Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01320

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01320

 

Я.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/02605 дугаар шийдвэртэй,

Я.А-ийн нэхэмжлэлтэй

Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч БНХАУ-ын иргэн *** овогт ***-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А-, А.Ч-, А.Г- нарыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.А-, түүний өмгөөлөгч Б.З, гуравдагч этгээд Д.А- /цахим/, түүний өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 1998 оноос БНХАУ-ын иргэн *** ***-тэй хамт амьдарч байгаад 2005 онд хүү А.Ч-, 2012 онд охин А.Г- нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй ба миний нөхөр 2013 оны 09 сарын 26-ны өдөр зүрхний өвчний улмаас нас барсан. Миний нөхөр **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх **** м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 1998 онд худалдан авч төлбөрийг нь хэсэгчлэн төлж, 2005 онд улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.

Гэтэл Д.А- нь нас барсан хүний гарын үсэг, тамгыг санаатайгаар хуурамчаар үйлдэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №******* дугаартай гэрчилгээг гаргуулсан байсан. Энэ асуудлыг **** дүүргийн Прокурорын газар хянаад 2017 оны 09 сарын 26-ны 425**** тоот тогтоолоор Д.А-гийн нэр дээрх ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, **** дүүргийн ** дүгээр хороо, ****** тоот хаягтай, **** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч байсан *** ***-ий хууль ёсны өвлөгчөөр Я.А-, А.Ч-, А.Г- нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Гуравдагч этгээд Д.А-гийн тайлбар, татгалзлын агуулга: Энэхүү **** дүүрэг, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх *******хаягтай, 2016 метр.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь би билээ. Гэтэл Я.А- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.А- би болохыг мэдсээр байж хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хуурамч нотлох баримтыг гарган, мөн бусад нөхцөл байдлуудыг нууж, шүүхийг төөрөгдүүлэн иргэн Д.А- миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан байна.

Миний өмчийг булаан авахаар намайг олон жил шүүх, цагдаагаар гүтгэж байгаад гомдолтой байна. Я.А- нь *** ***-ий хууль ёсны эхнэр биш, түүний хууль ёсны эхнэр нь БНХАУ-д байдаг, тэд нэг хүүтэй. Өвлөх эрхийн гэрчилгээтэй гэх боловч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.А-ийн **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоот хаягтай, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч *** ***-ий оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А-, А.Ч-, А.Г- нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрт "...Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлд онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамд нийцээгүй бөгөөд хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээдийг ойлгох ба нэхэмжлэгч Я.А- нь ийнхүү нэхэмжлэлд хуульд заасан хариуцагчаар оролцвол зохих этгээдийг тодорхойлох байжээ" гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин миний гаргасан нэхэмжлэл онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэгдэх маргаан мөн бөгөөд энэ хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байхгүй юм. Түүнчлэн шүүхээс дээрх хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг харьяаллын бус гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: **** дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн төрөлд өвлөгч тогтоолгох маргаан хамаарахгүй. Мөн БНХАУ-ын иргэн *** ***- нь тухайн улсын иргэн Ж-тай албан ёсны гэр бүлийн бүртгэлтэй, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь баримтаар тогтоогдсон. Иймд Я.А-ийн гаргасан хүсэлт нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид хамаарахгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, хууль болон гэрээгээр эрх нь олгогдоогүй этгээд тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Я.А- нь **** дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  ***хаягт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 2,016 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017735 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч БНХАУ-ын иргэн *** овогт ***-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А-, А.Ч-, А.Г- нарыг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргажээ.

Тус хэрэгт гуравдагч этгээдээр Д.А- оролцож, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүдийг нэрлэн заасан бөгөөд БНХАУ-ын иргэн *** овогт ***-ы өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А-, А.Ч-, А.Г- нарыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарахгүй, мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Я.А-, А.Ч-, А.Г- нарыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч талийгаач БНХАУ-ын *** овогт ***-ий хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэгч Я.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2005 оны 12 сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн *** овогт ***-, гуравдагч этгээд Д.А- нар хамтран өмчилж байгаад 2014 оны 08 сарын 25-ны өдөр Д.А-гийн өмчлөлд шилжсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ БНХАУ-ын иргэн *** овогт ***-тэй хамтын амьдралтай байсан, нөхөр *** овогт ***- нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2005 онд худалдан авсан, Д.А- нь манай нөхөртэй хамтран ажилладаг байсан учир нэрийг нь оруулан бичүүлсэн гэж тайлбарласан бол гуравдагч этгээд Д.А- би энэ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ... миний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг нь эрх зүйн маргаангүй бөгөөд тодорхой үйл явдлыг сэргээн тогтоолгох агуулгатай байдаг учир дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.А- болон уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч гэж үзэж нэхэмжлэл гаргасан Я.А- нарын хооронд дурдсан эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргаан үүссэн гэж үзэхээр байна.

Иймээс энэ үндэслэлээр ...миний нэхэмжлэл онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэгдэх маргаан мөн... гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Д.А-гийн өмчилж буй, өвлөгдвөл зохих эд хөрөнгө гэж нэхэмжлэлдээ дурдсан эд хөрөнгийн талаархи маргааныг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд өвлөгдвөл зохих эд хөрөнгийн талаар маргаж буй этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ ердийн журмаар гаргах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/02605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ