Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0422/З |
Дугаар | 221/МА2019/0617 |
Огноо | 2019-11-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2019/0617
“УС” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Ц, Г.Х, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0714 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “УС” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0714 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 1, 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “УС” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0005551 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо: “... “УС” ХХК нь АНУ дахь “Sc” LLC-ийн салбар төлөөлөгчийн газар биш, бид хамтарч компани байгуулж, үйл ажиллагаа эрхлээгүй бөгөөд тусдаа бие даасан компаниуд юм. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр “Sc” LLC-тэй хамтран ажилладаг бөгөөд олж байгаа орлого, төлж байгаа татвар тус тусдаа, бие даасан, нэг нь нөгөөдөө эрх зүйн хувьд хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг. Шүүх маргаан бүхий зарыг УС ХХК оруулсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүх байхгүй нотлох баримтад тулгуурлаж, зарыг УС ХХК оруулсан гэж буруутгаад үүнийгээ Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ...
... Хариуцагч нь хуульд заасан журмыг зөрчиж, прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг хийсэн, хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж үзлэг хийсэн, холбогдогч бус этгээдээс үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан зэрэг хуульд заасан журмыг зөрчиж хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж хариуцагч шийтгэл оногдуулах талаар шийдвэрээ гаргасныг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй.
...Маргаан бүхий акт зорилгодоо нийцээгүй байдлыг шүүх харгалзан үзээгүй төдийгүй шүүх дүгнэхдээ “УС” ХХК нь Монгол дахь “Шк” ХХК-ийн нэрийг хэрэглэж байна гэж үзсэнээрээ утга агуулгын алдаатай дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан. Тэгсэн атлаа шийдвэртээ тусгай зөвшөөрлийн дугаар бичээгүй гэх шийтгэл нь үндэслэлтэй талаар дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0005551 дугаартай шийтгэлийн хуудсаар “УС” ХХК-ийг “...зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих нийтлэг шаардлагыг зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2019 оны 01 дүгээр сарын 18, 01 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 15-ны өдөр тус тус “АНУ-аас гарсан агаарын илгээмж тараагдаж байна, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Sc” LLC 99885335, 86863599” гэх мэдээллийг “Sc” LLC гэсэн фэйсбүүк хуудсанд байрлуулсан, уг үйл баримтад холбогдуулан гуравдагч этгээд “Шк” ХХК-иас гомдол гаргасан, үүнд үндэслэн хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий актаар гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан, энэ талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” ойлгоно гэж заажээ.
Үүнээс үзвэл, “АНУ-аас гарсан агаарын илгээмж тараагдаж байна, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Sc” LLC 99885335, 86863599” гэх мэдээлэл нь тухайн хуулийн этгээдийн үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бараа ажил үйлчилгээний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгыг агуулсан гэж үзэхээргүй, харин түүнээс үйлчилгээ авсан иргэдэд чиглэсэн, тэдгээрт ирсэн илгээмжийн тараагдах байршил, компанийн нэр холбогдох дугаарыг заасан мэдээлэл байх тул үүнийг “зар сурталчилгаа” гэж үзэхгүй.
Гэтэл хариуцагч нь дээрх үйл баримтыг буруу дүгнэж, гомдол гаргагч “УС” ХХК-ийг Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу “тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгаагүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, дээр дурдсан мэдээлэл нь зар сурталчилгаа биш учраас “...бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгах” гэх шаардлага тавигдахгүй юм.
Ийнхүү анхан шатны шүүхээс Зар сурталчилгааны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “...АНУ-аас гарсан агаарын илгээмжийг тарааж буй хаяг нь мэдээж АНУ-д бүртгэлтэй “Sc” LLC биш учраас тухайн хаягт үйл ажиллагаа явуулж ачааг тарааж байгаа “УС” ХХК-ийн нэр зар дээр бичигдэх ёстой” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбарт хөтлөгдөн шийтгэлийн хуудсанд хамааралгүй “... “УС” ХХК-ийн АНУ-с ирсэн илгээмжийг тарааж буй зар мэдээлэлд өөрийнхөө компанийн нэрийг бичээгүй нь өөрийнхөө хаягт өөр компанийн нэрийг оруулсан зөрчлөө арилгаагүй гэж үзэж “Шк” ХХК-ийн захирал А.Хашбалаас гаргасан гомдлыг үгүйсгэх боломжгүй. ....“Sc” LLC нь тухайн хаягт үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр ойлгогдохоор байна” гэх зэрэг дүгнэлт хийж, гомдол гаргагч хуулийн этгээдийг буруутгасан нь үндэслэлгүй.
Маргаан бүхий актаар зөвхөн ““УС” ХХК-ийг зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих нийтлэг шаардлагыг зөрчиж, зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгаагүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан болохыг анхаараагүй байна.
Харин гомдол гаргагчийн давж заалдах гомдол дурдсан “...хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй” гэх үндэслэлийн талаар анхан шатны шүүх шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлтүүд хийсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Иймд гомдол гаргагч “УС” ХХК-ийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0005551 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “УС” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0005551 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “УС” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгож, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН