Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00511

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00511

 

 

2024 03 15 210/МА2024/00511

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03940 дугаар шийдвэртэй

А.Г-ын нэхэмжлэлтэй, Д.Т-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 66,675,800 төгрөг гаргуулах үндсэн, хамтран ажиллах гэрээний зардалд 69,698,133 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч Д.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Т- нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт шаардлагатай, мөнгө зээлүүлээч гэсний дагуу түүнд 2022 оны 09 сарын 08-ны өдөр 160,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 01 сарын 13-ны өдөр хариуцагч Д.Т-ын эхнэр н.Б-ын эзэмшлийн ***** ХХК-ийн дансаар 60,000,000 төгрөг, мөн 2023 оны 01, 02 сард БНХАУ-аас оруулж ирсэн барааны тодорхой үнийг тооцуулан 33,324,200 төгрөгийн барааг тус тус зээлийн төлбөртөө тооцож өгсөн. Иймд үлдэх 66,675,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хамтран үйл ажиллагаа явуулж байсан О.Г-ийн хүсэлтээр А.Г-ыг хөрөнгө оруулагчаар оруулж хамтран ажилласан. Ковид-19 цар тахлын үед Монгол банкнаас гарсан түр журмаас шалтгаалан О.Г-ын шилжүүлсэн мөнгийг өөрийн дансанд авсан нь үнэн. Үүнийг 160,000,000 төгрөгийг нэг удаагийнх биш, А.Г-ын гуравдахь удаагийн хөрөнгө оруулалт байсан. Тэрээр өмнөх хоёр удаагийн хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн нь банкны баримтаар нотлогдоно. Бидний хамтран хийж байгаа ажил дуусаагүй, барааны үлдэгдэл агуулахад хадгалагдаж байна. 2022 оны 12 сарын 25-ны өдөр шинэ жилийн борлуулалтын орлогоос 60,000,000 төгрөгийг А.Г-од өгсөн, мөн 33,000,000 төгрөгийн бараа нь өөрийнх нь авч борлуулсан бараа юм. Бараа оруулж ирснийг А.Г- аваад буцаагаад ашигтай ажилласан нь өөрийнх нь гар бичмэлээр гурвуулаа хамт сууж байгаад баталсан үнээр борлуулж байсан. 33,000,000 төгрөгийн бараанаас А.Г- ашгаа хүртсэн. Би түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.Г- нь 2022 оны 12 сард Герман улсад амьдрахаар явснаас хойш хамтын үйл ажиллагаанд гуравдагч этгээдийн хяналт байхгүй болж О.Г- борлуулалтын орлогыг дундын дансанд тушаахаа больсон. А.Г- гадаадад, О.Г- ажлаа хийхгүй, н.Днь өвдөөд явсан учраас үүнээс хойшхи бүх зардлыг би гаргасан. Тухайлбал, жолоочийн цалин, автомашины шатахуун, агуулахын түрээс г.м зардлуудаа нэмээд одоо агуулахад хадгалагдаж буй хугацаа нь дууссан барааны үнэлгээ нь 300,000,000 төгрөг. Энэ үнэлгээг Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас гаргаж өгсөн үнэлгээ юм. Иймд хамтран ажиллах гэрээний үүрэгт дээрх зардалд А.Г-ын хариуцвал зохих зардал 69,698,133 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагч нь компанид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэж уг мөнгийг зээлийн эх үүсвэрээр надаас бүрдүүлж бараа импортоор авч худалдан борлуулсан юм. Энэ нөхцөл байдлыг гэрч нар нотлоно. Иймд хамтран ажиллахаар харилцан тохиролцоогүй, нэхэмжилж байгаа зардлууд нь бодитоор гараагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г-ын хариуцагч Д.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 66,675,800 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Д.Т-ын нэхэмжлэгч А.Г-оос хамтран ажиллах гэрээний үүрэгт 69,698,133 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 491,329 төгрөг, хариуцагчийн төлсөн 506,441 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэртээ, нэхэмжлэгч А.Г-оос 2022 оны 09 сарын 08-ны өдөр Д.Т-ын Голомт банкны 1601241006 тоот дансанд зээл олгов гэсэн утгатай 160,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон ч нэхэмжпэлийн үндэслэл эргэлзээгүй нотлогдоогүй гэж, мөн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь аливаа иргэний эрх зүйн харилцаанд гэрээний зүйчлэлийг оновчтой тогтоохын тулд талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийг харгалзан үзэх, гэрээний гол нөхцөлийг тодорхойлон шалгах, гэрээнд тусгагдсан бол нэмэлт нөхцөлийг харгалзан үзэх байдлаар тогтоох нь зүйтэй байсан. Нэхэмжлэгч нь 160,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэх хүсэл зоригтой байсан нь мөнгийг зээл олгов гэсэн утгаар шилжүүлснийг болон уг харилцааг Д.Т- нь хүлээн авсан зэрэг хэргийн баримтаар тогтоогдсоныг шүүх анхаарч үнэлээгүй.

6.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж гол нөхцөлийг заасан байдаг. Үүнээс үзэхэд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч тухайн мөнгөн хөрөнгийг тодорхой хугацааны дараа буцаан шилжүүлэх гол нөхцөлд хамаарч байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 160,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн талаар маргадаггүй ба уг мөнгөний тодорхой хэсгийг зээл төлөв гэсэн утгаар буцаан шилжүүлснээр тогтоогддог. Харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан гэрээний гол нөхцөл үгүйсгэгддэг бөгөөд нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөний хариу төлбөрийг авах хүсэл зориг илэрхийлээгүй бөгөөд зөвхөн зээлдүүлсэн мөнгийг тухайн хэмжээгээр нь буцаан шаардаж байсан. Иймд үззх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

6.3. Шийдвэрт, нэхэмжлэгчийн 160,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Өнгөт цагираг ХХК-ийн данснаас БНХАУ-ийн компанид гадаад мөнгөн шилжүүлэг хийгсэн, А.Г-оос 2023 оны 09 сарын 23-ны өдөр Вичатаар барааны захиалга хийгдсэн одоо 3-лаа борлуулах ажлаа сайн хийх хэрэгтэй гэсэн зурвас болон жолооч Н.Д-эй байгуулсан гэрээ дүгнэсэн актад нэхэмжлэгч гарын үсэг зурсан зэрэг баримтаар хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн нь буруу юм. Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчийн үйл ажиллагаанд оролцсоныг нотлох боломжтой ч нэхэмжлэгчийн уг үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй байсныг тодорхойлох боломжгүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулсан нь тогтоогдох боломжтой ч нэхэмжпэгчийг ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээний хураамжийг төлсөн гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж гэрээний зүйлчлэлд огт хамааралгүй үйл баримтыг тогтоон талууд хамтран ажилласан гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Би А.Г-оос мөнгө зээлээгүй. Би 33,000,000 төгрөгийн бараа өгсөн юм шиг харагдаж байна. Үндсэндээ 16 удаагийн үйлдлээр өөр өөр өдөр, тус тусдаа падаан бичиж, өөрөө гарын үсэг зураад барааг хүлээж аваад цааш нь борлуулж байсан. Татварт мэдүүлэхдээ энэ мөнгийг юу гэж мэдүүлэх вэ, дараа нь олсон орлогоос А.Г-ын оруулсан хөрөнгө оруулалтыг яах вэ гэдгийг ялгаж, салгах гэж гүйлгээний утга дээр зээл гэж бичсэн. Би А.Г-той найз, нөхдийн харилцаатай биш. А.Г- нь О.Г-той хамтран бизнес хийе гэсний дагуу А.Г-той хамтарч ажилласан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч Д.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,675,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний үүрэгт 69,698,133 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Д.Т-ын хүсэлтээр 160,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 08-ны өдөр шилжүүлсэн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...160,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утга нь зээл олгов гэсэн утгатай, буцаан шилжүүлсэн төлбөрүүд ч зээл төлөв гэсэн утгатай... гэж тус тус тодорхойлжээ.

Нэхэмжлэгч А.Г- 2022 оны 09 сарын 08-ны өдөр хариуцагч Д.Т-ын Голомт банкны ****тоот дансанд 160,000,000 төгрөгийг зээл олгов гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, нэхэмжлэгчийн Хаан банкны **** тоот дансанд 2023 оны 01 сарын 13-ны өдөр А.Г-од зээл төлөв 2022 10 сар гэсэн гүйлгээний утгаар 60,000,000 төгрөгийг хариуцагч шилжүүлжээ. Эдгээр баримтууд нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг эргэлзээгүй байдлаар нотлохгүй, нэхэмжлэгч 160,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийг тэдгээрийн хооронд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүйг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүйг зөв тогтоожээ.

3.2. Хариуцагчийн А.Г-, О.Г- бид БНХАУ-ын **** компанийн барааг манай гэр бүлийн ****ХХК-аар дамжуулан авч худалдан борлуулж ашиг хүртэхээр бид хамтран ажилласан гэх агуулгаар илэрхийлсэн татгалзлыг анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Тодруулбал, талууд ****** ХХК-аар дамжуулан гадаад мөнгөн гуйвуулгын гүйлгээ хийж, БНХАУ-аас амтат жигнэмэг импортлон худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахад нэхэмжлэгч идэвхтэй оролцож байсан нь ***** ХХК, иргэн С.Д нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр борлуулагчийн жимс, компот борлуулсан ажлыг талууд 2023 оны 02 сарын 10-ны өдөр дүгнэж акт үйлдэхэд нэхэмжлэгч гарын үсэг зурсан, мөн зохигч болон хамтрагч гэх О.Г- нарын хооронд харилцсан facebook /фэсэбүүк/, Wechat /Вичат/-р харилцсан цахим захидалд шүүхээс 2023 оны 11 сарын 08-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч О.Г-ийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.

 

4. Иймд хариуцагчийн тайлбар, хэргийн бусад баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл үгүйсгэгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байх тул шүүх нотлох баримтыг бодитой үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу хураамжид 160,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн нь, түүнчлэн талууд хамтран ажиллах гэрээний талуудын эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах болон гэрээнээс гарах журам, дундын хөрөнгийг хэрхэн хуваарилах нөхцөлөө тохиролцсон нь тус тус хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,329 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ