Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00404

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00404

 

 

 

2024.02.28 210/МА2024/00404

У.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-

ны өдрийн 181/ШШ2024/00033 дугаар шийдвэртэй

У.Г-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Г-, түүний өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие *** аймгийн ****ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 01 сараас 1988 оны 12 сарыг дуустал оёдолчноор ажиллаж байсан. Гэтэл энэ талаарх баримтыг архиваас шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй, тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн боловч олдохгүй байна. Харин надтай хамт ажиллаж байсныг оёдолчин Н.Э, Д.Э нар нотолно. Мөн хамт олноороо авахуулсан фото зураг байгаа. Одоо тэтгэвэрт гарах болсон ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд **** аймгийн ****ын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У.Г-ийн 1987 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл **** аймгийн ****ын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсна байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх хуулийг зөрчсөн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 1987, 1988 онуудад **** аймгийн ****ын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг нотолж байгаа гэрэл зураг, гэрчийн мэдүүлгийг яаж, юугаар үгүйсгэж байгааг шийдвэрт заасангүй. Хэрэгт авагдсан регистрийн дугаар анх олгогдох үед бүрдүүлж байсан, хэн хэнээс асууж бичиж тэмдэглэсэн, ямар огноотой нь тодорхойгүй ***** гэх маягтыг дээрх гэрчийн мэдүүлгээс ямар учраас илүү нотолгооны шинжтэй болохыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарыг дуустал ****ын ахуй үйлчилгээний төвд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан байхад ***** гэх баримтад ажилд орсон болон ажил эрхэлж эхэлсэн он 1988 гэж тэмдэглэгдсэнийг яаж үнэлээд ахуй үйлчилгээнд ажиллаж байсан 2 жилээ тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг ойлгосонгүй.

Тухайн үед регистрийн дугаар анх олгохдоо ажиллаж байсан комисс, ажил хариуцсан ажилтнууд ихэвчлэн хэн нэг хүний амаар уг маягтуудыг бөглөж регистр олгох ажил хийгдэж байсан учир энэ баримт нь ажиллаж байсан болохыг нотлох хөдөлбөргүй баримт болж чадахгүй юм. Орон нутагт ийм байдлаар анх регистрийн дугаар олгож байсан, иргэний бүртгэлийн регистрийн дугаар тухайн хүнд олгосныг нотлох л баримт юм.

Иймд эдгээр байдлыг хянан үзэж, хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч У.Г- нь 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд **** аймгийн ****ын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

4. Нэхэмжлэгч дээрх хугацаанд **** аймгийн ****ын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 492 дугаар, Нийслэлийн архивын 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 821 дүгээр, ****аймгийн Архивын тасгийн 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 04/1448, **** аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 89 дүгээр тодорхойлолт, албан бичгүүдээр тус тус нотлогдоогүй байна.

Иймд тус газарт ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтооход ач холбогдолтой байж болохуйц баримт гаргуулахаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 1814 дугаартай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, ****, ***** аймгийн Архивын тасаг, Нийгмийн даатгалын хэлтэс болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус нотлох баримтыг гаргуулах, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 19748 дугаартай захирамжаар Д.Э, Н.Э нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулжээ.

Шүүхийн энэхүү ажиллагаа нь онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, баримтын хүрээнд бус эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох зорилгоор нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж, үйл баримтыг бүрэн тогтоох шүүхийн чиг үүрэгт нийцсэн байна.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Д.Э, Н.Э нарын 1986-1990 онд **** аймгийн ****ын ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсныг нотлох баримт архиваас олдож, тэдгээрт хөдөлмөрийн дэвтэр олгогдсон, харин нэхэмжлэгч У.Г-ийн баримт архиваас олдоогүй байна. Мөн гэрчийн мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн иргэний бүртгэлийг бүртгэсэн ***** баримтаар үгүйсгэгдсэн, хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй тул зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

7. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан нийцсэн байна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч У.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ