Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01327

 

 

 

 

 

2024 06 26 210/МА2024/01327

 

 

С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00288 дугаар шийдвэртэй,

 

С.А-ын нэхэмжлэлтэй, БДШШГ- хэлтэст холбогдох,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн *** шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч С.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д, Б.Ө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн **** захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг БДШШГ- хэлтсээс явуулсан ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсоныг үндэслэн 2017 оны 04 сарын 11-ний өдөр ** төлбөр авагч С.Б-, төлбөр төлөгч С.А-ад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон тогтоолыг тус хэлтээс гаргасан. Төлбөр авагч С.Б- түүний хуулийн зөвлөх Г.Б- нарын хүсэлтээр 2017 оны 01 сарын 12-ны өдөр би төлбөр барагдуулах хэлцэл хийж, тэр өдөртөө төлбөр авагч С.Б- нь хариуцагч С.А- нь надад 86,400,000 төгрөгийг төлсөн нь үнэн гэсэн бичгийг шийдвэр гүйцэтгэх хэлтэст бичиж өгсөн.

1.2. Төлбөр авагч С.Б- нь 2023 оны 12 сарын 13-ны өдөр ШШЕГ-хандан 2017 оны 01 сарын 12-ны өдрийн хэлцлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр зогсоосон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч нөхцөл биелээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар БДШШГ- хэлтэс нь 2024 оны 01 сарын 03-ны өдрийн *** шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг гаргажээ.

 

1.3. Энэ нь 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** зүйлийн 16.1.2-т зааснаар дуусгавар болгосон ажиллагааг 2017 оны 07 сарын 01-нээс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 30 дугаар зүйлд заасныг үндэслэн сэргээсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргахгүй гэснийг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж зааснаар төлбөр төлөгдөөгүй бол сэргээнэ гэж заагаагүй байна.

Иймд Багануур дүүрэг дэх ШШГХ-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн *** шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн **** захирамжаар С.А-аас 86,400,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг нийт 86,415,000 төгрөгийг гаргуулж С.Б-т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч С.Б- нь ШШЕГ-2023 оны 12 сарын 13-ны өдөр төлбөр төлөгч С.А-ын хүсэлтээр төлбөр барагдуулах талаар 2017 онд хэлцэл байгуулсан ч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгнө үү гэж гомдол гаргасан. Гомдлын дагуу төлбөр төлөгч С.А- төлбөр авагч С.Б- нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дуудан ирүүлж тайлбар авахад талууд төлбөр аваагүй, төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдсон.

Иймд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, мөн төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй аль ч тохиолдолд дээрдүүлсэн шийдвэр гаргах зарчмыг баримтлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсэн. Төлбөр төлөгч С.А-ын нэхэмжлэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл мөн байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга:

 

3.1. Шүүхийн шийдвэр биелээгүй тухайд: Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн **** шүүгчийн захирамжаар С.А-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 86,400,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл дээрх шүүгчийн захирамж одоог хүртэл биелэгдээгүй учир С.Б-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол хохироод байна.

 

3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж дахин сэргэсэн тухайд: С.Б- нь С.А-тай 2017 оны 01 сарын 12-ны өдөр дээрх авлагыг хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцож хэлцэл байгуулан уг хэлцлийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл хэлцэл хийснээс хойшхи 9 жилийн хугацаанд барилгын ажил хийгдэж дуусаагүй өнөөдрийн байдлаар 4 давхар хүртэл л баригдсан бөгөөд сүүлийн хэдэн жил барилгын ажил огт явагдалгүй үйл ажиллагаа нь зогсож, Ундарга хаус компани нь барилгаа орхин явж Хятад улсад оршин суух болсон.

Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн өөрийн эзэмшилд байсан газрыг үнэ төлбөргүй алдах эдийн засгийн маш том эрсдэл үүссэн тул миний бие уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлахаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Эдгээр шалтгаануудаас үүдэн уг хэлцэл нь бодит байдал дээр биелэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар С.А-ын нэхэмжлэлтэй, БДШШГ- хэлтэст холбогдох Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн *** шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

 

5.1. Анхан шатны шүүх хуралд оролцсон өмгөөлөгч Ч.Б-ы нэрийг шийдвэрт оруулаагүй, хэлсэн тайлбарын агуулгыг тусгаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

 

5.2. Шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** зүйлийн 16.1.3-т зааснаар хэлцэл хийж буюу эвлэрлийн гэрээ байгуулж ирээдүйд бий болох хөрөнгийн талаар тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байхад төлбөр төлсөн үндэслэлээр буюу *** зүйлийн 16.1.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь буруу байна гэж дүгнэжээ. Төлбөр авагч С.Б- нь 2017 оны 01 сарын 12-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан болно гэсэн бичгийг бичиж шийдвэр гүйцэтгэгчид өгснөөр уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** зүйлийн 16.1.2-т зааснаар дуусгавар болсон. С.Б- нь өөрөө хүсэж, ирээдүйд гарах үр дагаврыг мэдэж байсан нь ойлгомжтой. Мөн дуусгавар болсон шийдвэрт гомдол гаргах хугацаа өнгөрсөн.

5.3. Шүүх төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хооронд хийгдсэн болзол хүчин төгөлдөр болсон гэж дүгнэжээ. Гуравдагч этгээд С.Б- нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэх гаргаагүй байхад "хүчин төгөлдөр бус болсон байх тул" гэж дүгнэлт гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

5.4. Шүүх Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль үйлчилж байх үед дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхдээ 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан төлбөр төлөгч тэжээн тэтгэхтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээснийг хууль хэрэглээний хувьд зөвтгөхгүй ч энэ нь уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй" гэж дүгнэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна гэж заажээ. Гэтэл энэ хуульд заагаагүй үндэслэл журмаар сэргээсэн тогтоолыг хэвээр үлдээж хууль зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, БДШШГ- хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.01.03-ны өдрийн *** гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хариуцагч БДШШГ- хэлтсээс 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** зүйлийн 16.1.2-т заасныг баримтлан хуулийг буруу хэрэглэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөр авагч нь 2023 оны 12 сарын 23-ны өдөр 86,415,000 төгрөг аваагүй гэх гомдлыг гаргасан. Тухайн үед төлбөр төлөгч, авагч нарыг дуудаж ирүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тайлбар авахад төлбөр төлөгч С.А- төлбөрийн үүргээ биелүүлээгүй буюу 86,415,000 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдсон, төлбөрөө төлөөгүй гэдгээ төлбөр төлөгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан ба төлбөр аваагүй нь тогтоогдсон учраас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэдэг үүднээс төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулсан гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гомдол 6 жилийн дараа гомдол гаргасан гэх агуулгыг дурдсан. Үүнд хариуцагч талаас тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** зүйлийн 16.1.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон талаар тайлбарласан. Уг заалтад төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн буюу эвлэрсэн үед энэ зохицуулалтыг хэрэглэсэн. Энэ нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явагдсан байна. Өөрөөр хэлбэл, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамаараад захиргааны байгууллага тухайн актыг хууль бус болохыг бүхэлд нь хүлээн зөвшөөрвөл бүхэлд нь эсхүл хүчингүй болгох талаар заасан. Гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргах хугацаанаас үл хамаараад захиргааны байгууллага өөрийн хууль бус үйлдэл буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** зүйлийн 16.1.2-т заасныг үндэслэсэн нь тухайн үед буруу байсан ба энэ үндэслэлээр дуусгавар болгох боломжгүй гэж үзээд хэргийг шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй бөгөөд заавал биелэгдэх учиртай, энэ зарчмын хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч БДШШГ- хэлтэст холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн *** Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

4.1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн **** шүүгчийн захирамжаар С.А-аас зээлийн гэрээний үүрэгт 86,400,000 төгрөг гаргуулан С.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. Шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг хариуцагч 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ** тогтоолоор үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С.А-, төлбөр авагч С.Б- нар харилцан тохиролцож 2017 оны 01 сарын 12-ны өдөр хэлцэл байгуулжээ. Уг хэлцлийн 1.4-т У- ХХК-д шилжүүлэн өгсөн төлбөрт тус газар дээр баригдаж буй барилгаас авах 473 м.кв орон сууцан дээрээ нэмж өв хүлээн авагч болох С.А-аас 300 м.кв орон сууцыг 1 ширхэг авто зогсоолын хамт нэмэгдүүлэн авна гэж, 1.6-д С.Б- нь 1.4-т дурьдсан м.кв-ийг нэмэгдүүлж авснаар С.А-тай холбоотой Багануур дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.23-ны өдрийн *** шийдвэрийг бүрэн барагдуулсан гэж үзэх ба Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүсэлт гаргаж өргөдлөө буцаан авна гэж тохиролцсон.

4.3. Дээрх хэлцлийг үндэслэн төлбөр авагч С.Б- нь 2017 оны 01 сарын 12-ны өдөр ...надад 86,400,000 төгрөгийг бүрэн төлсөн нь үнэн болно гэсэн үндэслэл зааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах утгатай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаснаар БДШШГ- хэлтсийн 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 90 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** зүйлийн 16.1.2-т заасныг удирдлага болгон төлбөр авагч С.А-ын төлбөр төлөгч С.Б-т холбогдох 86,400,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

4.4. Төлбөр авагч С.Б-аас 2023 оны 12 сарын 13-ны өдөр ШШЕГ-хандан гаргасан 2017 онд хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр барагдаагүй гэсэн гомдлыг үндэслэн хариуцагч нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн **** шүүгчийн захирамжтай, төлбөр төлөгч С.А-ад холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээжээ.

 

5. Талуудын харилцан тохиролцож дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр сэргээсэн нь хуульд нийцэхгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргажээ.

Хэргийн баримтаар төлбөр төлөгч С.А- нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны **** шүүгчийн захирамжид заасан 86,400,000 төгрөгийн төлбөртөө У- ХХК-ийн барьж буй барилгаас 300 м.кв орон сууцыг 1 ширхэг авто зогсоолын хамт өгөхөөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр байна. Иймээс шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр авагч, төлбөр төлөгч нар төлбөрийн асуудлаар харилцан тохиролцох байдлаар эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор хийсэн хэлцэл, хүсэлтийг нь үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь зөв байна.

Харин шийдвэр гүйцэтгэх байгууллага нь талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн *** зүйлийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор тохирч хэлцэл хийснийг анхаарахгүйгээр төлбөр авагчаас 86,400,000 төгрөгийг бүрэн төлсөн гэсэн утгатай хүсэлтийг хүлээн авч мөн /2002 оны/ хуулийн *** зүйлийн 16.1.2-т төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн үндэслэл зааж шийдвэр гүйцэтгэх дуусгавар болгох тухай тогтоол үйлдсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлээ буруу томьёолсон байна. Гэвч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож төлбөрийг өөр арга, хэрэгслээр дуусгахаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон талуудын хүсэл зоригийг үгүйсгэхгүй юм.

 

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөр төлөх нөхцөлөө өөрсдөө тодорхойлж, төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бус журмаар барагдуулахаар тохиролцсон 2017 оны 01 сарын 12-ны өдөр хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд хэлцлийн нэг тал нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан бөгөөд төлбөр авагч С.Б-, төлбөл төлөгч С.Амар нарын 2017 онд хийсэн хэлцэл нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байх тул төлбөр авагч уг асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах эрхгүй байна.

Мөн энэ талаар гаргасан иргэн С.Б-ийн гомдлыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх эрх мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БДШШГ- хэлтэст хуулиар олгогдоогүй байхад шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь хуульд нийцэхгүй юм.

Иймд хариуцагч БДШШГ- хэлтсийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн *** Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул БДШШГ- хэлтсийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн *** Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч БДШШГ- хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-ад олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ