Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Р даргалж,

 

Улсын яллагч: Ж.Б,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч: А.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.М холбогдох эрүүгийн 18090 0000 1090  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр  сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, А.М

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч А.М нь 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Блью скай” зочид буудлын орчимд хохирогч Б. хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн эрүүн тус газар нь хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хх-ийн 6-7/, яллагдагч А.М /хх-ийн 10/, гэрч /хх-ийн 11-12/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12669 дугаар дүгнэлт /хх-ийн 14/,  шүүгдэгч А.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.М нь 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Блью скай” зочид буудлын орчимд хохирогч _ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн эрүүн тус газар нь хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай найзууд болох Тэлмэн, Цогтзаяа нарын найзалсны 20 жилийн ой болж  бид хэд уулзаад “Цэ” пабад сууж байгаад шөнийн 02 цаг 30 минутын орчим гараад намайг номын сангаас нисэх рүү явдаг суудлын машинуудад суулгаж өгөх гээд явж байсан юм. Тэгээд би хоёр найзыгаа Сүхбаатарын талбайн зүүн талын уулзвараас явуулаад номын санруу алхах замд “Блью” зүүн талд нэг танихгүй залуу гарч ирээд мөн үү гэхээр нь би “би хүн андуураад байна” гээд гарыг нь тавиулаад явсан чинь араас гүйж ирээд дахин барьж аваад байсан. Тэр үед цуг явсан хоёр найзынх нь нэг салгаад авсан. Тэгэхээр нь би найзыгаа аваад явчихаарай, би ингээд явлаа гэсэн чинь нөгөө залуу нь гүйж ирээд шууд баруун хөлөөрөө зүүн талын шанаа руу өшиглөсөн. Маш их өвдсөн. Тэгтэл 2 шүд хавиралдаж байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр нь хэлээрээ мэдрэхэд зүүн талын хамгийн ард талын араа далийчихсан байсан. Тэгэхээр нь би эргээд цуг явсан найз Тэлмэн рүү залгаад хүнд зодуулчихлаа буцаад хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед намайг зодсон залуу хоёр найзтайгаа таксинд суугаад зугтаах гээд жолоочийг яв гээд байхаар нь би машинаас нь зүүгдээд зогсоогоод миний шүд хөдөлчихлөө яаж байгаа юм бэ гэхэд намайг анх өшиглөсөн залуу намайг шууд гараараа боогоод газар унагаад шахаад байсан. Тэгэж байгаад цээж рүү өвдөглөж цохиод байсан. Тэр үед найз нь салгаад авсан. Тэгээд манай хоёр найз ирээд цагдаа нар ч ирээд нааш авч ирсэн. ...Хамгийн ард талын араа хөдөлсөн, шүд ерөнхийдөө суларч хөндийрсөн. Одоо амаа том ангайлгаж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

Гэрч . мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А.М юу уусан юм гээд асуутал “4 шил пиво, 200 грамм архи уусан” гэж байсан. ... Тэгээд А.М бид хоёр Мовие пабаас гараад таксинд суугаад Сүхбаатарын талбайн автобусны урд буудал дээр буусан ба намайг таксины тооцоо хийж байх хооронд А.М түрүүлээд буугаад явчихсан. Таксины жолооч миний өгсөн мөнгийг задалж, хариулт өгч чадахгүй нилээд удчихсан юм. Тэгээд би таксинаас буугаад А.М араас явж байтал А.М нэг залуутай маргалдчихсан өөдөөс ирж байсан. Тэр залуу А.М чи яахаараа намайг мөрлөдөг юм” гээд маргалдаад байсан ба А.М тэр залуугийн цээж рүү түлхээд нэг удаа өшиглөхдөө зүүн талын эрүү орчимд нь оносон. Тэгэхээр нь би А.М болиулаад салгасан. Тэгээд А.М маргалдаад өшиглүүлсэн залуу нэг хүн рүү утасдаад ...хүрээд ирээч гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Яллагдагч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд Тэмүүжин бид хоёр таксинд суугаад Сүхбаатарын талбайн автобусны урд буудал дээр буусан ба Тэмүүжин таксинд тооцоо хийгээд үлдсэн. Би түрүүлээд Миттинг баар руу явж байгаад замдаа нэг залуутай мөргөлдөөд маргалдсан. Би тэр залууг замаа харж яваач гээд маргалдаж байгаад эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн. ...Би хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12669 дугаар дүгнэлт: “...биед өвчүү ясны бүдэрхийд цууралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 14/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэсэн хүсэлт /хх-ийн 34/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс А.М торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.М хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг А.М тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.Р