Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 102/2024/02267/И |
Дугаар | 210/МА2024/01421 |
Огноо | 2024-07-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01421
Р.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/02480 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2023 оны 07 сарын 01-ний өдөр Т ХХК-д Захиргаа, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2024 оны 02 сарын 29-ний өдрийн Б-23/2 тоот Хөдөлмөр эрхлэлтийг харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Мэдэгдлийг бичгээр 2024 оны 02 сарын 29-ний өдөр хүлээж аваад би өөрөө хугацаагаа тавьж гарын үсэг зурсан. Тушаал гараагүй байхад ажил хүлээлцэх комисс байгуулагдаад 2024 оны 02 сарын 28-ны өдөр тушаал гарсан байдаг. Ингээд 2024 оны 02 сарын 29-ний өдөр ажлаас халах тушаалын хамт ажлаа хүлээлгэж өгсөн. 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш намайг ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулаагүй ажлаас чөлөөлсөн. Бүтцийн хувьд хариуцагч орон тоо хассан гэдэг тайлбар өгдөг. Хуульчийн орон тоо хасагдсан гэсэн боловч хүний нөөцийн ажлыг давхар гүйцэтгэж байсан. Ажил хүлээлцэх актаас харагдана. Бүтэц дээр хуульчгүй гэдэг боловч хуульч н.У гэдэг залуу хуулийн ажлыг хүлээж авсан. Хүний нөөцийн орон тоо багассан гэсэн боловч шинээр ажилтан томилоод намайг ажлаас чөлөөлсөн. Миний хийж байсан ТУЗ-ийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэх ажлаас намайг чөлөөлсөн тогтоол байхгүй. Компанийн бүх шатны удирдлагын зүгээс ажиллагсдын орон тоо хасах ямар нэг шийдвэр гарч, танилцуулаагүй, орон тоо хасах ямар ч үндэслэл байхгүй. Харин ч тухайн орон тоон дээр шинээр ажилтан томилж, миний ажлыг хүлээлцүүлсэн болно. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Т ХХК нь барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлдвэрлэл, хүнд машин механизмын түрээсийн чиглэлээр 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны 05 сард бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орон нутагт уурхайн ажил эхэлснээс үүдэн компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ТУЗ-тэй ажиллахаар шийдвэрлэсний дагуу 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, компани нь Санхүү бүртгэлийн хэлтэс, Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Санхүүгийн шинжээч, Уулын хэсэг, Техник хангамжийн хэсэг гэсэн бүтэцтэйгээр, Санхүү бүртгэлийн хэлтэс, Захиргаа хүний нөөцийн хэлтэс нь тус бүртээ ахлахын орон тоотой байхаар тусгасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа хүний нөөцийн хэлтэс нь бүтцийн хувьд ахлах мэргэжилтэн 1, хуульч 1, хүний нөөцийн мэргэжилтэн 2, нийт 4 орон тоотой байхаар батлагдсан. Дээрх бүтэц, орон тоог үндэслэн Т ХХК-ийн Захиргаа хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Р.М-г 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт орсон тул компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 24/01 тоот шийдвэрээр компанийн ТУЗ-ийг татан буулгаж, анх төлөвлөсөн үйл ажиллагааны зорилгод хүрч чадаагүй тул 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 24/02 тоот шийдвэрээр Компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт оруулж, шинэчлэгдсэн бүтцийг хавсралтаар баталсан. Уг бүтцээр компанийн хэлтсүүдийг татан буулгаж, төв оффисын ажилчид компанийн гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллахаар өөрчилж, зөвхөн Захиргаа хүний нөөцийн хэлтэс бус компанийн бусад хэлтэс, уурхайд ажиллаж байсан ажилтны орон тоог цөөрүүлсэн. Захиргаа хүний нөөцийн хэлтсийн тухайд ахлах мэргэжилтэн болон хуульчийн орон тоог хасаж, хүний нөөцийн менежер 1, хүний нөөцийн мэргэжилтэн 1 байхаар тус тус баталсан. Нэгэнт компанийн шинэ бүтцээр ажлын байр хасагдсан тул Захиргаа хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Р.М-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2024 оны 02 сарын 02-ны өдөр өгсөн. Улмаар Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 29-ний өдрийн Б-23/24 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч Р.М-г ажлаас чөлөөлж, ажил хүлээлцсэн. Нэхэмжлэгч Р.М нь Захиргаа хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсны хувьд 2023 оны 07 сард компанийн бүтэц шинэчлэгдэж, орон тоо нэмэгдсэний улмаас компанийн зардал ямар хэмжээгээр нэмэгдсэн, орон тоо нэмэгдэж зардал гарсан хэдий уул уурхайн ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөнд хүрч ажиллаагүй гэх мэт орон тоо хасаж, бүтэц шинээр хийх болсон компанийн дотоод нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа хэр нь ажилд эгүүлэн томилогдох үндэслэлээ ийм байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг үндэслэн компанийн бүтэц, орон тоо, цалин шинэчлэгдэн батлагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2024 оны 02 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн тул танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна. Хариуцагч компанид одоо Захиргаа хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоо байхгүй бөгөөд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.М-г хариуцагч Т ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 8,139,500 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Р.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Р.М-ийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж зохих байгууллагад шилжүүлж бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145,182 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаж дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Р.М-ийн ажиллаж байсан Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар компанийн зохион байгуулалтын бүтцээс хасагдсан нь Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 24/02 тоот шийдвэрт тусгагдсан. Анх компанийн ТУЗ-ийн 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа хүний нөөцийн хэлтэс нь бүтцийн хувьд ахлах мэргэжилтэн 1, хуульч 1, хүний нөөцийн мэргэжилтэн 2, нийт 4 орон тоотой байхаар батлагдсан. Энэ бүтцээр 2024 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд 02 сарын 01-ний өдрийн шинэ бүтцээр компани хэлтэст хуваагдахгүйгээр шууд гүйцэтгэх захирлын удирдлагад ажиллахаар болж, зөвхөн Захиргаа, хүний нөөцийн хэлтэс бус бусад хэлтсүүдийн ахлахын орон тоо ч мөн хасагдсан. Ажлын байр хасагдсан нь баримтаар нотлогдож байхад компанид байхгүй албан тушаалд нэхэмжлэгчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
4.2. Компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн шийдвэрийг үндэслэн Р.М-д 2024 оны 02 сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгч нь гарын үсэг зурахаас татгалзсан учраас бид танилцуулснаар тооцож, хүний нөөцийн менежер Ч.Х 2024 оны 02 сарын 02-ны өдөр гарын үсэг зурж огноог тавьсан. Энэ баримтад хариуцагчид мэдэгдсэн байдал харагдаж байхад зөвхөн хариуцагчид хугацаандаа мэдэгдээгүй мэтээр дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөний зэрэгцээ хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн байна.
4.3. Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт орсон тул компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 24/01 тоот шийдвэрээр компанийн ТУЗ-ийг татан буулгаж, компанийн эрх бүхий албан тушаалтан буюу эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч Г.Б бүтэц, орон тоо баталсан байхад дотоод журмын 2.5-д зааснаар ТУЗ бүтэц батлах ёстой байсан гэж үзсэн нь буруу. Учир нь ТУЗ татан буугдсан, үүнтэй холбогдуулан 2024 оны 05 сард дотоод журам өөрчлөгдсөн, энэ талаар тайлбарыг гаргасан байхад хүчингүй болсон журмыг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Нэхэмжлэгч нь шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинд 4,300,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. 2024 оны 05 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүгч ...ажилгүй байсан хугацааны цалинд 4,300,000 төгрөг гаргуулах шаардлага нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож байна уу?, өнөөдөр шүүх хуралдаан болох хүртэл хугацаагаар тооцож байна уу? гэсэн асуултад нэхэмжлэгч нь ...шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож шаардаж байгаа гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхээ эдлээгүй, энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл үеийн цалинг өөрөө тодорхойлж 4,300,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад шүүхээс шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцож хариуцагчаас 8,139,500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг хангаагүй гэж үзэж байна.
Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Надад 2024 оны 02 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл танилцуулаагүй, бичгээр мэдэгдэл өгөөгүй. Яагаад ажлаас чөлөөлөх тухай гарын үсэг зурахаас татгалзсан гэж байгааг мэдэхгүй байна. 2024 оны 02 сарын 27-ны өдөр ТУЗ-ийн гишүүн н.А гэх хүн ...ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг тушаалын хамт өгнө гэж над руу чат бичсэн болох нь цахим хэлбэрээр байгаа. Миний ажлыг хүлээж авсан хүний нөөцийн менежер н.Х 2024 оны 02 сарын 02-ны өдөр гэж мэдэгдэлд тэмдэглэсэн боловч 2024 оны 02 сарын 05-ны өдөр би ...мэдэгдлээ авая гэж чат бичиж байхад н.Х ...удирдлагуудад танилцуулж байна, гараагүй байна гэдэг тайлбар өгсөн тул 2024 оны 02 сарын 02-ны өдөр надад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн болох нь тогтоогдохгүй. Шинээр батлагдаж байгаа бүтцийг надад танилцуулаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 01 сарын 10-ны өдөр бүтэц батлагдсан гэдэг боловч хэргийн материалд 2024 оны 02 сарын 01-ний өдөр бүтэц батлагдсан болох нь нотлох баримтаар авагдсан. 2024 оны 01 сарын 10-ны өдөр ямар бүтэц батлагдсан болохыг мэдэхгүй байна. Би хүний нөөцийн ахлах менежер хийж, сард 3,500,000 төгрөгөөр цалинждаг байсан бөгөөд ТУЗ-ийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг давхар хийж, цалингийн 40 хувийн цалин нэмэгдэл авч, нийт 4,300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Миний үндсэн цалин 4,300,000 төгрөг байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Р.М нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2023 оны 07 сарын 01-ний өдөр TH07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүйгээр байгуулж, Р.М нь Хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллах, Т ХХК нь сард 3,500,000 төгрөгийн цалин олгох нөхцөлийг харилцан тохиролцжээ.
Улмаар Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 29-ний өдрийн Б-23/24 дугаар тушаалаар Р.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 03 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг Захиргаа, хүний нөөцийн ажлаас чөлөөлсөн байна.
Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг удирдлага болгосон байх ба ...компанийн бүтэц зохион байгуулалт, орон тоо шинэчлэн батлагдсан... гэсэн үндэслэлийг дурджээ.
4. Нэхэмжлэгч Р.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлж болохоор зохицуулсан тул ...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
5. Т ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 24/02 дугаар шийдвэрээр тус компанийн бүтэц зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий захирлын албан тушаалд томилж шийдвэрлэжээ.
Ийнхүү компанийн Хувьцаа эзэмшигч бүрэн эрхийнхээ хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасан байтал шүүх ...бүтцийн өөрчлөлтийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлах эрхтэй... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч нь ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд нотлох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан 2024 оны 02 сарын 02-ны өдөр гэсэн огноотой Мэдэгдэл-ийн мэдэгдэх хуудас хүлээн авсан гэсэн хэсэгт 2024 оны 02 сарын 29-ний өдөр гэж гараар тэмдэглэж, ажилтан гарын үсэг зурсан байна.
Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд нотлох үүргээ ажил олгогч биелүүлээгүй тул ...мэдэгдлийг 2024 оны 02 сарын 29-ний өдөр тушаалын хамт хүлээн авсан... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзнэ.
7. Ажилтны ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн ахлах менежерийн ажил бодитоор хасагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Нэхэмжлэгч Р.М-ийн гаргасан ...миний ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн ахлах менежерийн ажлын нэршил өөрчлөгдөж шинэ бүтцээр Хүний нөөцийн менежер болсон... гэсэн тайлбарыг хариуцагч Т ХХК баримтаар няцааж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, хуучин бүтцийн Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан боловч хариуцагч Т ХХК нь шинэ бүтцийн Хүний нөөцийн менежер болон Хүүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, улмаар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр бодитоор хасагдсан эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж шууд дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
8. Харин шүүх нэхэмжлэгчийг компанийн шинэ бүтцэд байхгүй ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж Р.М-г Хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
9. Хариуцагч талын гаргасан ...шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс илүү олговрыг хариуцагчаас гаргуулсан... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Р.М нь ...нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны цалин болох 4,300,000 төгрөгийг гаргуулна... гэсэн тайлбар гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйд нийцнэ.
Иймд хариуцагч Т ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 4,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.М-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
10. Дээрх үндэслэлээр шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/02480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний... гэснийг ...Хүний нөөцийн менежерийн... гэж,
2 дахь заалтад ...8,139,500... гэснийг ...4,300,000... гэж,
3 дахь заалтад ...бичилт... гэснийг ...баталгаажилт... гэж,
4 дэх заалтад ...145,182... гэснийг ...83,750... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 145,182 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР