Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/01232

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1184 дүгээр магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Х-д холбогдох,

Итгэмжлэл, гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, гэрээг хүчин төгөлдөр бусад  тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь 2004 оноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хоолой Бэрх уулын ам дахь 15.000 м.кв газрыг амралт, сувиллын зориулалтаар эзэмшиж, 600.000.000 орчим төгрөгийн үнэтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө байршуулан ажиллаж байсан. 2011 оны 09 дүгээр сард хувь нийлүүлэгч А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нар шүүхээр хорих ял шийтгэгдэж, улмаар ял эдэлж байхад нь буюу 2012 оны 03 дугаар сарын 05-нд нотариатч Г.Х- нь хувь нийлүүлэгч нарын гэртээ үлдээсэн иргэний үнэмлэхийг иргэн Бат-Эрдэнэ ашиглан, компанийн эзэмшлийн газрыг иргэдийн итгэмжлэлээр М.Жавхланд шилжүүлэх 6 сарын хугацаатай итгэмжлэлийг гэрчилжээ.

Энэхүү хууль зөрчиж гэрчилсэн, хууль бус итгэмжлэлүүдийг ашиглан Н ХХК-ийн эзэмшлийн 0003761 дугаар гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг иргэн М.Жавхланд шилжүүлэх гэрээг иргэн Бат-Эрдэнийн зуучлалаар 2012 оны 03 дугаар сарын 21-нд хийж, уг гэрээг 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нотариатч Г.Х- гэрчилсэн байна.

Улмаар М.Жавхлан нь хууль зөрчиж гэрчилсэн дээрх итгэмжлэл, гэрээг ашиглан “Н” ХХК-ийн эзэмшлийн 0003761 дугаартай газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээг 2014 оны 03 дугаар сарын 19-нд 2 жилийн дараа гаргуулж, уг газрыг эзэмшжээ.

Иймд А.Халиун, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхаланд олгосон итгэмжлэл болон төлөөлөгч О.Энхжавхлан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэн гэрээг гэрчилсэн нотариатч Г.Х-гийн үйлдлүүдийг хүчингүйд тооцож, О.Энхжавхлан, Э.Наранчимэг нарын М.Жавхлантай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан итгэмжлэл, гэрээг гэрчлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,  А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нараас олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд М.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Булганаа, Н.Энхтуяа, А.Халиун нар нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, хорих ангид ял эдэлж байсан. Бусдад өр төлбөртэй байсан бөгөөд өр төлбөрөө барагдуулах зайлшгүй шаардлагатай байсан тул тус компанийн захирал Н.Энхтуяа нь өөрийн нөхөр болох Ц.Бат-Эрдэнээр дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хоолой Бэрх уулын ам дахь /0003761/ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 15,000 м.кв газрыг М.Жавхланд зарсан. Тус итгэмжлэлүүд хуульд нийцсэн байсан бөгөөд бүх хүмүүс гарын үсгээ зурсан байсан. Талууд өөрсдөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гэрээ байгуулсан ба мөнгөө бүрэн авсан. 4 жилийн өмнө энэ гэрээний үүрэг дуусгавар болчихсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х-гийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Х-гаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Найман шарга” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1184 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар М.Жавхлан нь 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Наранчимэг, О.Энхжавхлан нартай байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үйлдлийг хүчингүйд тооцсугай”. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-05-19-ний өдрийн 1184 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй болсон нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын М.Жавхлантай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр нь гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож байгааг анхаараагүй учир магадлал хууль ёсны болж чадсангүй. Нотариатч Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.2, 46.4, 46.7 дах хэсэгт заасны дагуу гэрчилсэн тул гэрээ гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүйд тооцогдох үндэслэлгүй.

А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нар нь итгэмжлэлд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдний гарын үсэг зурсан итгэмжлэлд үндэслэн Э.Наранчимэг, О.Энхжавхлан нар нь М.Жавхлантай Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг 2012-03-21-ний өдөр төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд Иргэний хуулийн 62.1, 62.3, 62.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн М.Жавхлан нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг төлөөлөх эрхтэй гэж ойлгон тухайн гэрээг байгуулсан байхад гуравдагч этгээд М.Жавхлангийн эрх ашгийг хөндөн гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй. Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан М.Жавхлан болон О.Энхжавхлан нар өнөөдрийг хүртэл нотариатчийн үйлдэл хууль зөрчсөн хүчингүй болгох талаар шаардлага гаргаагүй байхад гэрээний талуудын чөлөөт байдалд шүүх хөндлөнгөөс халдаж дүгнэлт хийсэн. Гуравдагч этгээд М.Жавхлангийн байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ бол хуулийн дагуу байгуулагдаж батлагдсан хүчин төгөлдөр гэрээ, тус гэрээг анхнаасаа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Г.Х-д холбогдуулан итгэмжлэл, гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, ...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

“Н ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нар нь тус компанийн эзэмшлийн  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Бэрх уулын аманд орших, 15.000 м.кв талбай бүхий амралт, сувиллын зориулалт бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 2012 оны 3 дугаар сарын 5-ний өдрийн итгэмжлэлээр Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарт олгожээ /хэргийн 8-10 дугаар тал/.

Уг итгэмжлэлийг гэрчлэхдээ хариуцагч Г.Х- нь нотариатын үйлдлийг өөрөө эрхлэн явуулаагүй, харин түүний туслах гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна”, 5 дугаар зүйлийн 5.2–т “эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно” гэж тус тус заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Тухайн үед Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нар хорих ял эдэлж байсан бөгөөд нотариатч нь итгэмжлэл гэрчлэхдээ хорих анги дээр очиж үйлчлүүлэгч нарт эрх үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн итгэмжлэлийг хүсэл зоригийн дагуу үйлдэж буй болох, мөн түүний үр дагаврыг тайлбарлан өгсөн эсэх нь тодорхой бус байна.  

Түүнчлэн зайлшгүй нөхцөл байдлын улмаас нотариатын үйлдлийг яаралтай хийж, дараа нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тусгайлан тодруулах тухай Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранчимэг, О.Энхжавхлан нар нь 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр М.Жавхлантай газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээг мөн хариуцагч Г.Х- гэрчилсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 5-ний өдрийн А/28 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг М.Жавхланд шилжүүлж, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийг цэгийг хүлээлгэн өгсөн байх ба газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрт 300.000.000 төгрөг өгсөн гэсэн гуравдагч этгээдийн тайлбарыг нэхэмжлэгч нар үгүйсгэж чадаагүй байна. 

Талууд газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан ба уг гэрээг нотариатч Г.Х- 2012 оны 3 дугаар сарын 22-ний өдөр гэрчилсэн нь нотариатын бүртгэлийн дэвтэрт тусгагджээ /хэргийн 96-97 дугаар тал/.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэжээ. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаар Э.Наранчимэг, О.Энхжавхлан нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд өөрсдийг нь төлөөлж гарын үсэг зурах Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нарын хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч, улмаар итгэмжлэлд гарын үсэг зурсан байх тул гэрээ болон нотариатын үйлдлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гэрээний талуудад бус гэрээг гэрчилсэн нотариатчид холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг бичээгүй орхигдуулжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Э.Наранчимэг, О.Энхжавхлан болон М.Жавхлан нарын хооронд байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэлд дурдагдаагүй гэрээг заажээ.

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэх нь гэрээний хүчин төгөлдөр байдлын хэлбэрийн шаардлагад хамаарах боловч нотариатчийн энэхүү үйлдэл нь уг гэрээний агуулгын хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлох нөхцөл биш болно.    

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох” гомдлыг хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.                    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1184 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын  “...байх тул...” гэсний дараа “нэхэмжлэгч “...Н” ХХК-ийн...” гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.    

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.           

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРСАЙХАН

                ШҮҮГЧ                                                           Г.ЦАГААНЦООЖ