Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 8

 

                                         

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, В.Амартүвшингийн нэхэмжлэлтэй “Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Амартүвшин, хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч В.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн билээ.

Миний бие Өмнөговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд хандан гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор В.Амартүвшинг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн болохыг тогтоож гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзсэн.

Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны

 

D:\Захиргаа\Ч.БАЯРМАА\Шийдвэр төсөл\Амартүвшин.docx

01 дугаар тогтоолын үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт нь ажлаас чөлөөлөх бус харин албан тушаал бууруулах үндэслэл тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид буруу үндэслэлээр

намайг ажлаас чөлөөлөх тухай тогтоол гаргасан байна.

Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 08 дугаар тогтоолд  “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй     байхыг           ойлгоно. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “...албан үүргээ биелүүлээгүй...” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ.” гэж заасны байдаг.

Миний хувьд 2016 оны үр дүнгийн гэрээгээ Хурлын даргатай байгуулж гэрээний дагуу ажил үүргээ биелүүлж үр дүнгийн гэрээгээ хангалттай, маш сайн биелүүлсэн дүнтэй дүгнүүлсэн байдаг.

Мөн Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн төрийн албанаас халах үндэслэлд “сонгуулийн тухай хууль” зөрчсөн гэдэг үндэслэл заагаагүй байна. Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т зааснаар “сонгуулийн хууль зөрчсөн албан хаагчид “сахилгын хариуцлага” хүлээлгэхээр заасан.

 В.Амартүвшин миний бие Төрийн албан тухай хуулийн 26.3-д зааснаар сонгуулийн тухай хуулийг зөрчиж улмаар сахилгын хариуцлага хүлээж байсан удаа байхгүй. Сонгуулийн хорооны үйл ажиллагаатай холбоотой ямар нэг гомдол тухайн үед гарсан бол энэ нь Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд үл хамаарах асуудал буюу Сонгуулийн байгууллагын эрх хэмжээнд хамаарагдах асуудал тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул 47.3. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоон өгч, Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д заасны дагуу миний ажил мэргэжил эрхлэх эрхийг минь сэргээж өгнө үү. Шагналын материал хэлэлцэнэ гэж хурал зарлачхаад хэлэлцэх асуудлаа хэлэлцэлгүй миний асуудлыг хэлэлцэж намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн заалт болох Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 нь албан тушаал бууруулах заалт байгаа, 23.1.2 дахь заалт нь төрийн алба эрхлэх шаардлага хангахгүй болсон гэсэн заалт, мөн 25.1.1 нь  2 буюу түүнээс дээш удаа ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халах заалт байгаа юм, Сонгуулийн тухай хуулийн заалт нь Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэн гэсэн заалт байгаа юм. Миний хувьд гарсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан” гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Эрдэнэжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Амартүвшин нь Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалтай ажил үүрэг гүйцэтгэж байсан ба нарийн бичгийн даргатай холбоотой ажлын хариуцлага алдсан, хариуцсан ажилдаа хуулийн зөрчил гаргасан зэргээс үүдэн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, хурлын нарийн бичгийн даргын ажилд хяналт, шалгалт хийснээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Нарийн бичгийн дарга В.Амартүвшин нь:

1. Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2-р хуралдааны гол үндсэн материал болох хурлын тэмдэглэлээ хөтөлж баталгаажуулаагүй. /Одоо ч хийгээгүй байгаа./

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хоёр удаагийн хуралдааны тэмдэглэл хөтөлж мөн баталгаажуулаагүй. /одоо ч хийгээгүй/

3.         Нарийн бичгийн даргын ажлын талаар болон хурлын гол нотлох баримт бичиг болох тэмдэглэлээ яагаад хийгээгүй талаар тэргүүлэгчид асуухад та нарт үзүүлэх болон тайлагнах албагүй үзүүлэх ч шаардлагагүй гэж хэлж татгалзаж байсан.

4.         Мөн орон нутгийн сонгуулийн салбар хорооны даргаар ажиллах хугацаандаа 25 нас хүрээгүй иргэнийг нэр дэвшигчээр бүртгэн авч тус нэр дэвшигчийн материалыг хуульд заасны дагуу нягтлан шалгаж аваагүйн улмаас нэр дэвшигч нэр дэвшиж чадаагүй хохирсон.

5.         Сонгуулийн хороонд хүргэгдсэн нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан хугацаанд архивлан хадгалах үүрэгтэй байтал одоог хүртэл үдэж, архивлан хадгалаагүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар сонгуулийн хороог татан буулгасан байхад сумын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн б-3/322 тоот албан бичгийн хариуд хууль зөрчин төлөөлөгчдийн материалыг хариу бичиг өгөлгүйгээр эх хувиар нь аваачиж өгсөн байгаа.

Нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдийн хувийн иж бүрдэл болох сонгуулийн хороонд бүрдүүлэн өгсөн материалыг хууль зөрчин Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр буюу өөрөө дур мэдэн материалуудыг эх хувиар нь гаргаж өгсөн. Тус материалуудыг Хурлын Тэргүүлэгчид хянан үзээд 171 хуудас бүхий материал дутуу байгааг тогтоогоод байна.

6. Нарийн бичгийн дарга В.Амартүвшин нь төрийн албанд ажиллах хугацаандаа намчирхаж ноцтой зөрчлүүд гаргаж байсан түүхтэй хүн.

 Жишээ нь: 2008 оны орон нутгийн сонгууль дуусч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит анхдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга сонгох дотоод сонгуулийн санал хураасан саналын хуудсыг хурлын даргын битүүмжилсэн сейфнээс нууцаар гарган авч орой, шөнийн цагаар айлд аваачин задалж тухайн үеийн МАХН-ын төлөөлөгч гишүүдийг дуудан өгч маргаан үүсгэж үүнээс улбаалан архидалт зодоон гарч байсан түүхтэй. Төрийн ажлын нууцыг хадгалж хамгаалж байх ёстой хүн маань ийм хариуцлагагүй үйлдэл хийж байсан удаатай. Эдгээр нь гэрч нотлох баримттай зүйл юм.

7.         Мөн багийн иргэдийн нийтийн Хурлын дарга нарын хурлын тэмдэглэл тогтоолыг хийхдээ нэгээс нөгөө рүү хуулан, /copy-paste/ хийж утга, агуулгын хувьд буруу бичиг баримт үйлдсэн,

-Багийн иргэдийн нийтийн Хурлын тэмдэглэлийг өөр багийн бланк дээр зөрүүлж бичсэн

-2008-2013 оны 01 дүгээр сарын 06-ныг хүртэл багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн боловч баталгаажуулаагүй.

-2013 оны 01 дүгээр 06-аас 2017 оны 01 сарын 03-ныг хүртэлх багийн иргэдийн нийтийн Хурльн хуралдааны тэмдэглэлийг хөтлөөгүй.

-Нэг өдөр 3 багийн хурал зэрэг хийсэн мэт он, cap, өдрийн буруу бичсэн зэргээр албан ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Нутгийн удирдлагын байгууллага ээлжит хуралдаанаа хийж байхад тус хуралдааны материалыг өөр багийн материалтай хольж хутган, /copy-paste/ хийсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг цаг тухайд нь хөтөлж баталгаажуулаагүй гэх мэт хариуцлагагүй ажилладгаас гадна өөрийн ажлын туршлага, ур чадвар муу гэж төлөөлөгчдийн ээлжит хурлаар нэг биш удаа анхааруулж ажил сайжруулах талаар сануулж байсан боловч энэ алдаа дутагдлаа ухамсарлан ажиллаагүй.

Амартүвшин нь төрийн захиргааны удирдах албан тушаалтны хувьд байж болохгүй ёс зүйгүй алдааг гаргаж ажилласан. Үүнд:

-Сонгуулийн материалыг гадагш гарган задалсан. –

Төлөөлөгчдийн материалыг эх хувиар нь хууль бусаар, даргын зөвшөөрөлгүйгээр цагдаад өгсөн.

-Хуралдааны тэмдэглэлийг цаг тухайд нь хөтөлж баталгаажуулдаггүй байсан зэрэг зөрчлүүдийг удаа дараалан гаргаж байсан.

Нэхэмжлэгч В.Амартүвшингийн мэдүүлсэн гомдолд зөрүүтэй зүйлүүд дурдагдсан байна. Ш.Эрдэнжаргал 3 удаа ажлаасаа гар гэж шахсан. Миний хувьд шахсан зүйл үгүй, өөртэй нь байдал ийм байна гэж ярилцаж байсан удаатай...” гэв.

                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Төрийн  албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.Амартүвшинг тус сумын Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч тал уг тогтоолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэсэн шалтгаанаа тайлбарлаагүй ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасныг үндэслэн сумын Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан В.Амартүвшинг ажлын хариуцлага алдсан, удаа дараа зөрчил гаргасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн гэсэн тайлбар гаргасан.

 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулж болохоор зохицуулсан. Түүнчлэн мөн хуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “...Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ,” 19.2-т “...Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, ...цол, зэрэг дэв олгох, ...албан тушаал бууруулах  асуудлыг шийдвэрлэнэ тус тус заажээ

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нь үр дүнгийн гэрээний биелэлтээр тогтоогдсон нөхцөлд тухайн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах эрх зүйн боломжийг эрх бүхий этгээдэд олгосон байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.1, 6.2 дахь хэсэгт зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь төрийн жинхэнэ албан хаагч-төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхөөр, 1.6-д зааснаар төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ болохоор тус тус зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь төрийн жинхэнэ албан хаагч-төсвийн шууд захирагч болох Хурлын нарийн бичгийн дарга В.Амартүвшинтэй 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээ дүгнэж, “А” буюу “Маш сайн” гэсэн үнэлгээ өгсөн болох нь тогтоогдсон.

            Мөн Хурлын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн а/05 дугаар захирамжаар В.Амартүвшинд үр дүнгийн гэрээний урамшуулалыг үндсэн цалингийн 45 хувиар тооцож олгосон байна.

Иймд сумын Хурлын дарга нь нарийн бичгийн дарга В.Амартүвшинтэй байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 93,2 оноо өгсөн, өөрөөр хэлбэл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинд “Маш сайн” гэсэн үнэлгээ өгч баталгаажуулсан мөртлөө түүнийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасантай нийцэхгүй байна гэж үзлээ.

 

 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулж болохоор зохицуулсан.

 

Хариуцагч тал маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолд уг заалтыг мөн баримталсан байх ба нэхэмжлэгч В.Амартүвшинг Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл Хурлын хуралдааны тэмдэглэлээ хөтөлж баталгаажуулаагүй, орон нутгийн хурлын сонгуулийн салбар хорооны даргаар ажиллаж байхдаа  зөрчил гаргасан, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлийг буруу хөтөлсөн зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарласан.

 

Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын[2] (2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн) ажлын байрны үндсэн зорилт болон ажлын байрны гол үйл ажиллагаанд В.Амартүвшинг буруутгаж буй чиг үүрэг тусгагдаагүй бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгч В.Амартүвшинг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Үүнээс гадна төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэгт ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн,тогтоосон журмыг зөрчсөн зэрэг зохих ёсоор биелүүлээгүй байхыг, 23.1.2-т заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдэгт болон үр дүнгийн гэрээг дутагдалтай,хангалтгүй гэж дүгнэсэн нөхцөл байдлыг тус тус ойлгох ба Хурлын хуралдааны тэмдэглэл хөтөлдөггүй, сонгуулийн хороонд ажиллахдаа алдаа гаргасан, багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, тогтоолыг буруу гаргасан  гэх зөрчлүүд нь үүнд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

 

Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэний хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-40.3-д заасан бичгээр гарч буй захиргааны актын шаардлага хангаагүй, үндэслэсэн хуулийн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, албан тушаал бууруулж буй эсэх нь тодорхойгүй, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг заагаагүй байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна.

 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч В.Амартүвшинг төрийн албанаас халах үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч нь зөрчил гэж үзэн маргаж байгаа асуудлуудыг шалган тогтоогоогүй, түүнчлэн хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй асуудлуудаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх...” гэж заасныг зөрчсөн хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хууль бус бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Амартүвшинг урьд эрхэлж байсан Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг оролцуулан 124 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6175200 (зургаан сая нэг зуун далан таван мянга хоёр зуу) төгрөгийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Ажилгүй байсан хугацааны олговроос зохих татвар шимтгэлийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх зэрэг нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх заалтыг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, В.Амартүвшинг Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд  эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 6175200 ( зургаан сая нэг зуун далан таван мянга хоёр зуу) төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч В.Амартүвшинд олгосугай.

3.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  • , ШҮҮГЧ                                 Ч.БАЯРМАА

 

 


[1] Хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас