Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 838

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Ч.М,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 1809034290836 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, М.Б  урьд

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2, 111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1247 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20174 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 448 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, М.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөн дотор иргэн Х.С-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Х.С надтай уулзахаараа салдаггүй. Шоронд хатаана гэж хэлдэг. Өмнө нь жирэмсэн болсон гэж хэлж удаа дараа мөнгө авдаг байсан. Тухайн үед эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд өөрөө намайг маш их зодсон. Би арга ядахдаа цохисон. Гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.С /хх-ийн 9/, яллагдагч М.Б /хх-ийн 20/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9237 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/, шүүгдэгч М.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн орчим Б.Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Х.С-ийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 11:00 цагт Дашчойлин хийдийн хажууд байрлах зочид буудал дотор бид хоёр хэрүүл хийхэд намайг баруун гараараа ханатай хавсраад цохисон. Одоо миний уруул язарсан байдалтай байна. ...Миний уруул сэтэрсэн. Толгой өвдөөд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

Яллагдагч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би зүүн гарынхаа алгаар түүний нүүр орчимд нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9237 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Х.С-ын биед тархи доргилт, дээд доод уруулын баруун хэсэгт цус хуралт зулгарал, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс М.Б торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг М.Б тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч Х.С нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэсэн хүсэлт /хх-ийн 34/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.РЕНЧЕНХОРОЛ