Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01422

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/02118 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О, Б.Ж нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 49,204,163 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Т.О нь ХХК-тай 2019 оны 03 сарын 26-ны өдөр ЗГ/ВСС190325042-1 тоот зээлийн гэрээ, БГ/ВСС190325042-1 тоот баталгааны гэрээ, ЗБ/ВСС190325042-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Т.О-ийн өмчлөлийн Б дүүргийн *-р хороо, **-р хороолол, **-р байр, **** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, Ү-********* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар 2020 оны 02 сарын 04-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь 3Г/ВСС190325042-1 тоот гэрээний 6.2.3-д заасны дагуу төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээл, үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүгийн хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх үүрэгтэй. 2023 оны 09 сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 22,064,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,090,958 төгрөг, нийт 49,155,163 төгрөгийн үлдэгдэлтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 49,000 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 сарын 26-ны өдрийн ЗГ/ВСС190325042-1 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.О, Б.Ж нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 49,204,163 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: 2019 оны 03 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг зээлж авсан талаар маргахгүй. Зээлийг хэвийн төлж байсан боловч Т.О-ийн хамтран зээлдэгч Б.Ж автомашины осолд орсны улмаас зээлийн буцаан төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон. Мөн Ковид цар тахал гарсан зэрэг нөхцөл байдал нөлөөлж зээлээ төлөхөд хүндрэлтэй байдал бий болсон. Хамтран зээлдэгч Б.Ж өнөөдрийг болтол эрүүл мэндийн хувьд асаргаа сувилгаа үргэлжлэн хийгдэж байгаа тул зээлдэгч нар ажил хийх боломжгүйгээс зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон. Энэ талаар Т.О Х-ны холбогдох албан тушаалтнуудад удаа дараа бичгээр болон амаар хандаж, дээрх шалтгааны улмаас зээлийн төлбөр эрсдэлд орсон тул хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч энэ талаарх хариуг өнөөдрийг болтол өгөөгүй. Худалдаа, хөгжлийн банкнаас зээлдэгчид зөвхөн байраа суллаж өг, барьцааны зүйлийг худалдан борлуул гэсэн хүнлэг бус шаардлагуудыг удаа дараа тавьсан байдаг. Т.О арга мухардаж орон сууцаа худалдан борлуулахаар үл хөдлөх зуучлалын байгууллагад хандаж 2021 оны 12 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг байгуулсан боловч борлуулагдаагүй. Х-аас Т.О-ийн зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтэд огт хариу ирүүлээгүй хир нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2023 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцоолол гарган, шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үндсэн хугацаа буюу 2019 оны 03 сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэлх 36,983,561 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх санхүүгийн боломж байхгүй байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд банкны хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй гэж заасан. Гэтэл банк хүү төлөөгүй байна гээд зээлдэгч нараас зээлийн хугацаанаас илүүгээр хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар 227.3, 234 дүгээр зүйлийн 234.4-т заасныг тус тус баримтлан 2019 оны 03 сарын 26-ны өдрийн ЗГ/ВСС190325042-1 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.О, Б.Ж нараас зээлийн гэрээний үүрэгт 49,204,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Т.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Б дүүргийн *-р хороо, **-р хороолол, **-р байр, *** тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 474,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О, Б.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 474,171 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  2019 оны 03 сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 4.4, мөн өдрийн Баталгааны гэрээ-ний 5.2.1-д заасны дагуу Х-д удаа дараа албан хүсэлт өгч байсан боловч огт хариу ирүүлээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэрээний заалтыг зөрчиж зээлдэгч, баталгаа гаргагч нараас гаргасан хүсэлтэд өнөөдрийг болтол ямар нэг байдлаар хариу хүргүүлээгүй, гэрээнд заасан эрхийг нь хязгаарлаж байсан. Т.О-ийн хувьд удаа дараа Худалдаа, хөгжлийн банкинд давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөрийн чадвар доройтсон талаараа мэдэгдэж байсан. Баталгаа гаргагч Б.Ж-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс Банк өөрөө шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэхийг тогтооно. Зүгээр боломж олгоод харгалзаж үзээд хэдий хугацаанд төлөх боломжтойг хүлээсэн, Үндсэн зээлдэгчээс нэхэмжилсэн. Шаардлагагүй болохоор хүргүүлээгүй гэж тайлбар гаргасан байхад шүүхээс дээрх дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

4.2.  Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний 7.1.2, 7.1.4, 10.2.4, 10.2.6-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл гаргасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т заасныг тус тус зөрчсөн. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Иймд дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 12,220,603 төгрөгийн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ХХК-аас 2020 оны 08 сард Т.О-д мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Өмнө нь шүүхийн бус журмаар буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах талаар талууд харилцан тохиролцож, REMAX-тай гэрээ байгуулж, худалдан борлуулахаар болсон боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдагдаагүй. Учир нь хариуцагч Т.О зээлийн гэрээний дагуу үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж, зээлийг төлж барагдуулах гэж байсан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 12,220,603 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдолд дурдсан байна. Хэдий хугацаанаас хүү тооцож, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон нь тодорхойгүй, энэ талаар нотолж чадаагүй. 2023 онд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Т.О, Б.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 22,064,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,090,958 төгрөг, нийт 49,155,163 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар дээрх шаардлагаас 36,983,561 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...хамтран зээлдэгч автомашины осолд орж асаргаа сувилгаатай байгаа, мөн Ковид-19 цар тахлын улмаас зээлээ төлөх санхүүгийн боломжгүй болсон, энэ тухай удаа дараа банкинд хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн томъёолсон Зээлийн гэрээ-г цуцлуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэж үзлээ. Учир нь, нэгдүгээрт хугацаа нь дууссан Зээлийн гэрээ-г цуцлах ойлголт байхгүй, хоёрдугаарт Зээлийн гэрээ-г талууд байгуулсан тул талууд цуцлах эсэхийг шийдвэрлэнэ, шүүх гэрээний нэг тал биш тул уг асуудлыг шийдвэрлэхгүй.

3.  Талууд 2019 оны 03 сарын 26-ны өдөр ЗГ/ВСС190325042-1 тоот Зээлийн гэрээ байгуулж, Х ХК нь 25,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Т.О нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

Мөн өдөр талууд ЗБ/ВСС190325042-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, дээрх Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд Т.Оийн өмчлөлийн Б дүүргийн *-р хороо, **-р хороолол, **-р байрны *** тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Мөн өдөр талууд БГ/ВСС190325042-1 тоот Баталгааны гэрээ байгуулж, Т.О-ийн хүлээсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Ж нь ХХК-д баталгаа гаргажээ.

4. Анхан шатны шүүх Х ХК болон Т.О-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, харин Х ХК болон Б.Ж-ны хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан баталгааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.  Зээлийн гэрээ-ний дагуу 25,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад хариуцагч нар маргаагүй.

6.  Иймд нэхэмжлэгч ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.4, 169 дүгээр зүйлийн 169.1-д тус тус зааснаар хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд Зээл, зээлийн хүүгийн тооцоолол-ыг гаргаж өгсөн бөгөөд уг тооцооллоор нэхэмжлэл гаргах үе буюу 2023 оны 09 сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч нарын хүлээсэн үүрэг үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 22,064,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,090,958 төгрөг, нийт 49,155,163 төгрөг болох нь тогтоогдсон.

Хариуцагч тал дээрх тооцоололтой маргаагүй, дээрх дүнг няцаасан тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй.

7.  Хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

7.1. Баталгаа гаргагч Б.Ж зам тээврийн осолд орж гэмтсэн гэх нөхцөл байдал, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан зээлийн хүүг багасгах зохицуулалт нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хэрэглэгдэхгүй тул уг заалтыг үндэслэн шүүх зээлийн хүүг багасгах эрхгүй.

7.3. Өмнө дурдсанчлан, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлдүүлэгч мэдэгдэл өгсөн эсэх, зээлдэгчийн хүсэлтэд хариу өгсөн эсэх нь тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх эсэхийг зээлдүүлэгчийн үзэмжид хамаарна.

7.4.  Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор банк нь зээлийн гэрээ болон баталгааны гэрээний үүргийг шаардах эрхтэй тул уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж банкийг буруутгах боломжгүй.

8. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

9. Харин анхан шатны шүүх хууль хэрэглээ болон найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/02118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д тус тус зааснаар хариуцагч Т.О, Б.Ж нараас 49,204,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай гэж,

2 дахь заалтад ...хариуцагч нь... гэснийг ...хариуцагч нар... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 210,480 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР