| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0248/Э |
| Дугаар | 295 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 17.5.2., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Т.С,
Улсын яллагч Ш.Алтанцэцэг,
Хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа,
Шүүгдэгч Б.Г-О, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-н Г-О холбогдох эрүүгийн 1810018750872 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ай ти инженер мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н Г-О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Б.Г-О нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр вилла” хотхоны байрыг иргэн Ч.О худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100 сая төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Анх Г-Ооос “Тэнгэр вилла” хотхоны 3 тоот байрыг 1 тэрбум 800 сая төгрөгөөр тохирсон. Энэ нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байсан. Намайг та 10 сая төгрөг өгчих, тэгээд байрандаа ороод 4-5 сар буюу өвлийг дуустал амьдарч үзээд таалагдвал ав гэж хэлсэн. Таалагдахгүй бол би зарахгүй. Би энэ байрыг нэг сарын 5 сая төгрөгөөр бодож түрээслээд мөнгөө таниас авъя. Тэгэхгүй гэвэл та амьдарч үзээд, авна гэвэл 1 тэрбум 800 сая төгрөгөөр тохирьё гэсэн. Би үнийг нь ямар нэгэн хэмжээгээр буулгаагүй тохирсон. Амьдарч үзээд таалагдаад байрыг авахаар болж мөнгийг цувуулж өгсөн. Б.Г-О-д мөнгө шилжүүлж байхдаа 1 тэрбум 800 сая төгрөг гэдэг бага мөнгө биш, би өөрөө шилжүүлж чадахгүй байж магадгүй, тэгэхээр “Голомт банк”-иар зээл гаргаж магадгүй, эсвэл би өөрөө төлөхөөр болбол 2 сарын 13, 3 сарын 13, 4 сарын 13-н гэсэн хугацаатайгаар хийе гэж тохирсон. Худалдаж авсан болохоо гэрчлээд 2 сарын 13-нд нотариат дээр очиж анхны худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Өмнө нь 10 дугаар сард байранд орсон, 12 дугаар сард дулаахан байсан болохоор байрыг чинь худалдаж авъя “чиний анхны 10 сая төгрөгийг чинь хасаж тооцно биз дээ гэж хэлэхэд “хасна ямар ч байсан та мөнгөө шилжүүлж бай” гэж хэлсэн. Бид нар байрны төлбөрийг 2 сарын 13, 3 сарын 13, 4 сарын 13-н гэсэн хугацаатай байхаар гэрээн дээрээ тусгаж гэрээгээ байгуулсан. Би 2 сарын 13 наас 4 сарын 13-ны хооронд Голомт банкнаас зээл хүсээд Голомт банкны шийдвэр 5 сарын 17-нд гарсан. Энэ хугацаанд бид хоёр өгөлцөж авалцсан зүйлээ тулгасан. Би 5 сарын 17-нд “Голомт банк”-иар мөнгөө шилжүүлэхдээ үлдэгдлээ хоёулаа тааруулъя гэж хэлсэн. Тэгэхэд надад 4 сарын 13-ны өдөр шилжүүлсэн 100 сая төгрөгийг гаргаж хэлж өгөөгүй. Энэ мөнгийг Г-О руу огт ашигладагүй данснаасаа шилжүүлсэн. Г-О 4 сарын 13-ны өдөр шилжүүлсэн мөнгийг над руу хэлэлгүйгээр тооцоо нийлсэн. 5 сарын 17-ны өдөр банкнаас Г-О руу 1 тэрбум 200 сая төгрөг орох ёстой байсан. Тооцоог тулгахад Г-О надад 4 сарын 13-ны тооцоог хэлж өгөөгүй. Ингээд үлдэгдэл тооцоо хийхэд банкнаас болон надаас мөнгө шилжсэн байгаа. Үүний дараа би 6 сарын 07-нд дансаа шалгаж байгаад Г-О руу 100 сая төгрөг илүү шилжүүлсэн гэдгээ мэдсэн. Тэгээд Г-О руу чам руу 100 сая төгрөг илүү шилжсэн байна, чи буцаагаад өгөөч ээ гэсэн чинь тийм юм ерөөсөө байхгүй гээд зөвшөөрөөгүй. Тэгээд 6 сарын 13 болсон, би чи авсан байна шүү дээ өгөөчээ гэхэд нилээн олон юм ярьсан. Тэгээд би чамайг цагдаад хэлнэ. Тэгэхгүй бол чи өгөхгүй юм байна гэдгээ хэлж Цагдаагийн байгууллагад өгсөн. Прокурорын байгууллага хянаж үзээд 4 сарын 13-нд мөнгө орсон эсэх нь тогтоогдохгүй байна гээд хэргийг буцаасан. Би дахин гомдол гаргаж, энэ хэргийг дахин шалгуулах болсон. Тэр болтол Г-О 100 сая төгрөг “аваагүй гэдгээр” мэлзсээр л байсан. Гэтэл Г-О энэ хэргийн шүүх хурал болтол тавилга яриад эхэлсэн. 100 сая төгрөг илүү орсон талаар яригдаж байснаа сүүлдээ тавилга яригдаад эхэлсэн. Энэ байр дээрээ 4 өрөө дороо нэг өрөө буюу 5 өрөө байр байсан. Тавилгыг анх Г-О надад хэлэхдээ би 5 өрөө байрны тавилгыг тавих газар байхгүй. Надад бараг 4-5 өрөө байр хэрэгтэй. Би хаанаа хадгалах вэ, энэ тавилгууд надад хэрэггүй болсон гээд гар дээрээ дарж байгаад энэ байрнаас 2 чулуун хүүхэд, 2 хөргөгч, 5 хивс, дээд талын хүүхдийн өрөөний тавилга зэргийг л авбал авна. Бусдыг нь та худалдаж авчээ гэж хэлсэн. Мөн дээр нь абожур оруулна. Манай ээж энэ абожурнуудыг цуглуулсан юм, та худалдаад авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи үнийг нь хэл гэж хэлсэн, хэт үнэтэй бол би авч чадахгүй шүү гэдгээ хэлсэн. Гэтэл надад 10 сая төгрөг гэж санал болгосон. Манай нөхөр Г-О-д чамаас ямар ч тавилга авахгүй, манайх байранд орж байж хүний хуучин тавилга авахгүй гэж хэлсэн. Энэ хоёр нилээн удаан ярилцсан. Г-О өөрөө тэрийгээ мэдэж л байх ёстой яагаад ингээд худлаа яриад байдаг юм. Тэрнээс би тэр тавилгыг авъя гэж хэлээгүй. Надад тавилганы үнэ 50 сая төгрөгийг шилжүүлээрэй гэж Г-О огт хэлээгүй гэв.
Хавтаст хэргээс судалсан баримтууд болох:
3. Хохирогч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Г-О-той 2018 оны 2 дугаар сарын 13-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ байр нь “Тэнгэр вилла” хотхоны 3 тоотод байрлалтай, , нийт 1.800.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Г-О Отгон гэх хүнээс итгэмжлэл авсан байсан.
2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, энэ мөнгө нь 2 сарын түрээсийн мөнгө,
2017 оны 10 дугаар сарын 05-нд 50.000.000 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 08-нд 20.000.000 төгрөг,
2018 оны 2 дугаар сарын 13-нд 50.000.000 төгрөг,
2018 оны 3 дугаар сарын 02-нд 60.000.000 төгрөг,
2018 оны 4 дүгээр сарын 13-нд 100.000.000 төгрөг, нийт 320.000.000 төгрөгийг Г-Оод шилжүүлсэн байсныг бид хоёрын хэн аль нь мэдэж байсан.
4 дүгээр сарын 27-нд 20.000.000 төгрөг,
5 дугаар сарын 4-нд 150.000.000 төгрөг,
5 дугаар сарын 18-нд гэрээний нийт үнийн дүн болох 1.780.000.000 төгрөгөөс 200.000.000 төгрөгийг байрны хаалга, цонхыг засах мөнгө гэж хасаж нийт үнийг 1.780.000.000 төгрөгөөр худалдаж авахаар нэмэлт өөрчлөлт оруулж дахин гэрээ хийсэн. Гэхдээ гэрээн дээр 1.780.000.000 төгрөг гэж бичээгүй. Ингээд энэ өдрөс 154.000.000 төгрөгийг шилжүүлж 36.000.000 төгрөгийг Г-О-н өмнөөс Улаанбаатар банкны үл хөдлөх хөрөнгийн татварт шилжүүлсэн. Ингээд би нийт Г-Оод 700.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Би өөрөө 6 дугаар сарын 06-ны өдөр өөрийнхөө дансны хуулгыг шалгаж байгаад илүү 100.000.000 төгрөгийг шилжүүлснээ мэдээд Г-О руу залгаад би чамд илүү 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна гэхэд миний өөдөөс үгүй тийм байх ёсгүй гэхээр нь чи дансаа шалгаад үзээдэх гэсэн чинь би завгүй байна, Америк явах гэж байна гэж хэлсэн. ...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Г-О-той өгсөн авснаа тулгаж үзэхэд надад өөрийнхөө дансыг харчихаад тэдэн төгрөг шилжүүлсэн байна гэж хэлээгүй. Тэгээд би илүү мөнгө шилжүүлсэн юм байна лээ. Г-О-ын Голомт банк, Хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны гэсэн дансууд руу эдгээр мөнгийг шилжүүлсэн.
Хүүхдийн өрөөний хувцасны шкаф 1 ширхэг, хичээлийн ширээ 1 ширхэг, 2 хүний ор 1 ширхэг, 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг гэсэн тавилгууд нь байгаа, би өөрийг нь буцаагаад ав гээд хэлчихсэн байгаа. Би өөрөө энэ байрандаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүүж орсон. Би Г-Ооос нийт 100.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэжээ. /хх9-10 дугаар тал/,
-түүний хохирогчоор дахин өгсөн “... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г-О-с байр худалдан авахдаа намайг анх түрээсийн гэрээ хийчихээ та худалдан авахаар бол авна биз харин 10 сая төгрөг тооцоонд нь өгчих та худалдан авахаар болвол үндсэн мөнгөнөөсөө хасчихна биз гэж тохирч гэрээн дээр 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бэлэн 10 сая төгрөгийг өгч өөрөө гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа. Ингээд бодохоор нийтдээ би 100 сая төгрөг шилжүүлсэн байна. Г-О бэлэн 10 сая төгрөгийг өгсөнийг зуучлагч залуу М-О харсан. Түрээсийн гэрээ хийхдээ нотариат руу орж батлуулаагүй өөрсдөө гэрээн дээр 17/00061 гэсэн огноо өгсөн. Ингээд бодохоор би Г-Оод 100 сая төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Тухайн үедээ би 04 дүгээр сарын 13-ны өдрийн 100 сая төгрөгийг л илүү шилжүүлчихсэн байна лээ.
Би тухайн үедээ байнга ашигладаггүй данс болох Голомт банкны харилцах данснаас 1 удаа шилжүүлчихсэн байсан. Энэ дансыг ашигладаггүй байсан болохоор нөгөө данснуудынхаа хуулгыг хараад дараа дараагийн мөнгийг шилжүүлээд байсан юм байна лээ. Миний дансны хуулгийг харах юм бол Голомт банкны данснаас би 1 удаа л шилжүүлсэн байгаа. ... 50.0 сая төгрөгөнд тавилга авахаар тийм зүйл яриагүй. Анх хивс, хөргөгч гэсэн хэдэн зүйлийг 10 сая төгрөгөөр авчих гэхээр нь би хуучин зүйл авахгүй гээд больж байсан. Дараа нь эдгээр хивс, хөргөгч зэргийгээ аваад явсан. ...” гэжээ /хх12-р тал/,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх164-165-р тал/,
4. Гэрч О.М-О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна, О гэх хүн манай компани руу холбогдсоны дагуу би очин уулзаж, Г-О-н зарах гэж байгаа байрыг үзье гэсэн санал тавьсаны дагуу би О-г Г-О-н зарах гэж байгаа байранд очиж үзүүлсэн. Хэдэн төгрөг вэ гэхээр нь 2 тэрбум төгрөгөөр зарна гэсэн чинь 1 тэрбум 800 төгрөгөөр хувь лизинг хийж авъя гэхээр нь би Г-О-д энэ байдлыг хэл эхэд за тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд энэ О гэх хүнд байрыг үзүүлсний маргааш Г-О,О хоёр уулзаад эхний удаад 10 сая төгрөг өгч байя, эхний ээлжинд түрээсийн гэрээ хийе, 11 сард 500 сая төгрөгийг өгье, худалдах, худалдан авах гэрээгээ хийе гэж хоорондоо тохиролцоод салсан. 10 дугаар сарын эхээр О байрандаа орсон. Г-О 1 том хөргөгч, бурханы эд зүйл, 6 ширхэг том хивс зэргийг авна шүү гэж хэлж байсан. Эдгээр эд зүйлүүдээ Г-О нь авчихсан байгаа. ...О нь бусад тавилгыг худалдан авъя гэсэн санал тавихад Г-О тэгье гээд зөвшөөрөөд надад хандан абожур, ханын шүүгээ зэрэг хэдэн төгрөгийн үнэтэй байна, судлаадах гэхээр нь би дэлгүүрүүдээр явж судалж үзэхэд 1 ширхэг абожур 12 сая төгрөгийн үнэд хүрч байсан. Тэгэхээр нь би Г-Оод хандан 12 сая төгрөг гэж байна, гэхдээ та хэрэглэж байсан юм чинь тавилгуудаа хямдхан зарчихгүй юу, үнэтэй зарвал хүн авахгүй шүү дээ гэсэн чинь за за гэж байсан. О нь Г-Оод байрны төлбөрөө төлж дуусгасаны дараа тавилгын төлбөрийг өгье гэж хэлж байсан. ...О нь 2018 оны 8 дугаар сард над руу залгаад манайх засвар хийх гэж байна амралтын өдөр ирээд бүх тавилгаа аваарай гэж залгахаар нь би Г-О хэлж байгаад шийдье гэж хэлээд утсаа салгасан. Г-О О хоёр нь хоёулаа л над руу залгаад тавилга ав гээд байсан. Би хүний тавилгыг аваад хаана хадгалах юм бэ дээ, дараа нь өөрөө өрөнд орчих байх гээд энэ асуудлыг орхисон... ” гэжээ. /хх-21-22-р тал/ ,
5. Шүүгдэгч Б.Г-О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “... О нь анхнаасаа 50.0 сая төгрөгт тавилга авна гэж хэлчихээд миний мөнгийг өгөхгүй одоо шууд 100 сая төгрөгөө нэхэж байгаа нь зүй бус асуудал байна. Надад Оаас байрны төлбөрт илүү 70 сая төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгөнөөс би 50 сая төгрөгийг тавилгын мөнгө юм байх гэж бодсон.
Би Отай 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ хийсэн бөгөөд энэ гэрээнд 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын 5.500.000 төгрөгөөр хөлслөхөөр гэрээнд тусгаж бэлнээр 10 сая төгрөг авсан. Энэ гэрээн дээр орон сууц худалдах, худалдан авах хүртлээ хөлслөх хэлбэрээр явагдана гэж бид хоёр амаар тохирсон, гэрээнд бичигдээгүй байгаа. О нь би энэ байрыг худалдан авъя гэж надтай тохирч:
-10 дугаар сарын 05-ны өдөр 50 сая төгрөг,
-12 дугаар сарын 05-ны өдөр 30 сая төгрөг,
-12 дугаар сарын 08-ны өдөр 20 сая төгрөгийг дансаар байр худалдаж авах мөнгөний баталгаа гэж өгсөн.
2018 он 12 дугаар сарын 13-ны өдөр О надаас үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1.800.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж тухайн өдрөөр өмнөх орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон. Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр О нь үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас зээл авч өгье, өөрөө төлж чадахгүй юм байна гэсэн. Гэтэл Голомт банк нь 1.200.000.000 төгрөгийг Од өгөх боломжтой гээд нэмэлт гэрээн дээр графикийг өөрчилж, 1.200.000.000 төгрөгөн дээр 480.000.000 төгрөгийг нэмэлт гэрээн дээр 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлөгдсөн гэж бичсэн байгаа. Гэхдээ О нь нэмэлт гэрээ хийсний дараа надад 190.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үндсэн гэрээний 2.2, 2.3, 3.6 дэх хэсгүүд нэмэлт гэрээн дээр өөрчлөгдсөн байгаа. Түүнээс өмнөх гэрээн дээр байгаа үндсэн төлбөрийн талаар нэмэлт гэрээн дээр өөрчлөлт ороогүй. Энэ нэмэлт гэрээ нь ер нь бол Голомт банкинд зориулсан гэрээ байгаа юм. Үндсэндээ О 380.000.000 төгрөг надад өгсөн байсан. Гэхдээ Голомт банкинд харагдах байдлаар 480.000.000 төгрөг төлөгдсөн гэж нэмэлт гэрээн дээр бичсэн.
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх түрээсийн мөнгө болох 27.500.000 төгрөг, ашиглалтын зардлыг дундажлаад бодвол 2.500.000 төгрөг, ингээд нийт 30.0 сая төгрөг болж байгаагаас эхний надад өгсөн 10 сая төгрөгийг хасаад үлдэх 20.0 сая төгрөг Отай тохиролцож зарахаар болсон тавилгын 50.0 сая төгрөг зэрэг нийлээд 70.0 сая төгрөгийг надад өгч байгаа юм байх гэж бодсон. 5 дугаар сарын 18-ны өдөр 190 сая төгрөг шилжүүлсэн гээд нийтэд нь бодож үзэхээр 680.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд үндсэндээ О нь надад нийт 1.800.000.000 төгрөг бэлнээр болон шилжүүлж өгсөн байна. Үүнээс 1.200.000.000 төгрөгийг Голомт банкнаас зээл авч өгсөн. 600.0 сая төгрөг нь байрны үлдэгдэл төлбөр, 30.0 сая төгрөг нь түрээсийн 5 сарын ашиглалтын зардалтайгаа, 50.0 сая төгрөг нь тавилга худалдах авах төлбөр нь байна гэж би тооцож байна. Дараагийн 10.0 сая төгрөг хасагдана гэсэн заалт нь худлаа, ингэж тохироогүй. Тэгэхээр би Од одоо ямар ч мөнгө өгөх үндэсгүй. 50.0 сая төгрөгийн тавилга зарахдаа гэрээ хийгээгүй, харин амаар тохиролцсон. ...” гэжээ. /хх147-149-р тал/
6. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ч.О, Б.Г-О нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ /хх133-135-р тал/,
7. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах /хх94-95-р тал/, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ /хх93-р тал/, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийсэн баримтууд /хх-114-117-р тал
8. Чимэддоржийн О- Худалдаа хөгжлийн банк, Хаан банкинд тус тус эзэмшдэг дансны хуулга /хх40-44, 46-62-р тал/
9. Ч.Оаас Б.Г-О-н данс руу шилжүүлсэн мөнгөний баримтууд буюу:
-Голомт банкны тоот Ч.О данснаас 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 100.000.000 төгрөг Б.Г-Оын тоот дансанд /хх124/ ,
-Мост Майнинг ХХК-ийн тоот данснаас Б.Г-Оын тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 27-нд 20.000.000 төгрөг /хх125/
-Мост Майнинг ХХК-ийн тоот данснаас Б.Г-Оын тоот дансанд 2018 оны 5 дугаарс сарын 04-нд 20.000.000 төгрөг /хх125/,
- Голомт банкны тоот Ч.Оы данснаас 2018 оны 5 дугаар сарын 18-нд Б.Г-Оын тоот дансанд 154.000.000 төгрөг /хх128/,
- Голомт банкны тоот Ч.Оы данснаас 2018 оны 2 дугаар сарын 13-нд Б.Г-Оын тоот дансанд 10.000.000 төгрөг /хх129/, мөн өдөр Ч.Оы тоот данснаас Б.Г-Оын тоот дансанд 40.000.000 төгрөг /хх130/,
- Худалдаа хөгжлийн банкны Ч.Оы данснаас Б.Г-Оын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тоот дансанд 2018 оны 3 дугаар сарын 02-нд 60.000.000 төгрөг /хх131/,
- Ч.Оы данснаас Б.Г-Оын Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 08-нд 20.000.000 төгрөг /хх131/
- Хаан банкны тоот Ч.Оы данснаас Б.Г-О-н тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 05-нд 50.000.000 төгрөг /хх132/,
- Хаан банкны тоот Ч.Оы данснаас Б.Г-Оын тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 05-нд 30.000.000 төгрөг /хх132/ тус тус шилжүүлсэн тухай банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-124-133-р тал/,
10. Шүүгдэгч Б.Г-Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-26/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-23-159, 108-113/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг үзвэл:
Хохирогч Ч.Онь 2017 оны 9 дүгээр сард байр худалдан авахаар “үнэгүй” сайтад тавигдсан “Тэнгэр вилла” хотхонд хаус түрээслэнэ гэсэн зарын дагуу “Лед порперт” ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн худалдаа түгээлт хариуцсан менежер О.М-Отой холбогдож, уг байгууллагын ажилтан О.М-О нь Ч.Оыг Б.Г-Отой зуучилж уулзуулжээ.
Улмаар Ч.О Б.Г-О нар нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 17/00061 тоот орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр өмчлөх эрхийн МЗ72080960 дугаартай, улсын бүртгэлийн 000418182 дугаартай “Тэнгэр вила” хотхоны 116-03 тоотод байрлалтай 388.57 мкв талбайтай, 6 өрөө байрыг Ч.Охөлслөхөөр, Б.Г-О хөлслүүлэхээр, гэрээний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд, гэрээний үнийг нэг сарын 5.000.000 төгрөгөөр, хоёр сарын 10.000.000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн талуудын хооронд уг орон сууцанд амьдарч үзээд, цаашид худалдан авахаар бол дээрх орон сууцын худалдах, худалдан авах үнийг 1.800.000.000 төгрөгөөр, мөн түрээсийн төлбөрт шилжүүлсэн 2 сарын 10.000.000 төгрөгийг орон сууцыг худалдан авсан тохиолдолд хасч тооцох талаар ярилцсан тухайд хохирогч Ч.О, шүүгдэгч Б.Г-О нар маргахгүй байна.
Хохирогч Ч.О нь “Тэнгэр вила” хотхоны 03 тоотод байрлалтай 388.57 мкв талбайтай орон сууцанд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүүж орсон байх ба, 2 сарын түрээсийн төлбөр 10.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Г-О-д шилжүүлж төлсөн байна. Үүний дараа хохирогч Ч.О нь дээрх орон сууцыг худалдан авахаар болж, гэрээ байгуулаагүй байхдаа буюу байр худалдан авах баталгаа гэж:
-2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Г-О-н Хаан банкинд эзэмшдэг тоот дансанд 50.000.000 төгрөг,
-2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Г-О-н Хаан банкинд эзэмшдэг тоот дансанд 30.000.000 төгрөг,
-2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Г-О-н Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг тоот дансанд 20.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогджээ.
Дээрх мөнгийг шилжүүлсэний дараа 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ч.О, Б.Г-О нар нь Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр худалдагч тал Ж.О-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-О, худалдан авагч тал болох Ч.О нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, мкв орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч талд 1.800.000.000 төгрөгөөр худалдахаар, гэрээ хийгдэх өдөр 2 дугаар сарын 13-нд 100.000.000 төгрөг төлөгдсөнийг дурдаж, үлдэх төлбөрийг:
2018 оны 3 дугаар сарын 15-нд 110.000.000 төгрөг,
2018 оны 4 дүгээр сарын 20-нд 530.000.000 төгрөг,
2018 оны 5 дугаар сарын 20-нд 530.000.000 төгрөг,
2018 оны 6 дугаар сарын 05-нд 530.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх ба энэ талаарх үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагджээ.
Мөн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт гэрээг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байх энэхүү нэмэлт гэрээгээр 2018 оны 2 дугаар сарын 13-наас 2018 оны 5 дугаар сарын 13-ны хооронд 480.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, Үлдэгдэл 1.200.000.000 төгрөгийг Голомт банкны зээлээр төлнө гэж өөрчлөх, гэрээний 2.3 дугаар нөхцлийг 2018 оны 5 дугаар сарын 25-нд гэж өөрчлөх, худалдан авагч тал нь Ч.О, Д.М нар гэж өөрчлөх ...” гэсэн нэмэлтийг худалдагч талыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-О, худалдан авагч Ч.О, Д.М нар тохиролцож гэрээнд тусгажээ.
2018 оны 2 дугаар сарын 13-нд гэрээ байгуулсаны дараа Ч.Онь:
2018 оны 2 дугаар сарын 13-нд Б.Г-Оын Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд эзэмшдэг тоот дансанд 40.000.000 төгрөг,
2018 оны 2 дугаар сарын 13-нд Б.Г-Оын Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг тоот дансанд 10.000.000 төгрөг,
2018 оны 3 дугаар сарын 02-нд Б.Г-Оын Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд эзэмшдэг тоот дансанд 60.000.000 төгрөг,
2018 оны 4 дүгээр сарын 13-нд Б.Г-Оын Голомт банкинд эзэмшдэг дугаар дансанд 100.000.000 төгрөг,
2018 оны 4 дүгээр сарын 27-нд Б.Г-Оын Голомт банкинд эзэмшдэг тоот дансанд 20.000.000 төгрөг,
2018 оны 5 дугаар сарын 04-нд Б.Г-Оын Голомт банкинд эзэмшдэг тоот дансанд 150.000.000 төгрөг,
2018 оны 5 дугаар сарын 18-нд Г-Оын Голомт банкинд эзэмшдэг тоот дансанд 154.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, татварт 36.000.000 төгрөг шилжүүлсэн байна.
Мөн Ч.Онь Голомт банкнаас 1.200.000.000 төгрөгийн зээл авч 2018 оны 5 дугаар сарын 18-нд Б.Г-Оын Голомт банкинд эзэмшдэг тоот дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон байна.
Дээрх орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс хохирогч Ч.Онь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр алдаатай гүйлгээ хийж 100.000.000 төгрөгийг илүү шилжүүлсэнээ 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдэж, Б.Г-О нь мэдсээр байж завшсан гэсэн гомдлыг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-Оыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 тоот байрыг иргэн Ч.О худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100.000.000 төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Г-О нь гэм буруугийн талаар маргасан буюу үндэслэлээ орон сууцны төлбөрт банкнаас 1.200.000.000 төгрөг шилжүүлж авсан, үлдэх 600.000.000 төгрөг нь орон сууцны үлдэх төлбөр ба, харин 30.000.000 төгрөг нь 5 сарын ашиглалтын зардал, 50.000.000 төгрөг нь тавилга худалдан авах төлбөр нь байна ойлгосон гэж мэтгэлцсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ы улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол” гэж заасан байна.
Дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба өөрөөр хэлбэл бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр, мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн гэх зэргийг алдаатай бичилтээр гүйлгээг хийхийг ойлгох юм.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч Ч.О нь эрх бүхий байгууллагаар дамжуулан буюу Голомт банкиар дамжуулан өөрийн эзэмшдэг тоот данснаас Б.Г-Оын тоот /хх124/ данс руу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээг дараах үндэслэлүүдээр төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнд:
1. Хохирогч Ч.Онь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 100.000.000 төгрөгийг орон сууцны төлбөрт өөрөө шилжүүлснийг алдаатай гүйлгээ гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тухайн цаг хугацаанд хохирогч Ч.О нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 1.800.000.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийн нэг хэсэг болгон төлж байсан, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээнд заасан орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй байсан тул илүү төлөлт гэж үзэхгүй. Харин дээрх мөнгийг шилжүүлсний дараа буюу хохирогч нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкнаас 1.200.000.000 төгрөгийг шилжүүлснээр орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон.
2. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд төлбөр тооцооны үйлчилгээг Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ гэж,
Мөн зүйлийн 11.2 дахь хэсэгт “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж заасан байна.
2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Онь эрх бүхий байгууллагаар дамжуулан буюу Голомт банкиар дамжуулан өөрийн тоот данснаас Б.Г-Оын тоот дансанд руу /хх124/ 100.000.000 төгрөгийг шилжүүлэх гүйлгээг дээр дурдсан Банкны тухай хуулийн заалтын дагуу харилцагч Ч.Оы өөрийнх нь хүсэлт, зөвшөөрлөөр мөнгөн шилжүүлгийн гүйлгээг хийсэн байх ба, уг мөнгөн төлбөрийн гүйлгээг хийхэд үг, үсэг, тоо, техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэх мөн үндэслэл тогтоогдоогүй.
3. Хохирогч Ч.Онь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсаны дараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрөө тооцоо хийж үзэхэд 100.000.000 төгрөг илүү шилжүүлснээ мэдсэн гэх ба, хохирогчийн илүү төлсөн гэх 100.000.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэж үзэхгүй. Нөгөө талаас 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өөрөө илүү төлөлт хийснийг мэдсэн даруй Б.Г-Оод хэлэхэд “үгүй тийм байх ёсгүй гэсэн ба чи дансаа шалгаад үзээдэх гэхэд би завгүй байна, Америк явах гэж байна гэж хэлсэн. Б.Г-О мэдэж байсан эсэхийг би мэдэхгүй гэж мэдүүлсэн, харин шүүгдэгч Б.Г-Ооос “Америк явах гэж байна, ирээд тооцоо хийе” гэж хэлсэн гэж мэдүүлэх ба Ч.Онь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэргээр Б.Г-О 100.000.000 төгрөг илүү төлөгдсөн гэх асуудлыг мэдсэн байсан гэх боломжгүй, 2018 оны 5 дугаар сарын 17-нд тооцоо нийлэхдээ хохирогч өөрийнхөө ашигладаггүй байсан Голомт банкны данснаас шилжүүлсэн 100.000.000 төгрөгийг оруулаагүй хасч тооцсон гэсэн мэдүүлэг зэргээр Б.Г-О нь илүү төлбөр төлөгдсөнийг мэдсээр байж завшсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мэдсээр байж гэдэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу бусдын эд хөрөнгийг авсан болохоо мэдсэн атлаа санаатай үйлдлээр завших тухай ойлголт бөгөөд хохирогч Ч.О, шүүгдэгч Б.Г-О нар нь үл хөдлөх хөрөнгийн буюу орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөний дараа гэрээгээ дүгнэж тооцоо нийлээгүй байх тул Б.Г-О бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
4. Шүүгдэгч Б.Г-О яллагдагчаар мэдүүлэхдээ “...Ч.Онь анхнаасаа 50.0 сая төгрөгөөр тавилга авна гэж хэлчихээд миний мөнгийг өгөхгүй одоо шууд 100.0 сая төгрөг нэхэж байгаа нь зүй бус асуудал байна. Надад Оаас байрны төлбөрт илүү 70.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгөнөөс би 50.0 сая төгрөг нь тавилгын мөнгө юм байх гэж бодсон. ... 50.0 сая төгрөг нь тавилга худалдах авах төлбөр нь байна гэж би тооцож байна...” гэж мэдүүлсэн /хх147-149/, шүүх хуралдаанд шүүгдэгчээр мэдүүлэхдээ “...Ч.О байрны тавилгыг худалдаж авна гэж хэлчихээд мөнгөө шилжүүлсний дараа буюу тухайн тавилгыг нэг жил гаран ашиглачихаад одоо авахгүй гэж хэлснээс энэ маргаан гарсан юм. ...” гэж мэдүүлсэн ба хохирогч Ч.Оаас “...тавилгыг нь худалдан авахгүй гэж хэлсэн...” гэж мэдүүлжээ.
Харин анх хохирогч, шүүгдэгч нарыг уулзуулсан гэх гэрч О.М-Ооос мэдүүлэхдээ “...Г-О том хөргөгч, бурханы эд зүйл, 6 ширхэг хивс зэргийг авна шүү гэж хэлсэн. .. эдгээр зүйлээ Г-О авчихсан. ...Ч.О нь бусад тавилгыг худалдан авъя гэсэн санал тавихад Г-О тэгье гэж зөвшөөрөөд надад хандан абожур, ханын шүүгээ зэрэг хэдэн төгрөгийн үнэтэй байна судлаадах гэсэн. ...би дэлгүүрүүдээр явж судалж үзэхэд 1 ширхэг авжур 12 сая төгрөгийн үнэд хүрч байсан. Тэгэхээр нь би Г-О-д хандан 12 сая төгрөг гэж байна, гэхдээ та хэрэглэж байсан юм чинь тавилгуудаа хямдхан зарчихгүй юу, үнэтэй зарвал хүн авахгүй шүү дээ гэсэн чинь за за гэж байсан. ...” гэх мэдүүлэг өгсөн байх ба хохирогч, шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлгийг харьцуулан судалж дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нарын хооронд үл хөдлөх хөрөнгөөс гадна тухайн орон сууцанд байсан хөрөнгийг худалдах, худалдан авах талаар тохиролцож байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-О нь хохирогчийн илүү шилжүүлсэн гэх 100.000.000 төгрөгийг тавилгын төлбөрт шилжүүлсэн гэж ойлгох нөхцөл байдал мөн үүссэн байна.
Иймд улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй ба, дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Г-О нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу хөрөнгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагтаатгаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хохирогч Ч.О нь өөрийн илүү төлөлтөөр шилжүүлсэн гэх 100.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
Мөн энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г-О цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокуророос Б овогт Б-н Г-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Г-Оыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг цагаатгасугай.
2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г-О нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
3. Хохирогч Ч.О нь 100.000.000 / нэг зуун сая/ төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.Г-Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Б.Г-Оод холбогдох эрүүгийн 1810018750872 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх заалт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Г-О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ
.