Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 852

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: С.Э,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч: Б.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн 1809035241167 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр  сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Б.Г

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч Б.Г нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын орчимд хохирогч Г.Э-ай маргалдаж, толгойн тус газар нь чулуугаар цохиж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Э /хх-ийн 28-31/, яллагдагч Б.Г /хх-ийн 3-5, 32-33/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 9688 дугаар дүгнэлт /хх-ийн 36/, шүүгдэгч Б.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын орчимд хохирогч Г.Э-тай маргалдаж, толгойн тус газар нь чулуугаар цохиж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн орчимд нутгийн залуу Б.Г хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо цайзаас гараад тэр хавьд байдаг нэг пабад орж 8 пиво хувааж уусан юм. Тэгээд бид хоёр 7 буудалд буугаад явж байхад Б.Г надад хандаж “өнгөрсөн жил надад өгсөн түлшээ чи надад үнэтэй зарсан, чи надаас мөнгө идсэн” гээд байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ, тийм юм байхгүй” гэсэн чинь “чи надад санаа гаргасан” гээд надтай зодолдоно гээд байхаар нь би үгүй гээд явж байтал миний араас чулуугаар цохиж унагаасан юм. Тэгээд би ухаан алдсан байсан... миний толгойд 5 оёдол тавьсан... Би Б.Г зодуулсандаа гомдолтой байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... Зулайн хуйханд няцарсан шархыг Б.Г цохиж учруулсан. Бусад шархыг би цохиулаад унахдаа гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/,

 

Яллагдагч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотод ирээд найз Э руу залгасан чинь хотод байна гэсэн. Тэгээд бид хоёр ярьж байгаад 23 цагийн үед уулзаад 1 пабад орж 4 шил пиво уугаад тэгээд тэр пабаасаа гарсан. Яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Бид хоёр такси бариад 7 буудлын тэнд ирээд буусан. Би Э-тай хэрүүл хийсэн. Тэгээд Э урд гараад алхаад явж байхаар нь би уурандаа газраас чулуу аваад тэгээд толгой хэсэг рүү нь цохисон чинь Э унаад өгсөн. Тэгээд би зугтаагаад явсан. ...Э намайг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5, 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9688 дугаар дүгнэлт: “...Г.Э-ийн биед зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, баруун мөр, дал, тохой, зүүн тохой, шуу, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч нь “...эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...”  гэсэн хүсэлт /хх-ийн 73/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Г торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Б.Г тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ