Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01321

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01321

 

Т.А-, Ц.М-нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01750 дугаар шийдвэртэй,

Т.А-, Ц.М-нарын нэхэмжлэлтэй,   М н- ГҮТББ-д холбогдох,

М н- ГҮТББ-ын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн **дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ** дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн ** дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А-, Ц.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Тус нийгэмлэг нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 186 гишүүнтэй байсан. Анх 2009 онд дүрмээ баталсан бөгөөд 2018, 2021 онуудад өөрчлөлт оруулсан. Гол асуудал нь 2009 оны 06 сарын 20-ны өдөр баталсан дүрмээр бүх гишүүдийн хурлаас дүрэмд өөрчлөлт оруулна гэж заасан байхад удирдах зөвлөл эрх мэдлээ хэтрүүлэн бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан мэтээр 2019 оны ** тоот тогтоол гаргаж хууль бусаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ тогтоол, түүний хавсралтыг хүчингүй болгохоор шаардлага гаргасан. Бодит байдлыг авч үзвэл, нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлыг 2018 оны 01 сарын 29-ний өдөр зарлан хуралдуулж, Удирдах зөвлөлийн сонгууль явуулсан мэтээр бодит байдлыг зориуд гуйвуулан бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан мэт баримт бичгийн төсөл бэлдэж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг.

Дээрх үйлдэл нь тус төрийн бус байгууллагын нийт гишүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, зориудаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үйлдэл байна. Мөн дүрмийн холбогдох заалтад өөрсөддөө ашигтай заалтыг удирдах зөвлөлд нэмж өөртөө эрх мэдлийг олгож, хууль бус шийдвэрүүд гаргасан.

Иймд М н- ГҮТББ-ын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн ** дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн **дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн ***дүгээр бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн *** дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Маргааны зүйл болох М н- төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хуулиар зохицуулагдаж байдаг. Маргааны эх үндэс нь 2009 оны дүрэм байсан. Энэ дүрмийн 4.5-д бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн боловч 6.1-д нийгэмлэгийг өөрчлөн шинэчлэх гэж байгаа. Хэрэгт авагдсан 2009 оны дүрмийн 6.1-д нийгэмлэгийг өөрчлөн шинэчлэх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Татан буулгах асуудлыг тавих эрхийг тэргүүлэгчдийн зөвлөлд өгсөн. Энийгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. 2019 оны 09 сарын 12-ны өдрийн ** дугаар тогтоолын хувьд дүрмийн дагуу энэ тогтоолд тэргүүлэгчид зураад, 5 дугаар зүйлийн 5.5.2-т төрийн бус байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулах гэж заасан. Мөн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ** дугаар тогтоолын удирдах зөвлөлийн тогтоол гарч дүрэмдээ өөрсдөө нэмэлт өөрчлөлт оруулсан атлаа одоо яагаад хууль бус гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Төрийн бус байгууллагын гишүүд хуралдахад хамгийн чухал нь хурлын ирц юм. Хурал хийж удирдах зөвлөл нь сонгогдоод улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Хурлын тогтоол гараад мэдэгдэх ажиллагаа хийдэг, мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргаж захиргааны журмаар шийдвэрлүүлж болдог. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Т.А-, Ц.М-нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, МНЭН ГҮТББ-ын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн ** дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ** дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгож, 2018 оны 01 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, хурлын протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн ** дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн ** дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, хуулийг зөв хэрэглэх ёстой. Гэтэл шүүх энэ шаардлагыг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасангүй. Учир нь шийдвэрт шүүх 2019.09.12-ны 2021 оны бүх гишүүдийн хурлын тогтоолуудыг хүчингүйд тооцсон. Ингэхдээ 2009 оны дүрмийн 4.1-д "Нийгэмлэгийн Удирдах Дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал,жил 1 удаа хуралдана 5-д хурлаас нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулна гэж заасан атал Тэргүүлэгчдийн Хурлаар дүрэмд өөрчлөлт оруулсан байна гэж хүчингүй болгосон.

Гэтэл дүрмийн 8.8-д Тэргүүлэгчдийн хурлаар дүрэмд өөрчлөлт оруулахаар дүрэмд заасныг буруу тайлбарлан 2019.09.12-ны болон 2021 онд батлагдсан дүрмийг хүчингүй болгосон.

М н- ГҮТББ-ын анхны дүрмийг 2009 онд баталсан бөгөөд түүнийг шинэчлэн 2019 онд баталсныг улсын бүртгэлд бүртгэгдсэнээр, мөн 2021 онд дахин шинэчлэн баталсныг мөн бүргэгдсэнээр шинэчлэгдсэн дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөх хуультай. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар дүрмээ шинэчлэн бүртгүүлснээр өмнөх дүрмийн заалт хүчингүй болох ёстой бөгөөд 2019, 2021 оны дүрмийн өөрчлөлтийг тухай үедээ нийгэмлэгийн төлөөлөгч болох эмч нарын төлөөлөл бүгд хуралдан шийдвэрлээд л явсан байдаг.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн нь тодорхойгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2019, 2021 онуудыг дүрмийг хүчингүй болгосон хэсгийг хянан үзэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга: 2019 онд гаргасан М н- ГҮТББ-ын дүрмийн 8.8-д бүх гишүүдийн хурлаас дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт хэзээ хүчин төгөлдөр болсон талаар процессыг зохицуулсан заалт юм. Гэтэл М н- ГҮТББ нь 200 гаруй гишүүдийн эрхийг удирдах зөвлөл нэртэй хэдэн гишүүд гарч ирээд зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлж гүйцэтгэх захирал томилж8 санхүүгийн эрх мэдлийг өөрсдөө авсан, дүрэмд өөрчлөлт оруулахдаа бүх гишүүдийн бус зөвхөн удирдах зөвлөлийн 9 гишүүн өөрчлөлт оруулна гэх маягаар 2019, 2021, 2022 онуудад үе шаттайгаар хуурамч баримт бүрдүүлээд улсын бүртгэлд бүртгүүлснийг бидний эрх ашиг зөрчигдөж байна гэж үзээд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь 2019, 2021 оны дүрмүүд хуулийн хүрээнд батлагдсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2019 оны дүрмийн 5-д бүх гишүүдийн хурлаар дүрэмд өөрчлөлт оруулна гэсэн цорын ганц зохицуулалт бий. Гэтэл 2019 оны 09 сарын **дугаар тогтоолоор удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаад, шинэчилсэн дүрэм баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг хуурамч дүрэм бүртгүүлснийг үндэслээд 2021 онд дахин шинэчилж бүртгүүлсэн нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12, 11 дүгээр зүйлийн 11.2 болон төрийн бус байгууллагын 2009 оны дүрмийн 4.5-д заасныг зөрчсөн тул уг шийдвэрүүдийг хууль бус гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс уг үйл баримт тогтоогдож, хууль зөрчсөн нь хэргийн баримтаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.А-, Ц.М-нар нь хариуцагч М н- ГҮТББ-д холбогдуулан М н- ГҮТББ-ын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн **дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, мөн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ** дугаартай Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, мөн 2018 оны 01 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, мөн 2022 оны 10 сарын 08-ны өдрийн ** дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, мөн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн ** дугаартай Удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төрийн бус байгууллагын дүрмийн дагуу бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн шийдвэр гарсан гэж маргажээ.

3. М н- ТББ нь нүдний эмч, судлаач нарыг нэгтгэн, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, эрх ашгийг нь хамгаалах, удирдах чиглүүлэх, Монгол Улсад нүд судлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч М н- ГҮТББ-ын бүх гишүүдийн хурал 2018 оны 01 сарын 29-ний өдөр болж, тус хурлаар нийгэмлэгийн тэргүүлэгчдийг сонгосон. Мөн 2019 оны 09 сарын 11-ний өдөр нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, 12-ны өдрийн ** дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоолоор нийгэмлэгийн дүрмийг баталсан, мөн 2021 оны 12 сарын 10-ны өдөр нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хуралдаж, Удирдах зөвлөлийн ** дугаартай тогтоолоор нийгэмлэгийн дүрмийг шинэчлэн баталсан. Түүнчлэн 2022 оны 10 сарын 08-ны өдөр нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал хуралдаж, тус хурлаас Бүх гишүүдийн * дугаартай нийгэмлэгийн дүрмийг шинэчлэн баталсан, мөн нийгэмлэгийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн ** дугаартай Удирдах зөвлөлийн тогтоолоор нийгэмлэгийн дүрмийг баталсан байна.

Эдгээр бүх гишүүдийн хурлын шийдвэр болон удирдах зөвлөлийн тогтоолууд нь тус нийгэмлэгийн анхны буюу 2010 оны 12 сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн дүрмийн 4.1-д Нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд жилд нэг удаа хуралдуулна гэж, 4.4-т Тэргүүлэгчдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүнийг сонгоно гэж, 4.5-д Бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тус тус заасныг зөрчсөн буюу нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд нийгэмлэгийн дүрмийг 2019, 2021, 2022 онуудад бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гэж нэхэмжлэгч тал маргасан.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байдаг бол гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хувьд эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал эсхүл удирдах зөвлөл байх эсэхийг дүрмээрээ зохицуулахаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хуульчилжээ. М н- ТББ нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэмд нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ.

5. Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М н- ГҮТББ хариуцах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу сонгосон гэж үзэхээр байна.

Учир нь нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, улмаар удирдах зөвлөл өөрийн гаргасан шийдвэрээ бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн мэтээр баримт бүрдүүлэн бүртгэх байгууллагад хүргүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа нөхцөлд уг асуудлыг нийгэмлэг бус харин уг шийдвэрийг гаргасан гэх удирдах зөвлөл хариуцах үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэгийн /2010 оны/ дүрмийн 2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар М н- ГҮТББ нь гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэмдээ заасантай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хариуцан арилгах чиг үүрэг хамаарахгүй, эрх хэмжээ олгогдоогүй байна.

Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь М н- ГҮТББ-ын гишүүдийн хооронд үүссэн маргаан гэж үзэх тул нэхэмжлэгч Т.А-, Ц.М-нарын хариуцагч М н- ГҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч нар тухайн маргаж буй асуудлын талаараа уг шийдвэрийг гаргасан этгээдэд хандан шийдвэрлүүлэх эсхүл түүнд холбогдуулан нэхэмжлэлээ гаргах эрхтэй.

6. Энэ үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тухай хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрлэдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.А-, Ц.М-нарын хариуцагч М н- ГҮТББ-д холбогдуулан М н- ГҮТББ-ын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн ** дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн **дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн **дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн ** дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ