Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2016/00111

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А

Хариуцагч: Н.Х-д холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл, хүү, нотариатын төлбөр 18 635 851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У хариуцагч Н.Х хариуцагчийн өмгөөлөгч Э.М нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Улсын Их Хурлын гишүүн Я.Б байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээ, зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байр, 126 тоотод байршилтай, 48 м.кв талбай бүхий 3 өрөө /гд-0110983, Ү-1902001417/ орон сууцыг барьцаалж нийт 25 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0.5 хувийн хүүтэй зээл авсан.

Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлиин гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж, Н.Х үндсэн зээлийн үлдэгдэл 17 508 781 төгрөг, хүү 1 110 070 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг, нийт 18 635 851 төгрөгийн төлбөрийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хугацаа, тооцоогоо гаргаад эвлэрлийн гэрээ байгуулсан. Н.Х нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулна гэсэн тул зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах шаардлага байхгүй гэв.

Хариуцагч Н.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие А гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон зээлийн гэрээг сан өөрийн дураар цуцалж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улсын Их Хурлын гишүүн Я.Б А хөгжүүлэх сан, Н.Х бид нар хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулж, миний бие А үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 25 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг 2011, 2012, 2013 онд огт алдагдуулалгүй төлсөн, 2014 оны 1,2,3,4,5,7,8,11 дүгээр саруудын төлөлтийг бүрэн хийсэн.

Би зээлийн төлөлтийг хийхдээ өөрөө болон гэр бүлийн хүмүүсээрээ хийлгэж байсан, мөн хэд хэдэн банкаар Улаанбаатар хот болон Говьсүмбэр аймгаас шилжүүлж байсан. Эхнэр, хүүхдүүд 2014 оны зээлийн сар бүрийн төлөлтийн баримтыг үрэгдүүлсэн байгаа юм. Үүнээс үзэхэд миний төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 14 228 387 төгрөг, зээлийн хүү нь 979 249 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсний 17 000 төгрөгийг нэмээд нийт 15 224 636 төгрөгийг Аж үлйдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төлөхөөр байна. Иймд нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан надаас 18 635 851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3 411 215 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн зээлийн гэрээний 9 дүгээр зүйлд гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлах хэсгийн 9.2-т “зээлдэгч гэрээний 4.1-д заасан хүлээсэн үүргээ 18 сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд сан нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас өмнө төлөхийг шаардах эрхтэй” гэжээ. Мөн гэрээний 4.1-д “зээлдэгч нь сар бүрийн 25-30 өдрүүдэд зээл, зээлийн хүүг сангийн харилцах дансанд шилжүүлэх” гэжээ. Миний хувьд 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд сангаас авсан зээлийн төлбөрийг төлж явсан. Сангаас шаардаж буй мөнгө, миний төлөх мөнгө хоёрын хооронд зөрүү үүссэн болохоор үүнийг шийдэх гэж төлбөрийг төлөлгүй удаасан алдаа надад байгаа, төлбөрийн зөрүүний асуудал шийдэгдвэл би зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хугацаанд бүрэн нэг мөсөн төлөх боломжтой юм. Мөн зээлийн гэрээг шууд цуцлах эрх санд үүсээгүй гэж би үзэж байна.

Иймд Улсын Их Хурлын гишүүн Я.Б, А хөгжүүлэх сан, Н.Х бид нарын хамтран ажиллах гурван талт, зээлийн гэрээг цуцлахгүй байж өгнө үү гэжээ.

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Жижиг, дунд үйлвэрийг хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У хариуцагч Н.Х нар харилцан тохиролцож дараах зэвлэрлийн гэрээг бичгээр байгуулж байна.

Хариуцагч Н.Х нь нэхэмжлэлийн зээл, зээлийн хүү, нотариатын үйлчилгээний хөлс нийт 18 635 851 төгрөгийн шаардлагаас 2 135 851 төгрөгийн шаардлагыг багасгаж 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүрийн 15-нд 1 375 000 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зохих дансанд тушааж, нийт 16 500 000 төгрөгийн төлбөр төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг бичгээр байгууллаа.

Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд дурдсан хугацаанд сар бүрийн зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа алдуулах тохиолдолд шүүгчийн захирамжийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаа дуусаагүй эсэхээс үл шалтгаалан нэхэмжлэгч албадан гүйцэтгүүлэх эрхтэй болно. Хариуцагч Н.Х нь эвлэрлийн гэрээнд дурдсан хугацаанд сар бүрийн төлбөрийг төлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч шүүгчийн захирамжийг эвлэрлийн хугацаа дуустал хугацаанд албадан гүйцэтгүүлэх эрхгүй байна.

Эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Н.Х нарын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ цуцлагдах болно гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А сан нь Н.Х холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл, хүү, нотариатын төлбөр нийт 18 635 851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

А сан нь хариуцагч Н.Хосбаяртай 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг, 0.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлдүүлсэн, хариуцагч зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Хонхор хотхон, 3 дугаар байр, 8-126 тоотод байрлах, өмчлөх эрхийн 0110983 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1902001417 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг тавьсан болох нь зохигчийн тайлбар, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №02 тоот хамтран ажиллах гурван талт гэрээ, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 149 тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэл, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот хамтран ажиллах гурван талт гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны 2014 оны 07 дугаар сар, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Капитрон банкны 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орлогын баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигч гэрээ байгуулсан талаар маргаангүй байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээл, зээлийн хүү, нотариатын үйлчилгээний хөлс нийт 18 635 851 төгрөгийн шаардлагаас 2 135 851 төгрөгийн шаардлагыг багасгаж, хариуцагч Н.Хосбаяр нь үлдэх 16 500 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүрийн 15-нд 1 375 000 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төлөх, сар бүрийн зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа алдуулах тохиолдолд шүүгчийн захирамжийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаа дуусаагүй эсэхээс үл шалтгаалан нэхэмжлэгч албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ш.У нэхэмжлэгчийн бүхий л эрх, үүргийг эдлэх бүрэн эрхтэй итгэмжлэл олгосон ба талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У нь “зээлийн төлбөрийг хариуцагч мөнгөн хэлбэрээр барагдуулна гэсэн тул зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах шаардлага байхгүй” гэснийг дурдах нь зүйтэй.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн тул хариуцагчаас 240 450 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.А нэхэмжлэлтэй, Н.Х холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл, хүү, нотариатын төлбөр 18 635 851 /арван найман сая зургаан зуун гучин таван мянга найман зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 135 851 /хоёр сая нэг зуун гучин таван мянга найман зуун тавин нэг/ төгрөгөөр багасгаж,

хариуцагч нь 16 500 000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд, сар бүрийн 15-нд 1 375 000 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Н.Х улсын тэмдэгтийн хураамжид 240 450 /хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.НАРАНЧИМЭГ