| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0347/э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М..Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Нямгэрэлийн Эрдэнэчулуунд холбогдох эрүүгийн “1911008780404” дугаартай, 186/2019/0347/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 6, эхнэр, хадам ээж, эгч, 2 дүүгийн хамтаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 39-470а тоотод оршин суух бүртглэтэй,
өмнө нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ял ммөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Уг шийтгэх тогтоолыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Эрдэнэчулуунд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногуудлсан 15 жил 1 сарын хорих ялыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 213 дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Н.Эрдэнэчулуунд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 16 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямгэрэлийн Эрдэнэчулуун /РД:НУ97111119/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 128 дугаар худгийн хажууд иргэн Б.Номинзулыг хичээлээ тараад явж байхад нь араас нь гүйж очоод “утсаар чинь цагдаа руу ярьчихаад өгье гэж хэлээд түүний цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Н.Э нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Б.Номинзулын:..Намайг Б.Номинзул гэдэг би Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн Бадамсүрэн багштай 9в ангид сурдаг. Намайг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед хичээлдээ тараад гэртээ харих гээд явж байхад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 128 дугаар худгийн хажууханд миний араас нэг танихгүй хүн олон удаа дуудаад байх шиг болохоор нь би айгаад тоохгүй яваад байсан чинь тэр хүн миний араас гүйж ирээд хөөе миний дүү ахдаа гар утсаараа нэг яриулчих гэхээр нь би миний утсанд нэгж байхгүй шүү дээ гэхэд тэр хүн ах нь цагдаа руу залгах гэсэн юм аа цагдаа руу залгахад хэрэггүй байдаг юм гэхээр нь би өөрийн утсан дээрээ 102 луу залгаад тэр хүн миний утсыг авч 102-ын хүнтэй хэсэг ярж зогсож байснаа манай гэрт согтуу хүн ирчхээд агсам тавиад байна гэх зэргээр ярьж байснаа гэнэт миний утсыг аваад гүйгээд явсан. Тэгээд би гайхаад араас нь хөөе гэж орилж байгаад гэр рүүгээ гүйж очоод өөрийн ээж М.Баттөмөрт хэлэхэд манай ээж цагдаад дуудлага өгсөн. Би өмнө нь тэр хүнийг огт харж байгаагүй бөгөөд тэр хүн хар бараан өнгийн куртиктэй, саарал өнгийн малгайтай цамтай, хар өнгийн өмдтэй, бор царайтай 165см орчим өндөртэй 20-25 орчим настай эрэгтэй хүн байсан. Би өөр тодорхой л огт олж хараагүй. Надад одоо гомдол санал байхгүй ээ. Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн ямар ч асуудалгүй буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү? Миний бие хичээл ихтэй, хажуугаар нь спортоор хичээллэдэг болохоор шүүх хуралд оролцож чадахгүй гэх мэдүүлэг. /хх-н 17-18/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Л.Гантогтохын:.. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ажиллаа хийгээд байж байсан чинь өдөр 16 цагийн үед манай жижүүрийн хүлээн авах буюу Согоот 10-аас15 настай охиныг хичээлээ тараад явж байхад нь үл таних хүн гар утсыг нь аваад зугатаасан талаар хэлсэн. Тэгээд би уг дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дотор байрлах хяналтын камерийн бичлэгийн өрөөнд орж хэрэг болсон гэх цаг хугацааны үеийн камерийн бичлэгүүдийг шүүж үзсэн. Тэгээд камерийн бичлэг шүүж байхад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 84-р сургуулийн баруун хажуугийн төв замруу харсан 21 дугаартай камерийг үзэж байхад 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 56 минут 35 секундын үед хохирогч Б.Номуунзул төв замын зүүн талын явган хүний замаар хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн ардаа үүрдэг цүнхтэй, хоёр гартаа гар утас оролдож байгаа бололтой хойд зүг рүү ганцаараа алхаж байсан. Тэгээд уг бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд түүний араас замын зүүн талаар 50-60 метрийн зайд сэжиг бүхий саарал өнгийн малгайтай цамцтай, малгайг нь өмссөн, гадуураа хар өнгийн богино куртиктэй, доогуураа хар өнгийн өмдтэй, цагаан хүрээтэй гуталтай, 20-30 орчим настай болов уу гэмээр хүн хойд зүг рүү алхаж байв. Тэгээд камерийн бичлэгийн хамрах хүрээ дууссан учраас би үргэлжлүүлэн тухайн газраас цааших албан байгууллага, аж ахуй нэгжийн хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэх санаатай хэлтсээс гараад 84-р сургуулийн хажуугийн автобусны буудлын хажууд очиход түрүүчийн бичлэг дээр гарсан сэжиг бүхий хүнтэй адил төстэй гэмээр хүн 84-р сургуулийн автобусны буудал дээр зогсож байсан. Тэгээд би уг хүн дээр очоод өөрийгөө танилцуулан бичиг баримтаа шалгуулахыг шаардсан боловч уг хүний биед бичиг баримт гэх зүйл байхгүй байсан болохоор нь түр саатуулан хэлтэс дээр авч ирж биед нь байгаа эд зүйлийг үзэхэд түүний зүүн талын энгэрийн халааснаас цагаан өнгийн Самсунг маркийн гар утас гарч ирсэн бөгөөд уг гар утсыг авч хохирогч Б.Номуунзулд үзүүлэхэд миний утас мөн байна гэж таньсан бөгөөд түүний гар утсыг авч зугатаасан эрэгтэй хүн мөн байна гэж хэлснээр булаалгасан гар утасны хамт тухайн үеийн бичлэгийг СД дээр буулган мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хатанбаатарт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 25-26/,
2.3.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №06/239 тоот актын:
1.Шижилгээнд ирүүлсэн иргэн Нямгэрэл овогтой Эрдэнэчулууны гэх гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шижилгээнд ирүүлсэн иргэн Нямгэрэл овогтой Эрдэнэчулууны гэх гарын хээний дардас нь папилон санд бүртгэгдсэн гэх гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
3.Иргэн Нямгэрэл овогтой Эрдэнэчулууны гэх гарын хээний дардас нь МN0000ӨРШ02788 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна. Криминалистийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Нямдагва гэх дүгнэлт. /хх-н 29/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:.. 19-20 дугаар хуудас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баттөмөрийн мэдүүлэг, 42-43 дугаар хуудас яллагдагч Н.Эрдэнэчулууны мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 03 дугаар с арын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 128 дугаар худгийн хажууд иргэн Б.Номинзулыг хичээлээ тараад явж байхад нь араас нь гүйж очоод “утсаар чинь цагдаа руу ярьчихаад өгье гэж хэлээд түүний цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хууль ёсны төлөөлөгч М.Баттөрийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, утасны ярианы бичлэг бүхий 2 ширхэг диск, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч Б.Номинзул нь би утасаа бүрэн бүтэн хүлээн авсан одоо санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, би хичээл ихтэй болохоор хуралд суухгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Э нь бусдын эд хөрөнгийг хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Номинзул нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, би гар утасаа бүрэн бүтэн авсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Эрдэнэчулууныг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Нямгэрэлийн Эрдэнэчулууныг бусдын эд хөрөнгийг хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэчулууныг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэчулуунд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Эрдэнэчулуунд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эрдэнэчлуунд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ