Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 848

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Т.Ж,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч: С.С /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.С холбогдох эрүүгийн 1809000001091 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, С.С

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч С.С нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн хувцас солих өрөөнд иргэн С.Т-тай маргаж, биед нь халдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хх-ийн 4-5/, гэрч /хх-ийн 8/, гэрч /хх-ийн 10/, яллагдагч С.С /хх-ийн 18-19/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12791 дугаар дүгнэлт /хх-ийн 12/,  шүүгдэгч С.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.С нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн хувцас солих өрөөнд иргэн С.Т-тай маргаж, биед нь халдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянагч орж ирээд чи наанаа юу хийж байгаа юм бэ, кассаа бичээч гэхээр нь би цайндаа орж байна гэж хэлсэн чинь чи өглөө ирчихээд гоймон идээд байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би өнөөдөр ажиллах ёсгүй, Дөлгөөний оронд бичих гэж ирсэн юм” гэсэн чинь тэгвэл чи хариач, яваач гэхээр нь би тэгье, явчихъя гэж хэлээд хувцас солих шүүгээн дээр очоод хувцасаа солих гэтэл чи ингэж харьцах ёстой юм уу бацаан минь алчихна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би алчихаач, харъя гэж хэлсэн. Тэгээд тэр намайг зүүн талын шанаа хэсэг рүү цохисон, тэгэхээр нь би баруун гараараа хацар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд намайг түлхэх үед би газар унасан чинь миний зүүн чих рүү 3-4 удаа цохисон. ...Миний зүүн чих хэсгээр хавдаж, сэтэрсэн. ...Би 163.000 төгрөгөөр зураг авхуулж сонсгол шалгуулсан. Намайг цохисон С.С гэх залуу надад 140 000 төгрөг өгсөн. Чихний компьютерийн зураг авхуулж, сонсголыг нарийвчилж шалгуулахад 120 000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэг дээр чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаа 1 300 000 -1 700 000 төгрөг болно гэсэн. Энэ эмчилгээ хийлгэх мөнгөн дүнг нэхэмжилж байгаа. Одоогоор би эмчилгээ хийлгээгүй. Тухайн хүнээс эмчилгээ хийлгэх мөнгөө авсны дараа эмчилгээгээ хийлгэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 7/,   

 

Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Т цайгаа уугаад байж байтал С.С гаднаас орж ирээд кассан дээрээ оч гэсэн чинь Т би өөрөө мэдэж байгаа, одоо гарлаа гэсэн чинь чи юу яриад байгаа юм бэ, одоо шууд гар гэж хэлсэн. Тэгээд С.С Та-ын толгой хэсэг рүү нь цохисон. Хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Тэгээд би тэр хоёрыг салгасан чинь Т-ын чихнээс нь цус гарчихсан байсан. Тэгээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

Гэрч Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... С.С орж ирээд “кассан дээр чинь хүн ихтэй байхад очиж бичихгүй юм уу” гэж шаардлага тавьсан чинь “би амардаг өдрөө ирж байгаа, чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд тэр маргалдаж байгаад С.С Т-ын толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Яг хаашаа нь цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Яллагдагч С.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал ...дэлгүүрт очер үүссэн байсан. Тэгээд амралтын өрөөнд орсон чинь Т сууж байсан. Тэгэхээр нь “чи юу хийж байгаа юм бэ” гэсэн чинь “цайндаа орох гэж байна” гэхээр нь “чи өдөр ирээд цайндаа орж байсан биздээ” гэсэн чинь “би хүний оронд ажиллаж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд би “касс очертой байна, чи оч” гэсэн “цайндаа орчихоод очье, 2 цаг ажиллачихаад явна” гэсэн. Тэгээд тухайн үед уур хүрээд тухайн залуугийн өөдөөс элдвээр хэлчихээд өрөөнөөс гарах гэсэн чинь Т араас “чамаар заалгуулах юм уу” гэж хэлсэн. Тэгээд би Т дээр очоод толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Би 12791 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12791 дугаар дүгнэлт: “...Т-ын биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч С.Т нь /хх-ийн 36/ “...С.С харилцан тохиролцож 2018.11.28-аас 2018.12.07-ны дотор 1.000.000 төгрөг өгөхөөр, үлдэх 723.000 төгрөгийг 2018.12.07-оос 2019.01.07-нд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан...”  гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс С.Сайханбаярт торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгж буюу 500 000 төгрөгийг торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.С хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг С.С тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нийт 1.723.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т-т олгосугай.

           

5. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ