Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0600

 

“Нт” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагч татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарыг  оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Нт” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0598 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг баримтлан “Нт” ХХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтанаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 дугаартай шийтгэлийн хуудлсыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт болох Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 260011993 шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд хийсэн татварын хэсэгчилсэн шалгалтаараа 260011993 дугаартай актаар манайд шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулахдаа хүчингүй болсон хууль буюу 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нягтлан бодох бүртгэлийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулахаас өмнөх үеийн Татварын ерөнхий хуулийн зүйл заалтуудыг үндэслэсэн юм. Монгол улсад дагаж мөрдөхөө больж хүчингүй болсон хуулийн зүйл заалтуудыг үндэслэсэн зөрчлийн акт нь бүхэлдээ илтэд хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан боловч шүүх ажилдаа хариуцлагагүй ханддаг албан тушаалтнуудын толгойг илж, 2 сараар түдгэлзүүлэх шийдвэр гаргасанг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд бидний гаргасан гомдлыг хангаж, зөрчлийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актыг шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал бий болсон байхыг ойлгох бөгөөд тухайн нөхцөл байдлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос нь хэтэрсэн тохиолдолд маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр зохицуулагдсан.

Гэтэл анхан шатны шүүхээс “...хариуцагч хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн, ... гомдол гаргагчийг зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийг шалгах эрх бүхий алтан тушаалтан зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнээд, үүнийг шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал гэж үзсэн нь үндэслэлгүй, шүүхээс захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хууль тайлбарлан хэрэглэж дүгнэх ёстой атал маргаан бүхий актад хүчингүй болсон хуулийг үндэслэсэн болох нь шүүхийн шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцэхгүй дүгнэлт байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, маргаан бүхий актад холбогдох нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх тул хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах эсэхийг шүүхээс хууль тайлбарлан хэрэглэж шийдвэрлэх асуудал байхад дээрх байдлаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 260011993 дугаартай шийтгэлийн хуудсаар “Нт” ХХК-ийг “М г э и” ХХК болон “Д” ХХК-иудын 165 793 377.26 төгрөгийн хий бичилттэй падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 25 716 191.20 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “М г э и” ХХК, “Д” ХХК-иудын захирал Р.Б нь “... татвар төлөгчдөд бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр баримт бичиж ... бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй мөртлөө авсан мэтээр тайлагнасан, бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тус тус тогтоосон” боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаартай албан бичгээр дээрх компаниудын бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаанд холбогдох аж ахуйн нэгжүүдийн /жагсаалтад “Нт” ХХК багтсан/ татварын ногдуулалт, төлөлтийг шалгах үүрэг өгсний дагуу хариуцагч нараас тухайн компанийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хэсэгчлэн шалгахад тус компани нь “М г э и” ХХК-иас 137 855 822.73 төгрөгийн, “Д” ХХК-иас 27 937 554.53 төгрөгийн үнэ бүхий бараа худалдан аваагүй атлаа уг хий бичилттэй падаануудыг 2016 оны 4 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан болохыг тогтоосон, мөн Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичгээр “Нт” ХХК нь дээрх зөрчлийг гаргасан боловч Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа тул холбогдох арга хэмжээг авахыг Татварын ерөнхий газарт мэдэгдсэн байна.

Үүнээс үзвэл, гомдол гаргагч нь “М г э и” ХХК, “Д” ХХК-иудаас бараа материал огт худалдан аваагүй, тухайн компанитай эрх зүйн харилцаа үүсгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг тэдгээр компаниудад төлөөгүй атлаа хуурамчаар үйлдсэн падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь нотлогджээ.

Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасантай нийцэхгүй, дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч нь татвар ногдуулах орлогыг бууруулсан нь тогтоогдсон байх тул түүний гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр нэгэнт прокурорын тогтоолоор “М г э и” ХХК, “Д” ХХК нь 2015-2016 онуудад бусдад бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлтийг хуурамчаар хийсэн, бараа худалдаагүй мөртлөө худалдсан мэтээр тайлагнасан болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн “...худалдан авалт хийх үед цахим худалдан авалтын системд бүртгэлтэй байсан, эдгээр компаниудын хууль зөрчсөн үйлдэлд бид хохирох ёсгүй” гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2015 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хийхдээ үнэн зөв байх зарчим баримтална”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж зааснаар худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримтуудаар үнэн зөв болох нь тогтоогдохгүй байх тул татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд,  

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нар нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд зөрчил үйлдэгдсэн 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “...төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “...нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг баримтлан шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй зөв байна.  

Харин шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт хүчингүй болсон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэж, “Нт” ХХК-ийн үйлдсэн зөрчлийг хүчингүй болсон тус хуулийн заалтуудтай нийцэхгүй гэж дүгнэсэн нь буруу боловч зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу хэрэглэвэл зохих Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.7, 18 дугаар зүйлийн 18.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.5-д маргаан бүхий актад үндэслэсэн хүчингүй болсон хуулийн заалтуудыг адил агуулгаар зохицуулсан байх тул энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.

Маргаан бүхий актаар хариуцагч нь холбогдох нотлох баримтуудад үндэслэн үйлдэгдсэн зөрчлийг зөв дүгнэж, зөрчилд хүлээлгэх хариуцлагын талаарх Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэлтэй тайлбарлаж шийтгэл оногдуулсан байх тул “...хүчингүй болсон хуулийг үндэслэх хэсэгтээ тайлбарласан” алдааг үндэслэн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй.

Дээрх үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байх тул гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0598 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.5, Татварын ерөнхий хуулийн /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3-д заасныг баримтлан “Нт” ХХК-ийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2600119963 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгож, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН