манай нөхөр тавьчих гээд гуйгаад байхаар нь хүргэн ах тавихад шууд над руу гүйж ирээд намайг духаараа хамар луу мөргөөд цус гарсан. ...Намайг байнга зоддог байсан. 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр намайг зодоод, ээж нь цагдаа дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12532 дугаар дүгнэлт: “...Б.А-ийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар хоёр нүдний дотор булан, баруун сарвуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч Б. нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэсэн хүсэлт /хх-ийн 37/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Л.О торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.О хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Л.О тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ