Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 05

 

 

Б.А, Р.А, В.Б,

 С.Т нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч C.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Батболд, шүүгдэгч С.Т өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох, Д.Наран, иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг, түүний өмгөөлөгч Н.Ариунболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар магадлалтай, Б.А, Р.А, В.Б, С.Т нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох, шүүгдэгч Р.Ариунгуа, Р.А, С.Т, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.А,

 

2. Монгол Улсын иргэн, 1955 онд төрсөн, 66 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, С.Т,

 

3. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн, Р.А,

 

4. Монгол Улсын иргэн, 1954 онд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, В.Б,

 

Шүүгдэгч Б.А, Р.А, С.Тнар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны зүүн 4 замын тооцооны төвийн ажилтанг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хууль бус итгэмжлэл ашиглаж, Д.Ан эзэмшлийн хадгаламжийг барьцаалан Хаан банкнаас 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

шүүгдэгч Р.А нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Дд гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэхэд мөнгө хэрэгтэй байна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах Наран хорооллын 9-35 тоот байрыг Б.Пт 20.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулж уг мөнгийг залилсан,

шүүгдэгч Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 18-22-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Г, Ө.Б, Ц.О нараас Хаан банкны кредит карт гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөгийг өөрийн болон Б.Мөнх- Амар гэх хүний дансаар авч залилсан,

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчим хохирогч Д.Од Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хөшигтийн хөндийд 500 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг хямд үнээр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг дансаар авч залилсан,

шүүгдэгч В.Б нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.А, Р.А, С.Тнарт хохирогч Д.А хадгаламж буюу өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Б.А, Р.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгож тус тус өөрчилж,

шүүгдэгч Б. Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Р.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэн “хуурч... баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч В.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 6 жил хорих ял,

шүүгдэгч Р.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар 1, 2 дахь хэсэгт зааснаар нотариатын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Р.А, С.Тнарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 276 хоног, шүүгдэгч Р.Аийн цагдан хоригдсон 253 хоног, С.Т-н цагдан хоригдсон 345 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан нотариатын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Агаас 17.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Гд 1.500.000 төгрөг, хохирогч Ө.Бд 2.000.000 төгрөг, хохирогч Ц.Отд 2.000.000 төгрөг, хохирогч Д.Од 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ат 11.000.000 төгрөг,

шүүгдэгч Р.Аээс 53.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Тд 20.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Агт 33.400.000 төгрөг,

шүүгдэгч С.Тс 15.600.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт тус тус олгож,

Иргэний нэхэмжлэгч Д.Ан 63.000.000 төгрөгийг хүүгийн хамт нийт 122.276.274 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах нэхэмжлэл, хохирогч Д.Тн орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “... шүүгдэгч Б.Агаас иргэний нэхэмжлэгч Д.Ат 11.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Аээс 33.400.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ат, шүүгдэгч С.Тс 15.600.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт тус тус олгосугай.” гэснийг “... шүүгдэгч Б.Агаас 11.000.000 төгрөгийг хохирогч Хаан банкны 5753 код бүхий салбарт, шүүгдэгч Р.Ас 33.400.000 төгрөгийг хохирогч Хаан банкны 5753 код бүхий салбарт, шүүгдэгч С.Тс 15.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хаан банкны 5753 код бүхий салбарт гаргуулан тус тус олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Тр, түүний өмгөөлөгч Ж.Э, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, түүнчлэн өмгөөлөгч Ю.Батболд, Р.Буянт нарын хамтран гаргасан, шүүгдэгч Р.Аптанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Тгаргасан гомдолдоо “... 2015 оны зунаас Р.Атэй хамт нэг оффист ажилладаг байсан. Тэр хугацаанд АНУ-аас эмч нартай интернэтээр холбогдож ярилцдаг байсан. Удаа дараа ярилцахад нь хамт байдаг байсан. Монголд хөрөнгө оруулалт оруулж ирнэ гэж ярилцсанаа надад орчуулж өгдөг байсан. Энэ хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой гэсэн болохоор би Ат тусалж нилээд олон хүмүүстэй танилцуулж уулзуулсан. Найзууд маань байр болон гарашаа барьцаалан мөнгө зээлдүүлсэн мөн зарим нь бэлэн мөнгө зээлдүүлсэн. Гадагшаа мөнгө шилжүүлэхэд би Алэй байнга хамт явж доллар болгон солиулаад гадаад руу шилжүүлдэг байсан. Гана улсын /Пидилете/ гэдэг банк руу шилжүүлдэг байсан. Сүүлийн үед миний найз Хуягтай өөрөө уулзаад 10.000 гаруй мянган доллар авч шилжүүлснийг би сүүлд сонссон. Би хамгийн сүүлд Ас Ат 33.400.000 төгрөг авч өгсөн. Манай найзууд барьцаанд тавьсан байрны хүү нэхэгдээд байна гэж надаас мөнгө нэхсэн болохоор би Ариунгуагийн мөнгөнөөс 10.600.000 төгрөг авсныг 3 найздаа хувааж өгсөн. Өмнө нь мөнгөө өгсөн найзууд маань маш их хүү төлж хэцүү байдалд ороод байсан болохоор Ас авсан Ат 33.400.000 төгрөг өөрийн авсан 10.600.000 төгрөгнөөс болоод энэ хэрэгт холбогдоод байна. Яагаад энэ мөнгийг Ас авах болсон бэ гэвэл миний уулзуулж өгсөн найзуудаас нийт 250.000.000 төгрөг авч шилжүүлсэн. Манай найзууд барьцаалсан зүйлүүдийнхээ хүүг төлөх гэж маш их хэцүү байдалд орж байгаад санаа зовоод олж өгсөн чинь ингээд залилангийн хэрэгт холбогдоод байна. Энэ мөнгийг Ат өгөхдөө хурдан хөрөнгө оруулалтаа оруулж ир найзууд маань хүү төлөөд хэцүү байдалд орцгоож байна гэж хэлээд өгсөн юм.

Миний бие 66 настай эмэгтэй. Нүдний болор цайснаас болоод улам нүд маань муудаж байна. Энд шоронд хоригдсон болор солиулах хагалгаанд орох боломжгүйн улмаас сохорч байна. Мөн ангина өвчин зүрхэнд нөлөөлснөөс болж /ремокордит/ гэдэг оноштой, зүрхний шигдээс болох магадлалтай, зүрхний хэм байнга алдагддаг, артерийн даралт өндөртэй байнга 160-180 хүрч ихэсдэг. Хаван ихтэй. Мөн ангина өвчин үе мөчинд нөлөөлснөөс болж /ревматизм/ гэдэг үе мөчний өвчинд шаналж байна. Бүх биений яс, үе мөч үргэлж янгинаж өвддөг, нуруунууд  суулттайн улмаас байнга өвчин намдаах эм ууж өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байна. Шамбарам өвчин туссаны улмаас 2 удаа шулуун гэдсээр маш их цус алдаж байна. Насны доройтолд орж эдгээр өвчинд шаналж зовж байгааг 409 дүгээр ангийн эмч эмнэлгийн картанд тэмдэглэсэн байгаа бөгөөд 461 дүгээр ангийн эмнэлэгт энэ 2018, 2019, 2021 онуудад хоригдож байх хугацаанд үргэлж хэвтэн эмчлүүлж байсныг эмчлэгч эмч нар болон өвчтөний картанд тодорхой тэмдэглэгдсэн байгаа юмаа. Ингэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд зөвхөн даралт буулгах эм зүрхний эм тариагаар эмчлүүлдэг байсан. Түүнээс шамбарам өвчин, болор цайснаас болж хараагүй болж байгааг эмчлэх ямар ч боломжгүй юм.

Уг хэрэгт холбогдож байх явцдаа удаа дараа 461 дүгээр хорих ангид хоригдсон 2018 онд 4 сар 122 хоног, 2019 онд 9 сар хагас буюу 285 хоног хоригдсон. Ингэж олон хоног сараар хорих ангид хоригдсоны улмаас хуучин өвчнүүд маань улам сэдэрч эдгэшгүй өвчин зовлонд нэрвэгдээд өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна. 2021 оны 07 дугаар сарын 30-наас өнөөдрийг хүртэл 409-р хаалттай хорих ангид 102 хоног хүнд өвчнүүддээ зовон шаналж байна. Учир иймд өндөр настай, болор солиулах хагалгааг яаралтай хийлгэхгүй бол сохорч болох эрсдэлтэй байгаа болон олон төрлийн хүнд өвчлөлтэйн улмаас насны доройтолд орсон аргагүй байдлуудыг харгалзан үзэж, нийт хоригдсон 1 жил 3 сарын хоригдсон хугацааг дүйцүүлэн үлдсэн хорих ялаас чөлөөлж өгнө үү.

Шүүгч та бүхний мэлмий тань тунгалаг байж оюун ухаан бодол санаа тань хурц мэргэн байж эх орондоо 6 хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөн хүмүүжүүлсэн эгэл жирийн эх хүн миний энэ гомдолд чин сэтгэлээс анхаарал тавьж шалгаад нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

Өөрт холбогдсон гэмт хэрэгт гэм буруудаа маргах зүйлгүй хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Хохирол учруулсандаа гэмшиж байна. Анхан шатны шүүхээс миний төлбөрийг 15.600.000 төгрөг болгон нэмэгдүүлж тогтоосныг эс хүлээн зөвшөөрч байна. Нотариатч Батхүү өөрийн авсан 2.000.000 төгрөгийг Ат өөрт нь өгсөн. Хавтас хэрэгт Раднаасандаг гэдэг хүний авсан 3.000.000 төгрөг тэмдэглэгдсэн байгаа бөгөөд энэ мөнгийг Аа аваад өмгөөлөгчийнхөө төлбөрт өгсөн. Иймд Б болон А нарын энд дурдагдаж байгаа 5.000.000 төгрөгийг миний төлбөр дээр нэмэгдсэн байгааг миний төлбөрөөс хасч тооцож өгнө үү. Хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо “... хэргийг уг хэрэг гарсан газрын харьяаллын шүүх хянан хэлэлцэнэ гэсэн гэсэн заалтыг зөрчсөн. Сүүлд хэрэг гарсан газрын шүүхээр хэлэлцэх ёстой гэж мэтгэлцсээр байхад шүүгч өөрийн үзэмжээр шийдвэрлэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Уг нь Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэх ёстой. Хэрэг мөрдөн байцаалтыг харьяаллаар явуулаагүй зөвхөн Баянзүрх дүүргийн байцаагч, прокурорууд өөрийн санаачлагаар надад хэрэг тохох гэж хавтаст хэрэг бүрдүүлсэн. Хаан банк хохирогч биш гэсээр байтал хүчээр Хаан банкийг хохирогч болгосон. Иргэний нэхэмжлэгч Д.Аг болон Хаан банк аль аль нь төлбөрөө шүүгдэгч нараас нэхэмжлээгүй байхад заавал яллах гэж зүтгэж олон жилийн ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн хохирогч Оюунгэрэл нь 2016 оны 5 сард миний газрын гэрчилгээг барьцаанд авч 500.000 төгрөг өгсөнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэрэг үүсгэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад прокурорууд олон солигдон хэргийн хавтаст хийн хэрэгсэхгүй болгоогүй. 2019 оны Хаан банкны зээлийн карт гаргана гэх залилангийн гэмт хэрэгт Болормаа гэх хүн оролцсон хэрэгт татаагүй. Раднаасандаг, Сурмаажав, Болормаа гэх хүмүүсийн худал өгсөн мэдүүлэгт гүйцэд шалгаагүй мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэмт хэргийг хэн хэний оролцоо ямар хохирол учруулсан талаар анхаарч үзээгүй, гэмт хэргийг хэн үйлдсэнийг эргэлзээгүй нотолж чадаагүй атлаа эрүүгийн хариуцлагыг надад халдаан эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим зөрчсөн ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн нөхцөл бүрдсэн байхад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан нэгтгэн хэргийг хүндрүүлж миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Иймд миний гомдол болон өмгөөлөгч нарын гомдлыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй буюу Монгол улсад хүн бүр үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүйгээр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасныг зөрчиж 886 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг минь үнэн зөвөөр шүүн прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Р.А гаргасан гомдолдоо “...  2015 оны 11 дүгээр сарын 24-нд П.Дс авсан 20 сая төгрөгийн зээл, 2015 оны 12 сарын 30-нд Тс зээлж авсан 33 сая 400 мянган төгрөг /хүнээр дамжуулан/ бөгөөд эдгээр улсуудаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Уг мөнгийг би өөртөө ашиглаагүй, гадаад улс руу шилжүүлсэн нотлох баримтууд нь байсаар байхад мөрдөн байцаалт, прокурор шүүх аль аль нь бодит байдлыг тогтоогоогүй, зөвхөн хүний яллахын тулд гэмт хэрэгтэн болгож ялласанд гомдолтой байна. Хохирогч П.Дс авсан мөнгийг прокурор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт гаргасныг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т нэгтгэн зүйлчилсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж хүндрүүлсэн хууль хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан Өршөөлийн хуульд хамрагдсан байтал өршөөлд хамруулаагүй болно. Бусадтай бүлэглэн залилах, хуурч мэхлэх зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банкнаас А Т нар мөнгө авахад би хамт оролцоогүй, цаг хугацаа, орон зайн хувьд энэ үед би Улаанбаатар хотод байгаагүйг А, Т нар нотолдог. Мөн нотариатч Б би таньдаггүй, зааж өгөөгүй. Үүнийг нотариатч бас баталдаг. Хаан банкнаас А, Т нар мөнгө авснаас бүр хойно би Тс мөнгө авсан байхад намайг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь “Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг зөрчсөн, хэргийн зүйлчлэл буруу гэж үзэж байна. Мөрдөн байцаалтыг дутуу явуулж, бодит байдлыг тогтоогоогүй, зөвхөн хүнийг яллахын тулд шүүх хурлыг явуулахдаа мэтгэлцээнийг үл ойшоон, тулган байцааж, өмгөөлөгч нарын үгийг үл ойшоосонд, заавал хорьж цагдах шаардлагагүй байхад цагдан хорьж байгаад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний нэхэмжлэгч Аг болон Хаан банк надаас мөнгө нэхэмжлээгүй байхад Хаан банкийг хүчээр хохирогчоор тогтоосон шийдвэр гаргаж 33.400.000 төгрөгийн төлбөрийг Хаан банкинд төлүүлэх шийдвэх гаргасан. 2015 оноос хойш 6 жилийн хугацаанд намайг удаа дараа цагдан хорьж байснаас миний сэтгэл санаа, эрүүл мэнд илт дордож, их хэмжээний мөнгө гадаад руу явуулж хохирсон. Би цусны хорт хавдрын 3, 4 дүгээр үедээ орсон өвчтэй. 2019 онд оношлогдон цагдан хоригдсоноос болж хавдрын эхэн үедээ эмчилгээ хийлгэх боломжгүй байснаас хавдар улам хүндэрч хүний асаргаанд орсон. Химийн эмчилгээ 2019-2021 он хүртэл нийт 18 удаа хийлгэж 1 дүгээр шатны эмчилгээ дууссан, 2 дугаар шатны эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа шүүгчид хэлсээр байтал цагдан хорьж эмчилгээг минь тасалдуулж миний эрүүл явах, эмчлүүлэх эрхэнд халдсан гэж үзэж байна. 2021 оны 07 дугаар сарын 30-нд шүүхийн шийдвэр гарснаас хойш хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчилгээ хийлгэсэн боловч хавдрын эсрэг эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн хорт хавдрын эмч байхгүй байна. Одоо миний хорт хавдар улам томорч даамжирсаар байгаа. Монгол улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө үндэс угсаа, хэл, нас, хүйс, ялгаварлан гадуурхагдахгүйгээр тэгш эрхтэй байна гэж заасныг зөрчиж, гэрчүүдийн мэдүүлгийг дүгнээгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж миний эрх зүйн байдлыг дордуулж эрүүгийн хариуцлага оногдуулж, өмгөөлөгч болон миний гомдлыг хэлэлцэхгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Хаан банк мөнгө нэхэмжлээгүй байхад 33.400.000 төгрөгийг Хаан банкинд төлүүлэх шийдвэр гаргаж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч хянаж хэлэлцэж, эрүүл мэндийн аргагүй байдлыг минь харгалзан үзэж хорихоос бусад ял оногдуулж өгнө үү. 2015 оноос хойш анхан шатны шүүх хурал хүртэлх хугацаа 5 жил 8 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Намайг иргэний хариуцагч болгон иргэний журмаар төлбөр төлөх боломж олгож өгнө үү. Хохирогч Тд 20.000.000 төгрөгийг 2 жилийн дотор 10.000.000 жилд төлж хохирлыг барагдуулах, 33.400.000 төгрөгийн хохирлыг Хаан банкинд 11.150.000 төгрөг жилд төлж 3 жилийн хугацаанд барагдуулна гэдгээ бичгээр илэрхийлж байна” гэжээ.

 

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Хэргийн үйл баримтыг бичгээр гаргасан гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан учир дахин давтах шаардлагагүй гэж үзлээ. Хохирогчийн зүгээс иргэний нэхэмжлэгч Д.Ан мөнгийг халдлагын зүйл гэж үзэж байна. Шүүгдэгч нарт Д.Ан итгэмжлэлийг ашиглаж түүний Хаан банкинд урт хугацаатай хадгалуулж байсан мөнгийг авах сэдэл төрсөн учир халдлагын зүйл нь Д.Ан өмчлөлийн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл тус гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байх бөгөөд бусдын хөрөнгө эд хөрөнгө гэж Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмсын ойлголт юм. Шүүгдэгч нар нь Д.Ан БНСУ-аас Б.Ад олгосон итгэмжлэлийг ашиглаж нотариатч В.Бгээр итгэмжлэл гэрчлүүлсэн буюу итгэмжлэлд ямар нэгэн засвар оруулаагүй. Харин итгэмжлэлийг шинээр үйлдэж Д.Ан гарын үсгийг дуурайлган зурсан бөгөөд тухайн итгэмжлэлээр банк үйлчилгээ үзүүлсэн. Банкны зүгээс Иргэний хууль тогтоомжийн дагуу иттгэмжлэлээр үйлчилгээ үзүүлсэн болно. Мөн нотариатын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нотариатын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, нотариатчийн эрх зүйн байдлыг тогтоож, нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах болон хууль зүйн баталгааг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу банк тухайн үед нотариатын гэрчилсэн хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэж хадгаламж барьцаалсан зээл олгож барьцааны гэрээ байгуулсан бөгөөд барьцааны гэрээ болон Иргэний хууль, хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу зээлийг үл маргах журмаар төлүүлсэн бөгөөд банкны хувьд хохирол хүлээгээгүй этгээд болно. Б.А, С.Тнар нь хадгаламжийн мөнгийг авах субъектив сэдлээр нотариатч В.Бг гуйж итгэмжлэл үйлдүүлэн Д.Ат хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэх учир уг хохирлыг банк авах нь шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үр дагавар үүсэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол төлбөртэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим алдагдсан. Миний үйлчлүүлэгч В.Бгийн хувьд гэм бурууд огт маргадаггүй, цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрч, өөрт ноогдох 2,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгож шийдвэрлэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалтууд хуулийн хүчин төгөлдөр үргэлжлэн үйлчилж эхэлсэн бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хэд хэдэн нөхцөл байдал бий болсон. В.Б гуайн холбогдсон хэргийн тухайд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн буюу тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д “гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж хуульчилсан байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1551-д заасан нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэрэг нь 5 жил хүртэл хорих ялтай хүндэвтэр ангилалд хамаардаг байсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж, уг өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэснийг яллагдагчаар татах хүртэл тоолно гэж тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлаж шүүхийн шийдвэр гарах үе хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолбол мөн дууссан байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т өршөөлд хамаарахгүй гэмт хэргүүдийг зааж өгсөн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1551заасан гэмт хэрэг дурдагдаагүй байна. Иймд шийтгэх тогтоолын 3 дахь хэсэг буюу В.Бд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, дээрх үндэслэлүүдээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгч Б.Байгалмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх Р.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан үндэслэлээ “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй” гэж тайлбарласан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий 1.10 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэх заалт бүхий Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр Р.А нарт холбогдох хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалт үйлчлэх боломжтой болсон боловч хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 7 сар өнгөрсөн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн. Иймд Р.Ат холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн үйлчлүүлэгч Р.Аийн хяналтын журмаар гаргасан гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Мөн шүүхэд иргэний нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... би мөрдөн байцаалтын ажиллагаанаас мөнгөө Хаан банкнаас нэхэмжилж ирсэн. Учир нь миний бие БНСУ-д ажиллаж олсон мөнгөө Хаан банканд хугацаатайгаар хадгалуулж байсан хадгаламж эзэмшигч учир мөнгийг найдвартай хадгалж чадаагүй банкнаас нэхэмжилсэн. Шүүгдэгч нарыг ямар гэмт хэрэг үйлдэж, мөнгийг хэрхэн авсан талаар огт мэдээгүй байсан учир тэднээс мөнгөө нэхэмжлээгүй. Би шүүгдэгч нараас мөнгө нэхэмжлээгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нараас хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хамгийн гол нь Хаан банкны теллер болон салбарын эрхлэгчийг нотариатын бичгийг шалгаагүйд бус хадгаламж барьцаалсан зээлийг дүрэм журмын дагуу олгоогүйд асар их гомдолтой байна. Хоёр шатны шүүх Хаан банктай холбоотой хэлэлцүүлгийг явуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Миний бие 6 жилийн турш Хаан банкнаас болж эрүүгийн хэрэгт оролцож буй хохирогч. Энэ хэрэг дууссаны дараа иргэний хэргийн шүүхээр Хаан банктай мэтгэлцэж хадгаламжийн мөнгөө хүүгийн хамт гаргуулах ажиллагаагаа эхэлмээр байна. Асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийдвэр гарахдаа давхардах маягтай гарсан. Өөрөөр хэлбэл төлбөр мөнгийг Д.Агт олгохоор, мөн иргэний хэргийн шүүхээр дамжуулж Хаан банкнаас нэхэмжлэх агуулгатай шийдвэр гаргасныг Д.А эс зөвшөөрч давж заалдах гомдолд гаргасныг давж заалдах шатны шүүх хангасан нь үндэслэлтэй буюу шударга ёсонд нийцсэн шийдэл болсон. Д.А нарын авсан зээлийг Хаан банк эсвэл Д.А нэхэмжлэх эсэх асуудал бий. Тухайн үед манай үйлчлүүлэгч Д.А Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд Д.А нартай ямар холбоотой байгаагүй. Харин Д.А нар нь Хаан банкны ажилтныг төөрөгдөлд оруулж зээл авсан бөгөөд зээлээ төлөөгүй учир Д.А данснаас шууд таталт хийж авсан. Банкны тухай хууль болон Хаан банк, Д.А нарын хоорондын гэрээнд ч хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгөнөөс өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн шилжилт хийхгүй байх зохицуулалттай. Гэтэл Д.А хадгаламжаас дур мэдэн мөнгөө авчхаад хадгаламж эзэмшигч харилцагчаа хохироож байгаа нь туйлын харамсалтай. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч С.Т өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу процессын шинжийг илэрхийлж байна. Материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь өөр өөр харилцааг зохицуулдаг хоорондоо ялгаатай ойлголт хэдий ч зарим тохиолдолд эдгээр хэм хэмжээний зохицуулалтын хил хязгаар давхцаж холимог шинжийг илэрхийлдэг. Эсхүл харилцсан зөрчилдсөн байдлаар хуульд тусгагдаж болохыг эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн онолоор хүлээн зөвшөөрсөн учир тухайн хэм хэмжээний агуулга, мөн чанарыг харгалзан хэрэглэдэг” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолохтой холбоотой хэм хэмжээ нь агуулга, мөн чанарын хувьд процессын шинжтэй хуулийн зохицуулалт байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх ойлголт байхгүй гэсэн дүгнэлт хийсэн. С.Тг яллагдагчаар татах тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинэ хуулийн зохицуулалтаар яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Дээрх хугацаанаас хойш хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхэд хэд хэдэн удаа хэлэлцэгдэх үед хуульд өөрчлөлт орсон. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг хэрэглэх ёстой гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зохицуулалттай. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй. С.Тэрүүл мэндийн хувьд нүдний хараа маш муудсан бөгөөд 1 жил, 4 сар, 25 хоног цагдан хоригдсон байна. С.Т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тогтоол, магадлалд оруулах саналтай байна” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Батболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан Б.Агийн гомдлыг дэмжиж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй тул хэргийг прокурорт буцааж дахин шалгаж өгнө үү. Учир нь ял завшиж буй хүмүүс байгаа талаар давж заалдах гомдол гаргаж байсан” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар хэлье. Шүүгдэгч Б.Агийн хувьд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, шүүгдэгч В.Бг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, шүүгдэгч С.Тг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, шүүгдэгч С.А 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хариуцлагад татсан байна. Гэмт хэргийн халдлагын шууд объект нь Хаан банк байх тул давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн. Харин 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиудаас аль ашигтай заалтуудыг түүн авч, хоёр хуулийг хооронд нь хольж хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас энэ хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй. Харин шүүгдэгч В.Бд холбогдох хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлд зааснаар ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд оногдуулах ялын доод санкцийг зааж өгсөн буюу 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хүнд санкцтай байсан байна. Иймд шүүгдэгч В.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэг болгон өөрчилж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх нь зүйтэй. Бусад шүүгдэгч нарын хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэр бүхий шүүгдэгч нарыг залилах болон тусгайлан олгосон эрхээ хэтрүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэм бурууг тогтоосон анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт, хуулийн хэрэглээ, тухайн хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөхөн төлүүлэх арга зам, хэр хэмжээг зөвтгөн тогтоосон  давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Б.А нь өөрийн төрсөн дүү Д.А олгосон  “хадгаламжийн дансны хуулга авах” тухай итгэмжлэлийн агуулгыг “мөнгө авах” хэмээн нэмж засч өөрчилсөн итгэмжлэлийг өөрийн танил С.Т, Д.А нарын дэмжлэг, туслалцаатайгаар нотариатч В.Бгээр үйлдүүлж, улмаар уг хуурамч агуулгатай итгэмжлэлээр ХААН банкны ажилтнуудыг залилж Д.А хадгаламжийг барьцаалсан зээл авч ашигласан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж банкинд учруулсан хохирлыг хадгаламж эзэмшигч Д.А олгохоор буруу шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн ХААН банкинд олгохоор залруулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Учир нь хадгаламж барьцаалсан зээлийг хуурамч баримт бичгээр буюу  нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл ашиглан залилсан гэмт хэргийн хохирогчоор тогтоогдвол зохих этгээд нь тухайн үйл ажиллагааг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн хууль ёсны дагуу хариуцан эрхэлж буй банк бөгөөд шүүгдэгч нар нь хуурамч баримт ашиглах замаар хадгаламж эзэмшигчийг бус харин хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг залилж хохирол учруулсан байх тул энэхүү хууль бус үйлдлийн үр дагавар нь Б.А хадгаламжийн гэрээг цуцлах, өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлийг бий болгохгүй болно.

 

Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар хохирогч байгууллага ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх гомдлын тухайд тэрээр ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 24 болон 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд нэг төрлийн гэмт хэргийг өөр өөр цаг хугацаанд үйлдсэн ч тус тусад нь салгаж зүйлчлэх үндэслэлгүй тул ба гэмт үйлдэл бүрийг салган зүйлчилбэл Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулах үр дагавартай болно. 

 

Прокуророос шүүгдэгч нарт ял сонсгож яллагдагчаар татахдаа гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бус сүүлд батлагдсан боловч оногдуулах ялын хэмжээ эрс багассан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэдний гэмт үйлдлийг зүйлчилж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг зөв сонгон хэрэглэсэн байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хорих ялын доод хэмжээг хоёр жил, дээд хэмжээг найман жилээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн Б.А, Р.А, С.Тнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хугацааны дотор яллагдагчаар татсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсжээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой ч шинээр батлагдсан хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шүүгдэгчид ашигтай хуулийг сонгон хэрэглэдэг хууль хэрэглээний жишигтэй боловч хуучин, шинэ хуулийн зохицуулалтыг хольж хэрэглэх хууль зүйн боломжгүй учир шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч С.Т өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.    

 

Харин 2015 оны 12 дугаар сарын 24-нд үйлдсэн шүүгдэгч В.Бгийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай тул шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч болон шүүх хуралдаанд оролцсон прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд прокуророос шүүгдэгч В.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.2 дахь хэсэг болгон өөрчилж, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан 5 жил өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, бусад шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар магадлалд:

 

“Шүүгдэгч В.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.2 дахь хэсэг болгон өөрчилж, түүнд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.2 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

2.Хохирогч байгууллага ХААН банкны хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох, шүүгдэгч Р.А болон түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч С.Т, шүүгдэгч Б.А нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         С.БАТДЭЛГЭР

 

ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

 

                                                                 Ч.ХОСБАЯР

 

                                                                 Б.ЦОГТ

 

                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН