| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00907/И |
| Дугаар | 00939 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00939
2016 оны 07 сарын 01 өдөр Дугаар 142/ШШ2016/00939 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Эрдэнэтжагар” ХХК-нд холбогдох татварын өр 4 503 005 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч М.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэтжагар ХХК нь Орхон аймгийн татварын хэлтэст 2007 онд барилгын дуусгах шатны ажил болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр 4372182 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж иржээ.Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд улс орон нутгийн төсөвт 3,009,300 төгрөгийн татвар төлсөн байдаг.Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Эрдэнэт жагар ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна.
1.Татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4 ” албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарын дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улиралын тайланг дараа улиралын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн тооцоо хийнэ”-д заасны дагуу 2015 оны тайлангийн 1,801,111,2 төгрөгийн албан татварын өртэй байна. /маягт ТТ-02/ Эрдэнэтжагар ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /маягт ТТ-03/ 2014 оны 12 дугаар сард 3,244,211,9 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байснаас 2015 онд 342,318 төгрөгийн буцаан авалтаар хасалт хийлгэж 200,000 төгрөгийн татвар төлж 2,701,893,8 төгрөгийн татварыг хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1” албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”-д заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 43.5 дах хэсэгт”Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг.Өөрөөр хэлбэл татвар төлөгч Эрдэнэтжагар ХХК НЬ 2014, 2015 онуудад холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дах хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах процесс ажиллагааг гүйцэтгэсэн байна.Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн Эрдэнэтжагар ХХК-ний захирал М.Цэцэгмаагаар 4,503,005 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Эрдэнэт жагар” ХХК-ийн захирал М.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх энэ авсан ажлаа 2015 оны 1-р улиралд дуусгаад мөнгөө авсан. 1-р улирлын ажлыг яагаад 2014 оны жилийн эцэс рүү оруулсаныг би гайхаад байгаа юм. Би төлөх ёстой зүйлээ төлнө. Үйл ажиллагаа зогссон учир би мөнгөө төлж чадахгүй байгаа. Би өөрөө санхүүгийн мэдлэг муу, тайлангаа хийж чадахгүй учраас 2015 оны 1 дүгээр улирлын тайлангаа хийхдээ жилийн эцсийн тайлангаа хуулаад тавьсан байсан. Үүнээс болоод 700 гаруй мянган төгрөгийн татварын өрийн зөрүү гарч байгаа.Би өнөөдөр манай компанийн татварын тайланг дахин хянаж өгнө үү гэсэн хүсэлтийг Орхон аймгийн татварын хэлтэст гаргасан.2 байцаагчтай уулзсан.Надад “та тайлангаа буруу бичсэн бол засаад өгч болно” гэсэн хариу хэлсэн.Тиймээс Татварын хэлтэсээс манай тайланг хянаж үзсэний дараа хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь 2015 оны 2 дугаар улиралын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2014 оны 12, 2015 оны 03 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, татварын тооцооллын жагсаалтыг үндэслэн хариуцагч “Эрдэнэт жагар” ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 801 111 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 2 701 893 төгрөг нийт 4 503 005 төгрөг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч “Эрдэнэт жагар” ХХК-ийн захирал М.Цэцэгмаа шүүх хуралдаанд “...Би төлөх ёстой зүйлээ төлнө. Үйл ажиллагаа зогссон учир би мөнгөө төлж чадахгүй байгаа. Би өөрөө санхүүгийн мэдлэг муу, тайлангаа хийж чадахгүй учраас 2015 оны 1 дүгээр улирлын тайлангаа хийхдээ жилийн эцсийн тайлангаа хуулаад тавьсан байсан. Үүнээс болоод 700 гаруй мянган төгрөгийн татварын өрийн зөрүү гарч байгаа.Би өнөөдөр манай компанийн татварын тайланг дахин хянаж өгнө үү гэсэн хүсэлтийг Орхон аймгийн татварын хэлтэст гаргасан.2 байцаагчтай уулзсан.Надад “та тайлангаа буруу бичсэн бол засаад өгч болно” гэсэн хариу хэлсэн.Тиймээс Татварын хэлтэсээс манай тайланг хянаж үзсэний дараа хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн тайлбар гаргасан.
Татвар төлөгч “Эрдэнэт жагар” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэгтэй.
Хариуцагч “Эрдэнэт жагар” ХХК нь хуульд заасан дээрхи үүргээ биелүүлээгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 801 111 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 2 701 893 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татварын тооцооллын жагсаалт, Татварын албаны шаардлага, мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Орхон аймгийн татварын хэлтэст манай компанийн тайланг хянаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Надад “та тайлангаа буруу бичсэн бол засаад өгч болно” гэсэн хариу хэлсэн.Тиймээс Татварын хэлтэсээс манай тайланг хянаж үзсэний дараа хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Тиймээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэтжагар” ХХК-иас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 4 503 005 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 86 998 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрдэнэтжагар” ХХК-иас 4 503 005 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “Эрдэнэтжагар” ХХК-иас 86 998 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА