| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0284/Э |
| Дугаар | 300 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
Улсын яллагч Б.Энхмэнд,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Т овогт Б-н Т-д холбогдох эрүүгийн 1810023010201 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн д байрны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Б-н Т
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, гэртээ 2018 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн үед согтуугаар эхнэр Н.О- ийг “архи уулаа зайл” гэж гэрээс хөөлөө гэж маргалдан улмаар түүний өгзөг хэсэг рүү өшиглөх, сандлаар мөрөн тус газар нь цохих, багалзуурдаж шал руу дагзаар нь унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү сэгсрэгдэх шинж, зүүн бугалга гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.
Хохирогч Н.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед би гэртээ иртэл нөхөр Т нь найз Л-хээ хамтаар архи уугаад сууж байсан. Л намайг гэрт орж ирэнгүүт надтай зөрөөд гараад явсан. Би Тд “нялх хүүхэд харж байж гэрт архи уулаа” гэж уурлахад тэрээр над руу уурлаж харааж загнаад байхаар нь түүнийг “зайл, зайл” гэтэл тэрээр 1 настай хүү А, 11 настай хүү А нарыг аваад гараад явсан. Би тэднийг ойрхон гарсан байх гэж бодоод хүлээж байгаад нэг цаг орчмын дараа Тын гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Би гэрийнхээ гэрлийг унтраачхаад, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд орондоо уйлаад хэвтэж байхад Т хүүхдүүд дагуулаад гэрт орж ирсэн. Тэрээр намайг унтаж байна гэж бодсон уу яасан “намайг зайлуулчхаад сайхан унтаж байна уу” гээд миний ахар сүүл орчимд 2-3 удаа хүчтэй өшиглөсөн. Тухайн үед тэрээр гуталтай байсан. Би Т д өшиглүүлж өвдсөндөө болоод дуу ч гарахгүй орноос огло үсрээд босож ирсэн. Ингээд би уйлаад хадам ээж Э / / руу залгаж болсон асуудлыг хэлээд “хүү чинь агсан согтуу тавиад намайг зодоод цохиод байна” гэтэл Т “чи манай ээж рүү ярилаа гэж уурлаад ногоон өнгийн жижиг хуванцар сандлаар зүүн мөр рүү шидсэн. Тэгснээ намайг заамдаад хойшоо дэгээдээд, шалан дээр савж унагасан. Тухайн үед босох гэтэл хүзүү эвгүй оргиод босож чадахгүй байсан. Тэгэхээр нь 11 настай хүү А-г дуудаж байгаад түүгээр эмнэлгийн түргэн тусламж дуудуулсан. Мөн 102 дугаарт дуудлага өгсөн. Ингээд удаагүй байхад цагдаа ирээд Тыг аваад явсан. Харин эмнэлгийн түргэн тусламж ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэр үед би хүзүү хөдөлгөж болохгүй өвдөөд, дагз орчмоор өвдөж, толгой манарч дүйнгэтээд байхаар нь хүзүү өвдчихлөө гэж л бодсон. Ингээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хүзүүнд хугарал үүсээгүй байна, зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн. Тэр өдрөө эмнэлэгт хоноод, маргааш нь гэртээ ирсэн. Мөн цагдаад гомдол гаргасан. Миний хүзүү зөөлөн эдийн гэмтэлтэй болоод, мөн зүүн бугалга, зүүн гуяа орчимд хөхөрсөн байсан. Үүнээс өөр гэмтэл учраагүй. Т өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшээд надаас уучлалт гуйсан, дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн. Тийм болохоор түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Мөн ямар нэгэн гомдол, санал гэх зүйл байхгүй. Би Ттай эвлэрсэн...” гэжээ. /хх-20-21-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 11473 тоот дүгнэлтэнд: “...Оийн биед тархи доргилт, хүзүү сэгсрэгдэх шинж, зүүн бугалга гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэжээ. /xx-24-р тал /
Шүүгдэгч Б.Тын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, ял шалгах хуудас / хх-51/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод байх гэртээ 2018 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн үед согтуугаар эхнэр Н.Оийг “архи уулаа зайл” гэж гэрээс хөөлөө гэж маргалдан улмаар түүний өгзөг хэсэг рүү өшиглөх, сандлаар мөрөн тус газар нь цохих, багалзуурдаж шал руу дагзаар нь унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү сэгсрэгдэх шинж, зүүн бугалга гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹11473 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэx үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Б.Т нь зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ноогдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал зааx шаардлагагүй бөгөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овогт Б-н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Т-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Тд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тд урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ