Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00510

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00510

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00510

 

***** гуравдугаар хэлтсийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын

22-ны өдрийн 184/ШШ2024/01001 дугаар шийдвэртэй,

**** гуравдугаар хэлтсийн хүсэлттэй,

****г архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга: **** нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, ахуйн хүрээнд архиддаг. Тэрээр өөрийн найз нөхдийг цуглуулан архидан согтуурдаг бөгөөд түүний охин болон ***дугаар хорооны Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч нараас хүсэлт ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3,4,5,8-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

2. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Би тэтгэврийн мөнгөө аваад найз нөхдийн хамт гэртээ архи уудаг. 2015 оноос архи ууж байгаа, албадан эмчилгээнд явахад татгалзахгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ****г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг ****гуравдугаар хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар ****г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

4. Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие 2024 оны 02 сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр тус газарт ирээд өнөөдрийг хүртэл даралт ихсэж зүрхний үйл ажиллагаа хэвийн бус удаа дараа бие муудаж эмчийг дуудаж үзүүлсэн. Улсын гуравдугаар эмнэлэгт хяналтад байдаг бөгөөд эмийн эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Манайх 2023 оны 10 сарын 28-ны өдөр гэр шатаж бичиг устаж үгүй болсон. Энэ байдлыг харгалзан үзэж албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. *** гуравдугаар хэлтэс нь ****г албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргаж, **** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцжээ.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлтэй байдалд оруулах нөхцөлд орсон хүн согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан бол шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар заажээ.

3.1. **** нь хуульд заасан дээрх хүнд нөхцөл байдалд орсон гэж үзэж *** дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 118 дугаар тодорхойлолтод ...**** нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бүлэг бөөгнөрөл үүсгэж олон удаагийн давтамжтай дуудлага мэдээлэл өгдөг... гэж, мөн тус хорооны 2024 оны 02 сарын 21-ний өдрийн №06 дугаартай хамтарсан багийн хурлын тэмдэглэлд ... **** нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн байгууллагад удаа дараа байнга дуудлага өгдөг, хүйтний улиралд хөлдөж үхэх аюултай гэж тодорхойлсон байна. Энэхүү тодорхойлолт нь гуравдагч этгээд ****г архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулахуйц эрсдэлтэй байдалд орсон гэж дүгнэн хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй.

3.2. Түүнчлэн, **** нь сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйг шүүх анхаараагүй байна. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллагаас гуравдагч этгээдэд эмнэлгийн дүгнэлтийг танилцуулж түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх, мөн сайн дураар эмчлүүлэх хүсэлттэй эсэхийг танилцуулсан байдлыг тодруулаагүй явдлыг шалгаж, хуульд заасан ажиллагааг дутуу явуулсанд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

4. Иймд хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй тул гуравдагч этгээд ****г албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/01001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ****г албадан эмчилгээнд хамруулах тухай **** гуравдугаар хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ****гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ