Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00938

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00938                                    Орхон аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай эрэгтэй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол 34б-167 тоотод оршин суух Өөлд овгийн Баасангийн Мягмарсүрэнгийн /регистрийн дугаар ГЗ66062412/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1964 онд төрсөн, 42 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-106 тоотод оршин суух Мэргэн овгийн Сэрсэндэмидийн Цэнд-Аюушид холбогдох 4 080 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагч С.Цэнд-Аюуш, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Цэнд-Аюуштай худалдах худалдан авах гэрээ байгуулж нүүрс нийлүүлсэн ба худалдсан нүүрсний төлж барагдуулаагүй үнийг гэрээнд заасан алдангийн хамт гаргуулах. Б.Мягмарсүрэн нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн уурын зуухны тендерийг авсан гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхачин багийн 3-6-66 тоотод оршин суух, Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эмчилгээний гал тогооны эрхлэгч ажилтай С.Цэнд-Аюуштай худалдах худалдан авах гэрээ байгуулан дээрх уурын зууханд 1 тонн нүүрсийг 85000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон юм. Тэгээд гэрээний дагуу 2 удаа нүүрсээ буулгаад тухай бүртээ үнийг нь авч байсан боловч хамгийн сүүлд буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 46 тонн нүүрсийг 1 тонныг нь 70000 төгрөгөөр тооцож буулгаад үүний урьдчилгаа 500 000 төгрөгнөөс өөр ямар ч мөнгө авч чадалгүй өнөөг хүрсэн. Түүнээс хойш С.Цэнд-Аюушийн ажил болох Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гал тогоогоор Б.Мягмарсүрэнгийн хүү тухайн гэрээг байгуулахад хамт байлцсан, одоо нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр итгэмжлэгдсэн миний бие олон удаа очсон боловч очих тоолонд худлаа ярьсаар аргагүйн эрхэнд талыг нь ч болов өг гэж хэлэхэд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “2016 оны 03 дугаар сарын 15-ны дотор 2 000 000 төгрөг олж өгнө” гэсэн бичиг хийж өгсөн, тэгээд одоо болтол тохиролцсон ёсоороо мөнгөө өгөхгүй байгаа учраас шүүхэд хандахаар шийдээд байна. Иймд С.Цэнд-Аюушид худалдсан нүүрсний үнэ 2 720 000 төгрөг гэрээнд заасан 0,3 хувийн алдангийг Иргэний хуулийн 232.6-д зааснаар хоног тутам тооцон мөн хуулийн 232.4-т заасны дагуу хариуцагч С.Цэнд-Аюушаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 4 080 000 төгрөгний 1 780 000 төгрөгнөөс татгалзаж 2 300 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч С.Цэнд-Аюуш төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 800 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 700 000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн нь хариуцагч С.Цэнд-Аюушид холбогдуулан 4080000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 4 080 000 төгрөгний 1 780 000 төгрөгнөөс татгалзаж 2 300 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч С.Цэнд-Аюуш төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 800 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 700 000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэж эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 80230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Цэнд-Аюушид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 4 080 000 төгрөгний 1 780 000 төгрөгнөөс татгалзаж 2 300 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч С.Цэнд-Аюуш төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 800 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 700 000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Цэнд-Аюушаас 80230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнд олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА