Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2024/00038

 

 

*******, *******, ******* нарын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 148/ШШ2024/00217 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, *******, ******* нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын асрамжид байсныг тогтоолгох тухай

Хэргийг нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Хишигсүрэн нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Миний бие нь аав *******, ээж ******* нарын охин болон 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэндэлсэн. Намайг төрөхөд миний аав ээж хоёр миний өвөө *******, эмээ ******* нарын хамт амьдарч байсан. Би өвөөтэй 21 жил, эмээтэй 14 жил хамт амьдарсан. Эмээ маань 2013 онд нас барсан. Өвөө ******* маань 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Өвөө маань ******* намайг ХААИС-д агрономч мэргэжлээр сургасан ба 2020 оны хавар их сургуулиа төгсөөд өвөө *******ынхаа даалгавраар Моностойн нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Хулан би өөрийн өвөөгийн гэрт бага насаа өнгөрөөж, зуны цагт үтрэм дэх байшинд өвөл өвөөтэйгөө Дархан суманд хамт амьдарч байсан. Миний өмсөж зүүх, эдэлж хэрэглэх эд зүйлс, сургалтын төлбөрийг төлж байсан. Хулан миний талийгаач өвөө ******* овгийн *******ийн тай нэг гэрт 21 жил хамт амьдарч, өсч хүмүүжсэн, түүний асрамжид байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Миний бие нь 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Төрсөн цагаас өөрийн ээж *******, аав П.*******, эмээ *******, өвөө ******* нарын асрамжид өссөн. Аав П.******* намайг 10 настай байхад нас барсан. Түүнээс хойш ээж бид гурав эмээ *******, өвөө *******ын хамт амьдарч байсан ба эмээ 2013 онд өвөө ******* 2020 оны 10 дугаар сард нас барсан. Одоо ээж, эгчийн хамт амьдарч ХААИС-д суралцсан. Өвөө ******* маань амьд ахуйдаа миний бүх л өмсөж эдлэх, сургуульд суралцах зардлыг гаргаж байсан. Ээж ******* Моностойн нуруу ХХК-ийн үйл ажиллагаанд тусалж ажилладаг байсан. Сүүлд нягтлан бодогч болсон. Би өвөө *******, эмээ ******* нартай төрсөн цагаасаа хамт амьдарч өвөөгийнхөө асрамж дэмжлэгээр сургуульд суралцсан. ******* миний талийгаач өвөө ******* овгийн *******ийн тай нэг гэрт 19 жил хамт амьдарч өсөж хүмүүжсэн, түүний асрамжид байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... ******* миний охин 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Охин маань одоо 8 настай. Хадам аав ******* охин *******д бүх зүйлээ зориулдаг хүн байсан. Учир нь миний гал дээр гарсан охин гээд нас эцэс болтлоо хайрлаж өсгөсөн юм. Иймд өвөө ******* овгийн *******ийн тай нэг гэрт 5 жил хамт амьдарч, өсөж хүмүүжсэн түүний асрамжид байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 148/ШШ2024/00217 дугаартай шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т заасныг баримтлан *******, *******, ******* нарын өвөө *******ын асрамжид байсныг тогтоолгох -ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******,*******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 148/ШШ2024/00217 шийдвэртэй, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, ******* овгийн *******ийн тай хамт амьдарч байсан, түүний асрамжинд байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар.

Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын *****  баг, **** хэсэг, **** тоот хаягт өөрсдийн өвөг эцэг болох *******тай хамт амьдарч байсан, түүний асрамжинд байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар одоо ч энэ хаягт бүртгэлтэй байдаг.

******* овгийн *******ийн нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан ба нэхэмжлэгч *******, ******* нар тухайн өдрийг хүртэл түүнтэй хамт амьдарч, түүний тусламж, тэтгэлгээр сургууль төгсөж, түүний үүсгэн байгуулсан Моностой нуруу ХХК-д ажиллаж байгаа, ******* нь нас барагчтай хамт амьдарч, түүний асрамжид байсан болно.

Нэхэмжлэгч нар өөрсдийн шаардлагаа нотлох бүхий л баримтыг шүүхэд өгсөн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаар гэрчүүдээс мэдүүлэг авах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 520.3 дах хэсгийн заалтыг Гэр бүлийн тухай хуулийн зарим заалтыг иш татах замаар тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Тухайлбал: Гэр бүлийн тухай хуулийн 8 бүлгийн .... асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох журмыг тайлбарласан иш татах нь энэ нэхэмжлэлийн үндэслэлд огт хамааралгүй юм. Нэхэмжлэгч нарыг нас барагч ******* асран хамгаалж, харгалзан дэмжиж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин түүнтэй хамт амьдарч байсан, асрамжид /эдийн ба эдийн бус дэмжлэг, туслалцаа гэх зэрэг/ байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан болно. Дээрх 2 өөр харилцааг хольж хутган, ойлгомжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Тодруулбал: асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг иргэний эрх зүйн чадамжтай холбон, хуульд заасан тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд зохих эрх бүхий холбогдох Засаг даргын захирамжаар шийдвэрлэдэг ба харин Иргэний хуулийн 520.3 дах хэсгийн зохицуулалт нь энд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоосноор өв залгамжлах эрх үүсгэх үр дагавартай байдаг.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс хуулийн энэ заалтад нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлээгүй байна.

Тухайлбал: шүүх иргэний эрх зүйн өөр харилцааг зохицуулсан хуулиудын холбогдох заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүйдээ хөтлөгдөн, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг дуусгавар болох тухай дүгнэлт хийжээ. Түүнчлэн нас барагч өөрийн гараар бичсэн эх бичвэр, бусад бичгийн нотлох баримтууд нь хоорондоо харилцан хамааралгүй, нэг нь нөгөөгөө давхар нотолж чадахгүй гэжээ.

Дээрх дүгнэлтээс нь үзвэл шүүх шүүхийн нотолгооны зүйлийн талаар огт мэдлэггүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт тухайн хэрэгт хэрхэн хамааралтай байдгийг судлаагүй гэж үзэхээр байна.

Нас барагч ******* нь амьд байхдаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн бичсэн бичвэр нь Иргэний хуулийн 40.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх талаар шүүх дүгнээгүй нь хэргийн үйл баримт, түүнийг нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч нар *******тай хамт амьдарч байсан, түүний асрамжид байсныг тогтоолгох гэсэн 2 шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын нэгийг шийдвэрлэлгүй орхисныг ...өвөө *******ын асрамжид байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснээс харж болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтад нийцээгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-04-18-ны өдрийн 148/ШШ2024/00217 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид насанд хүртэлээ өвөөгийнхөө хамт түүний асрамжид байсан гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Гэтэл шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгыг ойлгохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******, *******, ******* нарын хүсэлт бүхий иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Хүсэлт гаргагч *******, *******, ******* нар нь өвөг эцэг *******ын хамт амьдарч түүний асрамжид байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагч түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хоёр хүсэлт шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байхад нэг хүсэлтийг огт шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

3. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хүсэлт гаргагч нар нь шүүхэд хандаж хоёр шаардлага гаргасан байхад нэгийг нь орхигдуулж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлт гаргагч нарын хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

4. Хүсэлт гаргагч нарын шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлттэй хамт ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг судлан үзвэл:

Хүсэлт гаргагч *******, *******. ******* нар нь өвөг эцэг болох ******* овгийн *******ийн ын хамт амьдарч байсан мөн өвөг эцгийнхээ асрамжид байсан гэдгийг тогтоолгох буюу эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт гаргасан байх ба эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тогтоолгох болсон шалтгаанаа өвөг эцэг *******ын эд хөрөнгийг өвлөх эрхтэй холбоотой шаардлага үүссэн гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаар хүсэлт гаргагч *******, *******. ******* нар нь ******* овгийн *******ийн ын хүү П.*******ийн хүүхдүүд буюу ач нар нь бөгөөд өвөг эцгийгээ нас барах хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын буурагчин багийн Гэрэлт хайлааст гудамжны **** тоотод хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох хүсэлт гаргагч нарын төрсний гэрчилгээний хуулбарууд болон хүсэлт гаргач нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба тухайн хүүхдүүд нь өвөг эцэг *******ын хамт амьдарч байсан болох нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 316 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн засаг даргын 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 16, 17, 18 дугаартай тодорхойлолт, гэрч , , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагч *******, *******. ******* нарын өөрийн эцэг ын *******ийг нас барсны дараа буюу 2011 оноос хойш өвөг эцэг *******ийн ын асрамжид байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

Учир нь: Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар бага насны 14 хүрээгүй бүтэн өнчин хүүхэд, эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон эсхүл эцэг эх байх эрхээ хасуулсан бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор хуульчилсан.

Хүсэлт гаргагч нарын эцэг болох ын ******* нь 2011 оны 06 сарын 21-ний өдөр нас барсан ба тухайн үед түүний охин ******* 11 настай, хүү ******* 10 настай байсан ба тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар хүсэлт гаргагч нар нь өөрийн эх асрамжид байсан гэж үзэхээр байна.

Хүсэлт гаргагч нар нь өвөг эцэг *******ын ач нартайгаа хамт амьдарч, ач нарынхаа ахуй амьдрал, сурлага хүмүүжилд санаа тавьж санхүүгийн тусламж үзүүлж байсан нь тогтоогдож байгаа боловч энэхүү байдлыг нь түүний асрамжид байсан гэж үзэхгүй, түүнчлэн хүсэлт гаргагч нарын эх Л. эх байх эрхийг хязгаарласан, эсхүл эрх зүйн чадамжгүй өөр бусад үндэслэлээр хүүхдүүдэд нь асран хамгаалагч тогтоож байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тул хүсэлт гаргагч нарын өвөг эцгийн асрамжид байсан гэснийг тогтоолгох тухай хүсэлтийг хангах хуулийн үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд хүсэлт гаргагч нарын өвөг эцэгтэйгээ хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, хоёр дахь шаардлага болох өвөг эцгийнхээ асрамжид байсан гэдгийг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 148/ШШ2024/00217 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, 135.2.14-т заасныг баримтлан *******, *******, ******* нарыг өвөг эцэг *******тай хамт амьдарч байсныг тогтоож, хүсэлт гаргагч нарын өвөг эцэг *******ын асрамжид байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч нараас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Г.ДАВААРЕНЧИН