Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00359

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00359

 

 

 

2024 02 23 210/МА2024/00359

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны

өдрийн 101/ШШ2024/00048 дугаар шийдвэртэй

Д.Г-ын нэхэмжлэлтэй

Эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 1963 оны 10 сарын 23-ны өдөр ***аймгийн *** суманд төрсөн. Тухайн үед эх А.Д-гээр овоглож төрсний гэрчилгээ болон 1988 оны 03 сарын 14-ний өдөр иргэний үнэмлэх авсан. Эх А.Д- нь намайг 5 настай байхад хойд эцэг С.Д-той гэр бүл болсон. Миний бие 2023 оны 10 сарын 23-ны өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор холбогдох баримт бичгээ бүрдүүлэн харъяа Нийгмийн даатгалын хэлтэст хандахад овог зөрж байна гэх шалтгаанаар баримт бичгийг буцаасан тул шүүхэд хандсан. Баримт бичгээ бүрдүүлж улсын бүртгэлийн газраас хуучин ажиллаж байсан газар, цэргийн алба хаасан тухай лавлагаа авахад 1983 оны 02 сарын 22-ны өдрийн *** аймгийн ****-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон цэргийн батлах болон Угтаалын сангийн аж ахуйд ажиллаж байхад хойд эцэг Д-оор овоглосон тухай баримтууд гарсан.

Тухайн үед би албан ёсоор овгоо солиогүй байхад хойд эцэг Д-оор овоглож цэргийн батлах олгосон байсан тул 1983 оны 02 сарын 22-ны өдрийн 546155 дугаар цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Төв аймгийн цэрэг татлагын комиссоос 1983 оны 06 сарын 28-ны өдөр Д-ийн Г-ад олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай Д-гийн Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие тухайн үеийн цэрэг татлагын үеэр бүртгэл хөтөлж байсан ажилчдын буруутай үйлдлийн улмаас миний төрсөн он, сар, өдрийг 1963 оны 11 сарын 23 гэж техникийн шинжтэй алдаа гаргасны улмаас тэтгэврийн насанд хүрсэн боловч тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Би төрсөн цагаас хойш эх Д-гээр овоглосон. Гэтэл хойд эцэг С.Д-оор овоглуулсан мэтээр шүүх дүгнэсэн. Төрсний бүртгэлийн лавлагаагаар Д-гийн Г- гэсэн байгаа. Мөн цэргийн батлахыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгөхдөө зураг нь унасан байхад нь өөрт байсан өөр зургаа нааж өгсөн. Шүүх хурлаас хойш гэртээ очоод бичиг баримтуудаа цэгцэлж байгаад цэргийн батлахад нааж байсан зургаа олоод гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс энэ зөрчлийг арилгах хугацаа өгч шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтай байсан ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн үеийн хариуцлагагүй албан тушаалтны үйлдэл, аав, ээжийн маань дураараа үйлдлээс ийнхүү хохирч тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгааг харгалзан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар түүнд *** аймгийн ***-ын гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 02 сарын 22-ны өдөр олгосон ***** дугаартай Цэргийн батлах-ын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. Уг баримт бичигт нэхэмжлэгч Д-гийн Г-ын овгийг Д- гэж бичигдсэн нь түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхэд бичигдсэн овогтой зөрүүтэй гэсэн шалтгаанаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсныг дурджээ.

 

3. Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, баримтын хүрээнд бус харин бодит үнэнийг тогтох учиртай тул нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж, үйл баримтыг бүрэн тогтоох шаардлагатай.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудын зөрүүг арилгахад ач холбогдолтой байж болох Т.А, Ж.Ж Ч.О, Н.Д нарын тодорхойлолтыг үнэлэх боломжгүй гэж буй тохиолдолд тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчийн үндсэн баримт бичиг болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг бусад баримттай харьцуулан үнэлэх, энэ тухай лавлагааг эрх бүхий этгээдээс шаардан гаргуулах, эдгээр баримтыг шүүхэд гарган өгөхийг нэхэмжлэгчээс тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

4. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг 1982-1989 оны хугацаагаар шүүхээр тогтоолгох шаардлагатайг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч тодорхойлсны дагуу тэрээр холбогдох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 26510 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулгыг анхаараагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан зохицуулалт нь сангийн аж ахуйн даргын тушаалд хамаарахгүй гэсэн буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т нийцээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх энэ тохиолдолд нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгчид хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгөх замаар нэхэмжлэлийг тодруулах байдлаар бүхэлд нь шийдвэрлэх учиртай.

 

5. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэх ажиллагаанд нотлох баримтыг дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ