Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00271

 

 

 

 

2024 02 02 210/МА2024/00271

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэртэй

Д.Б-ын нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох,

Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, 00000 тоотын 62.6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Б нь ТХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд баригдах орон сууцанд захиалгын гэрээ байгуулсан. Тухайн үед Д.Б урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг, Форд транзит /Ford transit/ маркийн ачааны автомашиныг 32,400,000 төгрөгт тооцон 35,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн. Гэрээний дагуу Т ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын урд байрлалтай хотхонд нийт 62.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 71,990,000 төгрөгөөр тооцон 2020 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, Д.Б нь орон сууцны төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний 2.1-д үлдэгдэл төлбөр болох гэрээний 40 хувийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар төлөхөөр заасан.

1.2. Д.Б гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 60 хувийг хуваарийн дагуу төлсөн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8,194,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг төлж илүү төлөлттэй болсон. Д.Б 70 хувь болох 50,594,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 30 хувь 21,396,000 төгрөгийг орон сууцны түлхүүр гардуулахад төлөхөөр байсан. Гэтэл Т ХХК 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны үнийг 1 м.кв-ыг 300,000 төгрөгөөр нэмсэн талаар мэдэгдсэн. Д.Б үүнийг зөвшөөрөхгүй талаар мэдэгдэхэд ... шинэ гэрээнд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална ... гэж мэдэгдсэн. Мөн орон сууцны м.кв-ыг 8 м.кв-аар үндэслэлгүйгээр нэмж 70,08 м.кв-аар тооцоо хийхийг мэдэгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай албан ёсны шийдвэр гарсан бөгөөд энэ хугацааг хүртэл хил гааль болон бусад бүх зүйл хэвийн үргэлжилж, үнийн өсөлт болон барааны хомсдол үүсээгүй байсан.

1.3. Гэрээний 7.3-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан бөгөөд гүйцэтгэгч тал 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, орон сууцыг хүлээлгэн өгөх байсан. Дээрх гэрээний заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоногийн тооцоолол 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 963 хоног байна. Хоног тутамд 71,990,000 төгрөгийн 0.1 хувь болох 71,990 төгрөг, нийт 963*71,990=69,326,370 төгрөгийн алданги тооцогдсон болно. Орон сууцны захиалгын гэрээний үнийн дүн 71,990,000 төгрөгийн 50 хувь болох 35,995,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний 1.1, 2.1-д зааснаар түлхүүр гардуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Наадамчдын гудамж 2866 байр /2-р/ Төгс орчин хотхоны 00000 тоотын 62.6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч Д.Б-д 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 08/07 дугаар албан бичгийг түүний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 02/11-76 дугаар албан бичгийг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг тус тус шуудангаар хүргүүлсэн боловч Швед улсад байсан гэдэг шалтгаанаар дээрх мэдэгдлүүдийг аваагүй гэсэн тайлбар хэлж, нэхэмжлэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр компанийн оффист ирж уулзсан. Энэ үед компаниас явуулсан мэдэгдлүүдийг дахин танилцуулахад орон сууцны м.кв-ийн үнийг 400,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/07 дугаар мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн зөвшөөрсөн ба гэрээний хугацааг 2022 оны 1 улирал болгон сунгасан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/11-76 дугаар мэдэгдлийг мөн өдөр хүлээн авч зөвшөөрсөн болно.

2.2 Гэрээг цуцлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь хүлээн авч зөвшөөрсөн боловч компанийн зүгээс түүнд боломж олгож барилгыг байнгын ашиглалтад авах Улсын комисс ажиллаж, дүгнэлт гарсны дараа үлдэгдэл төлбөрөө барагдуулж орон сууц захиалгын гэрээгээ шинэчлэх талаар зөвшилцөн, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА-135/2022 дугаар дүгнэлт гарсны дараа Д.Бтай уулзахад м.кв-ийн нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрсөн атлаа орон сууцны м.кв-ийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба түүний хүсэлтийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээг барилгын талбай дээр шинэчлэхээр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурах болоход нэхэмжлэгч нь ажил гарчихлаа гэж хэлээд үгийн зөрөөгүй барилгын оффисоос зугтаагаад гараад явсан.

Мэргэжпийн хяналтын газар, Хотын стандарт, хяналтын газар зэрэг хяналтын байгууллагад гомдол гаргаж манай компанийг шалгуулсан. Түүнийг зугтаагаад явсны дараа бид төлбөрөө төлөөд гэрээгээ шинэчилье гэж түүний утас руу залгаж, мессеж бичсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй тул 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлж үлдэгдэл төлбөрөө төлөх санхүүгийн чадваргүй нөхцөл байдал үүссэн, гэрээний 9.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож түүнтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалсан. Нэхэмжпэгч нь компанийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай албан мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, зөвшөөрсөн түл энэ зөвшөөрлийн үндсэн дээр хугацаа өгч, гэрээг шинэчлэх талаар олон удаа санал солилцсоны эцэст зөвшилцөж чадалгүй 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсан компанийн шийдвэр нь хууль зөрчөөгүй болно.

2.3. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар үнэлгээний тайлангаар Т ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойно байрлах доороо зоорины давхар бүхий худалдаа үйлчилгээтэй 16 давхар орон сууцны барилгын барилга угсралтын ажлын 2019 оноос 2021 оны хугацааны нэгж талбайн үнийн өсөлтийг 2021 оны эцсийн байдлаар 932,000 төгрөг болохыг тодорхйолсон. Бидний зүгээс орон сууцны м.кв-ийн үнийн өсөлтийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэр нь хамгийн боломжит доод үнэ бөгөөд Ковид цар тахлын улмаас барилгын салбар сөхөрч, бараа материалын үнийн хөөргөдөл, ажиллах хүч, тээврийн зардлын үнийн өсөлтөөс шалтгаалан барилгын бүхий л компаниуд дампуурахгүйн тулд орон сууцны м.кв-ийн үнийг 900,000 төгрөгөөс дээш үнээр өсгөж байгаа нь нийтэд илэрхий байгаа үйл явдал болно. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч Д.Бтай байгуулсан орон сууц захиалгын гэрээг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсан түл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Зээлдэгч Т ХХК нь зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу 2 зээлийг зээлдүүлэгч Б ХХК-аас эргэлтийн хөрөнгө санхүүжилт гэсэн зориулалтаар авсан. Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 000000000 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 300,000,000 төгрөгийн зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Дахин 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2100130102000663, 2100130102000663-1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээлийг нэмэлт гэрээ байгуулан авч, нийт 1,400,000,000 төгрөгийн зээлсэн байна.

3.2. Дээрх 2 зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, /17121/ Наадамчдын зам гудамж, 286Б байранд 6,426 м.кв талбай бүхий 000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулан, гэрээг хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд барьцааны эрх хадгалагдана. Зээлдэгч хуулийн этгээд нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ гүйцэтгэж байгаа ба хүсэлт гаргаж зээлээсээ зөвхөн cap бүрийн хүүг төлснөөр үндсэн зээл 1,400,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Б ББСБ ХХК-ийн 2100130102000592, 2100130102000663 барьцааны гэрээнүүд хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх тул зээлийн үүрэг дуусгавар болтол барьцааны зүйлийг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх боломжгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 00000000 тоотод байрлах 62.6 м.кв талбайтай орон сууц нэхэмжпэгч Д.Бд хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 35,995,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, 337,925 төгрөг, 377,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 517,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу Т ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд орон сууц захиалсан захиалгын гэрээг байгуулж, уг гэрээний 7.3-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 3 дугаар улиралд багтаан ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь гэрээгээр тохиролцсон хугацаанд 71,990,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг маргааны зүйл болох орон сууцны нийт үнээр тодорхойлохоор гэрээнд заасны дагуу алданги тооцон 35,995,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шаардсан. Тодруулбал, орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарсан, алдангийг гэрээнд зааснаар 2020 оны 3 дугаар улирлын дараагаас буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцоход нийт 963 хоног байна. Хоног тутамд 71,990,000 төгрөгийн 0,1 хувь болох 71,990 төгрөгийг тооцож, нийт 963*71990=35,995,000 төгрөгийн алданги тооцогдсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 71,990,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцон 35,995,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Т ХХК-ийн буруугаас болж барилгыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Маргаан бүхий барилга хамтран ажиллах гэрээний үр дүнд баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл нэг талаас Нийслэлийн газрын алба газар болон бусад холбогдох зөвшөөрлүүдийг шийдэж өгөх, нөгөө талаас Т ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Ковид-19 цар тахал болон Нийслэлийн газрын албанаас газрыг шилжүүлэх ёстой байсан хэдий ч хугацаа хэтрүүлж шилжүүлснээр барилгын ажил удааширсан. Мөн бохир дулааны техникийн нөхцөлийг шийдэж өгөх ёстой байсан боловч шийдэж өгөх үйл ажиллагаа удааширсан. Техникийн нөхцөлийн дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хашаагаар холболтын шугамууд дамжсан байсан. Энэ компаниас техникийн нөхцөлийн дагуу зөвшөөрлөө авч, манайх бохирын ажлаа хийх ёстой байсан боловч зөвшөөрлөө авч өгөхгүй удааширсан. Т ХХК-ийн зүгээс Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалтай өөрсдөө очиж уулзаж, хэлэлцээр хийсэн. Ингэж хэлэлцээр хийхдээ Т ХХК-ийн зүгээс Буянт-Ухаагийн шугамыг өргөтгөх ажлыг өөрсдийн зардлаар хийсэн. Ингээд үүрэг гүйцэтгэгчийн буруугүй үйл ажиллагаанаас болж хугацаа хэтэрсэн. Д.Б гэрээний төлбөрийн 60 гаруй хувийг төлсөн байж алдангийг гэрээний 100 хувийн үнийн дүнгээс тооцож байна. Иймд анхан шатны шүүх алдангийг хангалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Т ХХК нь орон сууцны 1 м.кв гаргах тухай тайлбайн үнэ болох 1,150,000 төгрөгийг м.кв тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч Д.Б-д хүргүүлсэн байх боловч Д.Б саналыг хүлээн авах боломжгүй байдлаа илэрхийлсэн учраас тохиролцоо хэвээр үлдсэн 1 м.кв талбайн үнэ 1,150,000 төгрөг байх гэрээний үнэд өөрчлөлт оруулах талаар зохигчид харилцан тохиролцоонд хүрээгүй явдал нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь Т ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Д.Б-д орон сууцны м.кв-ийн үнийг 300,000 төгрөгөөр нэмэх санал бус Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т дурдсан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг цаашид үргэлжлүүлэхийн тулд авсан арга хэмжээ юм.

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн газрын албанд ажилладаггүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн газрын албаны баримтаар нотлогдох боловч газрын албан ажилтны квотоор зохигчдын хооронд... гэрээ байгуулагдсан байх ба зохигчид энэ талаар тайлбарладаг гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь Төгс орчин хотхон нь Нийслэлийн газрын ажилчдын орон сууц зориулалтаар баригдсан. Тус хотхон нь А, Б, В гэсэн гурван блоктой ба А, Б блокыг Нийслэлийн газрын албаны ажилчид хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу нэгж талбайг 1,150,000 төгрөгөөр авсан. Газрын албаны ажилтан биш бол манай байгууллагын зүгээс ийм бага үнээр гэрээ байгуулах боломжгүй. Д.Б-ын захиалсан Б блок нь газрын албаны ажилтнуудын байр болно. Гэрээ байгуулах үед Д.Быг бид Газрын албаны ажилтан гэж ойлгосон. Нийслэлийн газрын алба маш олон ажилтантай бөгөөд манай байгууллагатай гэрээ байгуулах иргэддээ квот өгч байсан. Д.Бтай гэрээ байгуулах үед газрын албаны эрх бүхий албан тушаалтан квотод ороогүй манай ажилтан байгаа юм, гэрээ байгуулаад өгөөч гэсний дагуу бид гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэрт дурдсан шиг өөр ажилтны квотыг шилжүүлж авсан үйл баримт байхгүй. Нэхэмжлэгч тал энэ талаараа газрын албанд ажилладаггүй, зүгээр зар сурталчилгаа хараад байр захиалсан гэж тайлбарлаж байсныг дурдаж байна.

7.3. Хариуцагчаас маргаан бүхий орон сууцны хэмжээг Грийн Пайнт Тийм ХХК-ийн албан бичгийг үндэслэн 65.89 м.кв гэж тодорхойлон тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зургаар өрөө орон сууц нь м.кв талбайтай, нэхэмжлэгч талаас орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд м.кв хэмжээтэй болох нь 2022 оны 05 дугаар 14-ний өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан орон сууцны хэмжээ нэмэгдсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж, тогтоох хэсгийн 1-т 62,6 м.кв гэж ойлгомжгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь шүүхээс маргаан бүхий орон сууцны хэмжээг яагаад 62.6 м.кв гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн орон сууцны хэмжээг тодорхойлсон нотлох баримтыг ямар шалтгаанаар ...нотлохгүй байна... гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн өгсөн баримтыг яагаад хариуцагчийн өгсөн баримтаас давуу хүчин чадалтай гэж үзэж орон сууцны талбайн хэмжээг 62,6 м.кв гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх ямар ажиллагааг хийх ёстой байсанг хийгээгүй болох хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагчийн гаргаж байгаа асуудалд дүгнэлт хийгээгүй, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж маргаж байхад өөр дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлд хариуцагчийн давж заалдах гомдолд заасан гурван үндэслэл хамаарах эсэх нь тодорхойгүй. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байсан. Тус өдрийн шүүх хуралдаанд хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч И.Амартөгс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлтулга гэдэг хүнтэй өмнө нь хамт нэг байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж байсан тухай тайлбараа маш тодорхой хэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ агуулгаар талуудаас шүүгчээс татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асууж байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж дууссаны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлтулга, шүүгч И.Амартөгс нар хамтарч ажиллаж байсан мэтээр ярьж байгаа нь зохимжгүй. Б.Хүрэлтулга И.Амартөгс гэдэг хүнтэй тодорхой хугацаанд нэг байгууллагад ажиллаж байсан гэдэг нь эдгээр хүмүүсийг хоорондоо ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, тухайн байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байсан уу, гэрээний үүргээ биелүүлсэн үү гэдэгт анхан шатны шүүхийг дүгнэлт хийгээгүй гэж хариуцагч талаас дурддаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт талууд хоорондоо гэрээ байгуулсан, тус гэрээ нь Иргэний хуульд заасан харилцаанд хамаарч, үүрэг хүлээнэ гэдэг талаар маш тодорхой дүгнэлт хийсэн. Д.Быг Газрын албанд ажиллаж байгаагүй хүнд зөвхөн Газрын албаны ажилчдад өгөх ёстой орон сууцыг олгохоор шийдвэрлэж байгаа нь буруу гэж байна. Хэрвээ тийм байсан юм бол яагаад Д.Бтай гэрээ байгуулсан юм бэ. Д.Б Газрын албанд ажиллаж байгаагүй гэдэг нь тодорхой шүү дээ. Гэтэл Газрын албанд ажиллаж байгаагүй хүнтэй гэрээ байгуулсныхаа дараа энэ орон сууцыг зөвхөн Газрын албаны ажилчдад өгөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б гэдэг хүн Газрын албаны ажилтан, Газрын албаны групп чатад байсан гэдэг агуулгаар тайлбар өгдөг. Хариуцагч өөрийн татгалзлаа өөрөө нотлох ёстой. Хэрэгт авагдсан шүүгчийн захирамжийн агуулга засагдсан гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалд авагдсан баримтууд өөрчлөгдсөн гэж үзэж байгаа бол тухайн үед нь энэ талаар гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байтал давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлаж байгаа нь гайхаж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцаалгаж, ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа талаарх нөхцөл байдал тодорхойгүй байх тул энэ агуулгаар гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Төгс орчин хотхоны 2 дугаар байр, 00000 тоот 62.6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх болон байр ашиглалтанд орон түлхүүр гардуулснаар үлдэгдэл 30 хувь болох 21,396,000 төгрөгийг хүлээн авч, төлбөр тооцоог дуусгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.а. Нэхэмжлэгч Д.Б-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны түлхүүр гардуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Наадамчдын гудамж 2866 байр /2-р/ Төгс орчин хотхоны 00000 тоот, 62.6 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, мөн алдангид 35,995,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Талууд хооронд Нийслэлийн газрын албанаас захиалан бариулсан орон сууцнаас нэхэмжлэгч нь хөнгөлөлт эдлэх эрхтэй этгээд мөн эсэх, маргаж буй орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохирсон 62.6 м.кв талбайтай эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3. Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээгээр гүйцэтгэгч Т ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн Спорт цогцолборын хажууд байрлах, Төгс орчин хотхоны 00000 тоот, 62.6 м.кв талбай бүхий орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагч Д.Б нь орон сууцны үнэд нийт 71,990,000 төгрөг төлөхөөр тохиролцсон орон сууц захиалгын гэрээ хэрэгт авагдсан байна.

 

4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00491 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байгаа орон сууцны талбайн хэмжээг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14449 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугара зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ.

 

5. Нэхэмжлэгч Д.Б нь маргаж буй орон сууцны талбайг Эй Би Эн Дизайн ХХК-ийн хийсэн хэмжилтээр 62.51 м.кв талбайтай гэж, хариуцагч Төгс прогрес ХХК нь тус орон сууцны барилгын зураг төслийг хийсэн Грийн пайн тийм ХХК-ийн албан бичгийг үндэслэн орон сууцны талбайн хэмжээг 65,89 м.кв талбайтай гэж мэтгэлцсэн байна.

 

Энэ тохиолдолд анхан шатны шүүх талуудаас талбайн хэмжээг тогтоолгохоор өмнө нь гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг тодруулж, улмаар маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээг хэдэн м.кв болохыг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 337,925 төгрөг, хариуцагчийн төлсөн 517,900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ