Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Чалхаасүрэнгийн Мөнхтулгад холбогдох эрүүгийн “1911010960450” дугаартай, 186/2019/0351/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, халх, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, "АПУ" ХХК, "MCS АРВ" ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-14-281 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй

Боржигон овогт Чалхаасүрэнгийн Мөнхтулга /РД:НП94050515/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ч.Мнь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис пабын арын хашаанд хохирогч Э.Нямдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,улмаар боож, шанаан тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал,зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ч.Мнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Нямдоржийн:..Миний бие 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хийгээд ачигч Ариунболдын байж байтал 15 цагийн орчим надтай хамт ажилладаг Мөнхтулга падаан байвал авч ирээд өгөөч гэж хэлэхээр нь би замаараа оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би Үлэг гүрвэлийн музейд байдаг Чингис ресторан дээр хүрч ирэхэд Мөнхтулга байхгүй байхаар нь утсаар нь яриад дотор оруулаад падаан үлдээчихье гэхэд чи байж бай л даа, сүртэй юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд би хүлээж байтал машинаасаа бууж ирээд манай байх эзэнгүй, төмөр хашаан дотор ороод намайг барьж авсан ба бид хоёр харилцан заамдалцаж авсан. Тэгээд миний хоолойг боож байгаад тавьчхаад явах гэснээ "араас ирээрэй" гэхээр нь би юу гэсэн үг юм гэж хэлтэл намайг шанаа, эрүү орчимд цохисон ба би доошоо суухад Мөнхтулга хашаанаас гараад яваад өгсөн. Тэгтэл миний амнаас цус гараад байсан ба шүд уначихлаа гэж бодтол амаа нээж болохгүй байсан ба удалгүй эрүү хавдаад эхэлсэн гэх мэдүүлэг. /хх-н 8-9/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Ариунболдын:..Миний бие 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр түгээгч Нямдоржийн хамт гадуур түгээлтэд явсан. Тэгээд явж байгаад 15 цагийн орчим Нямдорж хоёулаа Тулгаад падаан аваачаад өгөөдхөе гэж хэлээд Үлэг гүрвэлийн музейн баруун талд ирээд зогсож байтал удалгүй Мөнхтулга хүрч ирээд машины хаалга онгойлгоод Нямдоржтой падаан үлдээчихгүй гэх мэт зүйл яриад хоорондоо маргалдаж байгаад Нямдорж машинаас буугаад тэр хоёр хойшоо яваад өгсөн. Тэгээд удалгүй Мөнхтулга хүрч ирээд хойшоо бараагаа зөөж байсан ба хойноос нь Нямдорж хүрч ирээд машиндаа суухад уруулаас нь бага зэргийн цус гарчихсан, зүүн шанаа нь бага зэрэг хавдчихсан байсан. Би яасан бэ гэж асуухад нэг цохиулчихсан чинь шүд хөдөлчих шиг боллоо  гэж байсан гэх мэдүүлэг. /хх-н 15/,

2.3.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн 4050 тоот актын:

1.Э.Нямдоржийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-н 17/,

 Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:.. 4-5 дугаар хуудас хохирогч Э.Нямдоржийн мэдүүлэг, 15 дугаар хуудас гэрч М.Ариунболдын мэдүүлэг, 17 дугаар хуудас хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 855 дугаартай дүгнэлт, 22-23 дугаар хуудас яллагчдагч Ч.Мөнхтулгын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Ч.Мнь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис пабын арын хашаанд хохирогч Э.Нямдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,улмаар боож,шанаан тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал,зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.Нямдоржийн мэдүүлэг, гэрч М.Ариунболдын мэдүүлэг, шүүх эмнэглгийн шинжилгээний 855 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Э.Нямдорж нь санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршулсэн журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Мнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Мөнхтулгыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Чалхаасүрэнгийн Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хориол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтулгыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтулгад оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мурьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ