Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: П.Б,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Шүүгдэгч: Ч.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Г холбогдох эрүүгийн 1709022470960 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Ч.Г

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч Ч.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хүүхдийн 100-д байрлах Хас банкны АТМ буюу бэлэн мөнгөний машин дээр байсан хохирогч Б.Л-ын гээсэн Самсунг Галакси Эс-8 загварын гар утасыг завшиж 1 995 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 600.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна гэв.

    

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Л /хх-ийн 26, 27/, гэрч Б.М /хх-ийн 28, 31/, иргэний нэхэмжлэгч Б.М /хх-ийн 30/, яллагдагч Ч.Г /хх-ийн 37-38/ нарын өгсөн мэдүүлэгүүд,  Ч.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нд буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөө Эрдэнэс-2 ломбарданд барьцаат зээлийн гэрээ хийн гар утас барьцаалж 800 000 төгрөгийн зээл авсан талаарх баримт /хх-ийн 13/, Иргэний нэхэмжлэгч Б.М-ээс Самсунг галакси Эс-8 маркийн гар утсыг хүлээн авч хохирогч Л-д хүлээлгэн өгсөн талаарх эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16/, Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Damino хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 33-34/,  шүүгдэгч  Ч.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хүүхдийн 100-д байрлах Хас банкны АТМ буюу бэлэн мөнгөний машин дээр байсан хохирогч Б.Л-ын гээсэн Самсунг Галакси Эс-8 загварын гар утасыг завшиж 1 995 000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 01 цаг 30 минутанд би АТМ орж мөнгө хийхээд түшиг дэлгүүрийн дотор байх АТМ-д мөнгөө шилжүүлээд гарахдаа АТМ буюу бэлэн мөнгөний машины дээд талд нь өөрийн Самсунг галакси Эс-8 маркийн гар утсаа мартаад явсан. Эргээд 15 минутын дараа буцаж ороход утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэс гээд Пийс таурын зүүн талд байрладаг коло кибаб дотор байдаг ломбарданд нэг залуу ирээд энэ гар утсыг барьцаанд тавьсан. Утсыг би барьцаанд тавьсан хугацаа дуусаад хураагдахаар нь худалдаж авсан. 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утсыг ах М-д 600 000 төгрөгөөр зарсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би дүүгээсээ Самсунг галакси Эс-8 маркийн гар утсыг худалдаж авсан. Уг гар утсыг бариад удаагүй байтал над руу цагдаагаас утасдахаар нь яваад очиход манай дүү М ломбарданд ажиллаж байхдаа үл таних хүн бусдын эд хөрөнгийг завшсан гар утсыг барьцаанд аваад гар утасны хугацаа дууссаны дараа ломбардны эзнээс худалдаж авсан гар утас байсан. Гар утасны мөнгө болох 600 000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

Яллагдагч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түшиг их дэлгүүрийн дотор байрлах АТМ-ээс дансаа шалгах гээд орсон. АТМ дээр  Самсунг галакси Эс-8 маркийн гар утас байж байхаар нь би аваад картанд мөнгө байгаа эсэхийг шалгачихаад гараад явсан. Олсон гар утсаа асаах гэж үзэхэд пин код нэхээд байсан учир буцаан унтраасан. Өглөө ажлаасаа буух үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Пийс молл их дэлгүүрийн зүүн талын коло кибаб дотор байрлах ломбарданд 800 000 төгрөгөөр би өөрийн иргэний үнэмлэх бичиг баримтаа тавьсан. Сунгуулах дараа нь буцаан авах санаа зорилго байгаагүй. Мөнгөөрөө такси баазад таксины өдрийн орлогын өртэй явж байсан учир уг өрөндөө 600 000 төгрөгийг өгч, үлдэх 200 000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, Ч.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нд буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөө Эрдэнэс-2 ломбарданд барьцаат зээлийн гэрээ хийн гар утас барьцаалж 800 000 төгрөгийн зээл авсан талаарх баримт /хх-ийн 13/, Иргэний нэхэмжлэгч Б.М-ээс Самсунг галакси Эс-8 маркийн гар утсыг хүлээн авч хохирогч Лувсандагвад хүлээлгэн өгсөн талаарх эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16/, Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Damino хөрөнгийн үнэлгээний тайлангаар “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 1 995 000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.Г гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд иргэний нэхэмжлэгч Б.М нь гар утасны мөнгө болох 600 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 600 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ч.Г торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэдгээрт оногдуулсан торгох ялыг 04 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Г гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-оос нийт 600 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ