Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00920

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 30 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00920                                  Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 14 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух Урианхай овгийн Жадамбын Энхжаргалын /регистрийн дугаар ФБ74062706/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 05 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Монгол овгийн Жадамбын Буянжаргал /регистрийн дугаар ФБ83041206/,

Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 05 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Жуу дархан овгийн Дашгайн Болдбат /регистрийн дугаар ФД79122211/ нарт холбогдох 261 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Энхжаргал, хариуцагч Д.Болдбат, Ж.Буянжаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Буянжаргал, Д.Болдбат нар нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 180 000 төгрөг зээлсэн. Гэрийн хаягаар очих, утсаар залгахад утсаа авахгүй, 1 даа утсаа авахдаа машинаа зарчихаад өгнө гэчихээд одоог хүртэл өгөхгүй байна. Машинаа зарчихсан мөртлөө зугатаагаад  мөнгө өгөхгүй байна. Иймд үндсэн мөнгө 180 000 төгрөг, 3 сарын хүү 81 000 төгрөг, нийт 261 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Буянжаргал, Д.Болдбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Энхжаргал нь миний төрсөн эгч боловч хавар нэг хэсэг дуудаагүй байхад байнга таньдэг дэлгүүр болон бэлэн мөнгөөр архи пиво авч ирж манайд цуг уугаад, тэдэн төгрөгөөр авсан, тэдэн төгрөг өгөөрэй гэх зэргээр өрөнд оруулдаг байсан. Бид 2 эгчээс гар дээрээ бэлэн 50 000 төгрөг авч цагаан сарынхаа юманд хэрэглэсэн, өөр бэлэн мөнгө авч байгаагүй. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 19-нд бид хоёрыг гэртээ байхгүй байхад ээж болон хүүхдүүдийг гэрт байхад орж ирээд зурагтны станц аваад явсан байсан. Одоо хүртэл станц өгөөгүй, энэ үйлдэл нь бараг дээрэм юм шиг санагдсан. Бид 2 хүүхдийн мөнгөнөөсөө эсвэл ажил хийгээд бага багаар мөнгийг нь өгнө гэж байсан. Одоо бид 120 000 төгрөгөөр хүүхдүүддээ зурагтны станц авч өгсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Энхжаргал хариуцагч Ж.Буняжаргал, Д.Болдбат нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 261 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...би 2016 оны 03 дугаар сарын 08-наас 2016 оны 03 дугаар сарын 26-ны хооронд Ж.Буянжаргал, Д.Болдбат нарт 180 000 төгрөг зээлдүүлсэн.Гэтэл мөнгийг маань буцааж өгөхгүй байгаа учраас 3 сарын хугацааны хүү 81 000 төгрөгийн хамт нийт 261 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ж.Буняжаргал, Д.Болдбат нар шүүх хуралдаанд “...Ж.Энхжаргалаас 180 000 төгрөг зээлээгүй.Харин 50 000 төгрөг авсан.Үүнийгээ буцааж төлнө” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.Гэхдээ нэхэмжлэгч “...би Ж.Буянжаргал, Д.Болдбат нарт 180 000 төгрөг зээлдүүлсэн” гэсэн тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 180 000 төгрөг шилжүүлэн өгсөн гэсэн тайлбараа нотолж чадаагүй тул хариуцагч нараас 180 000 төгрөг, хүү 81 000 төгрөг нийт 261 000 төгрөгийг гаргуулах боломжгүй.

Харин хариуцагч Ж.Буянжаргал, Д.Болдбат нар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс 50 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч төлөхийг зөвшөөрсөн тул Ж.Буянжаргал, Д.Болдбат нараас 50 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Энхжаргалд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 211 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 480 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Буянжаргал, Д.Болдбат нараас 50 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Буянжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 211 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 480 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Буянжаргал, Д.Болдбат нараас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Энхжаргалд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.ҮҮРИЙНТУЯА