Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2017/00004/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дархан сумын “Үлэмж орших” хоршооны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын Үнэлгээний хороо болон Дархан сумын Засаг даргад холбогдох

            “Хэнтий аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагч - Дархан сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/68 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, уг тендерт “Үлэмж орших” хоршоо ялсан болохыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах”-ыг хүссэн шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны дарга М.Баярсайхан, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Үнэлгээний хорооны дарга Ж.Пүрэвхүү, Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны дарга М.Баярсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хоршоо Дархан сумын цэцэрлэгийн хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт оролцохоор Үнэлгээний хорооноос өгсөн тендерийн баримт бичгийн дагуу материал бүрдүүлж өгсөн. Тендерийн баримт бичигт үнийн саналын маягт байсан бөгөөд уг маягтад захиалагчаас жилийн хугацаанд авч болох 6 багц, 42 нэрийн барааны нэрс, жилд ажиллах сарууд,  жилд хэрэглэгдэх хэмжээ зэрэг үзүүлэлтүүд байсан. Энэ маягтын дагуу манай хоршоо нэг бүрийн үнийн саналаа бичиж, нийт үнийн дүнг гаргасан. Өгөгдсөн маягтыг өөрчилж хийх боломжгүй учир манай хоршооны гаргасан үнийн санал зарлагдсан төсөвт өртгөөс өндөр гарсан. Гэтэл өрсөлдөгч “Алтан шигшрэг” ХХК нь маягтын хөдлөшгүй үзүүлэлтүүдийг өөрчилж, хүүхдийн хоолны орц нормыг бууруулж, тендер шалгаруулалтад орсон байна.

            Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 225/296 тоот хамтарсан тушаалын хавсралтаар хүүхдийн хоногийн хоолны норм, шимт бодис, илчлэг хэрэгцээг баталсан байдаг. Мөн Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 1650 төгрөгөөр тогтоосон байдаг.

            “Алтан шигшрэг” ХХК нь тендерийн баримт бичигт заасан үзүүлэлтүүдийг өөрчилж, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний орц, нормыг бууруулж, төсвийг 25.040.550 төгрөгт багтаан ирүүлснийг Үнэлгээний хороо хүлээн авч, шалгаруулсан нь хууль бус, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг зөрчиж байна. Засаг дарга Ж.Энхтөрийн ээжийн төрсөн дүү болох Л.Тунгалагийн “Алтан шигшрэг” ХХК-ийг шалгаруулсан гэж харахаар байна.

            Үнэлгээний хороо нь “Алтан шигшрэг” ХХК-ийг хянан  үзэх шатнаас хасах ёстой байсан бөгөөд уг тендерт манай хоршоо шалгарах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Үнэлгээний хорооны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт манай хоршоо ялсан болохыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгнө үү?

            Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу  Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 1/68 тоот албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт,  манай хоршоо тендерт шалгараагүй тухай дурдаад үндэслэлийг огт заагаагүй байсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

            Иймд уг албан бичгийг мөн хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Үнэлгээний хорооны дарга Ж.Пүрэвхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан сумын цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Алтан шигшрэг” ХХК, “Үлэмж орших” хоршоо хоёр тендер ирүүлсэн бөгөөд хянан үзэх шатнаас хасагдсан байгууллага байхгүй, 2 тендерт үнэлгээ хийсэн. “Үлэмж орших” хоршоо нь төсөвт өртгөөс хол давсан үнийн санал гаргасан, гол нэрийн бараа бүтээгдэхүүнд өрсөлдөгч компаниас илүү үнэ санал болгосон байсан. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.

            “Алтан шигшрэг” ХХК өгөгдсөн маягтыг өөрчилсөн, техникийн тодорхойлолт ирүүлээгүй талаар би мэдэхгүй. “Үлэмж орших” хоршоо нь одоо цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүнийг түр гэрээ байгуулан, нийлүүлж байна” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/04 тоот захирамжаар Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус ажлын хэсгийн үйл ажиллагаанд миний бие оролцоогүй, ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй болно.

            Үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийг үндэслэн, “Үлэмж орших” хоршоонд албан бичиг хүргүүлсэн. “Үлэмж орших” хоршоо тендерт шалгараагүй үндэслэлийг Үнэлгээний хороо надад мэдэгдээгүй тул энэ талаар албан бичигтээ тусгаагүй.

            Урд жилүүдэд сумын сургууль, цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг “Үлэмж орших” хоршоо ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр дангаараа гүйцэтгэж ирсэн байсан” гэв.

            Гуравдагч этгээд “Алтан шигшрэг” ХХК-ийн захирал Ө.Чимэд-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай компани сумын тендерийн Үнэлгээний ажлын хэсгээс зарласан 10 дугаар цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт хуулийн дагуу материал бүрдүүлэн орохдоо хүүхдийн хоол нормыг хасаж тооцоогүй, тухайн хүснэгтэд бичсэн нормыг задалж тооцсон болно. Өөрчилсөн зүйл байхгүй, үнийн санал борлуулж байгаа бараатай уялдаж байгаа тул сумын төсөвт зардалд хэмнэлт үзүүлэх бодит үнэ юм.

            Тендерийн үнэлгээний ажлын хэсгийн шийдвэрийн дагуу манай компани тендерт шалгарсан бөгөөд энэ шийдвэрийг зөв гэж үзэж байна.

            Сумын Засаг дарга Ж.Энхтөр нь худалдагч Тунгалагийн эгчийн хүүхэд учир манай компанид хамааралгүй болно.

            Тендерийн үнэлгээний ажлын хэсгийн шийдвэрийн дагуу цэцэрлэгтэй гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байна. Иймд тендерийг шүүх хуралгүйгээр үнэн зөвөөр нь шийдвэрлэж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо нь Хэнтий аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагч - Дархан сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/68 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, уг тендерт “Үлэмж орших” хоршоо ялсан болохыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/04 тоот захирамжаар сумын цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд Үнэлгээний хороо  уг тендерийг зохион байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалт явуулжээ.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээр “Алтан шигшрэг” ХХК болон “Үлэмж орших” хоршоо тендер ирүүлснээс, “шаардлагад нийцээгүй” гэж үзсэн тендер байхгүй, дээрх хоёр тендерт үнэлгээ хийсэн гэж хариуцагч Үнэлгээний хорооны дарга Ж.Пүрэвхүү тайлбарлаж байгаа бөгөөд Үнэлгээний хороо “Алтан шигшрэг” ХХК-ийг шалгаруулж, уг компанитай  гэрээ байгуулах эрхийг захиалагчид өгсөн болох нь Үнэлгээний хорооны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 Уг тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчигдсөн тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна. Үүнд:

1. Гуравдагч этгээд “Алтан шигшрэг” ХХК-ийн Үнэлгээний хороонд ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзэхэд уг компани нь хүнсний бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтыг ирүүлээгүй байна. Сангийн яамны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/1511 тоот албан бичигт мөн энэ тухай заасан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар, тендер нээсний дараа хянан үзэх үзүүлэлтүүдийн нэг нь “техникийн тодорхойлолт” юм. Тендер нь уг хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, үүнээс бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж уг тендерээс татгалзахаар хуульчилсан байна.

Гэвч хариуцагч Үнэлгээний хороо хуулийн энэ заалтыг баримтлан ажиллаагүй байна.

2. Хариуцагч Үнэлгээний хорооны боловсруулсан “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 3.1 (а)-д “Нийт үнийн саналыг өгөгдсөн маягтын дагуу тусгаж ирүүлэх /нэгжийн үнийн дүнг өгөгдсөн маягтад тусган бичсэн байх/” гэж заасан ба Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэгдэх орцын норм гэсэн хүснэгтэд хүнсний бүтээгдэхүүнийг 6 багц болгон, сар, жилд хэрэглэгдэх тоо, хэмжээг хуваарилан тогтоожээ.

Гуравдагч этгээд “Алтан шигшрэг” ХХК нь уг хүснэгтийн зарим үзүүлэлтийн тоо, хэмжээг багасган өөрчилж ирүүлсэн байхад Үнэлгээний хороо уг байдалд дүгнэлт хийлгүй, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, шалгаруулсан нь хууль бус байна.

Хуульд зааснаар, тендерийн баримт бичгийг захиалагч болон Үнэлгээний хороо бэлтгэн боловсруулж, тендерт оролцогчдод тавигдах шаардлага, гэрээний нөхцөлүүд зэргийг тусгах бөгөөд тендерт оролцогч нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай саналаа хүргүүлнэ. Захиалагчийн бэлтгэж боловсруулсан тендерийн баримт бичгийг өөрчлөх, өөрчлөлт оруулах эрх тендерт оролцогчдод хуулиар олгогдоогүй болно.

Иймээс Дархан сумын цэцэрлэгийн хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, хариуцагч Үнэлгээний хорооны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн гаргасан Дархан сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/68 тоот албан бичиг зэргийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн, нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо тендерт шалгараагүй учир, шалтгааны талаар хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэрт ч, захиалагч сумын Засаг даргын 1/68 тоот албан бичигт ч заагаагүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны дарга М.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлага нэмж тодруулахдаа, “Алтан шигшрэг” ХХК–ийн тендерийг хянан үзэх шатнаас хасах ёстой байсан, өөрийнх нь хоршоо тендер шалгаруулалтаас хасагдах үндэслэл байхгүй тул өөрийн хоршоог ялсан гэж үзэж байгааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн уг шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна. Учир нь, Захиргааны хэргийн шүүх хариуцагч захиргааны байгуулагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, шийдвэрлэхээс бус, захиргааны байгууллагын харьяалан шийдвэрлэх, эрх хэмжээнийх нь асуудалд оролцож, уг асуудлаар шийдвэр гаргахгүй, харин бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах боломжтой юм.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.3, 27.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэнтий аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн хүүхдэд олгох хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр болон захиалагч - Дархан сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/68 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлага буюу нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоо тендерт шалгарсан болохыг баталгаажуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршоонд олгосугай.

3. Хариуцагч Үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч “Үлэмж орших” хоршооны 40 хуудас бүхий 1 хавтас тендерийн баримт бичиг,  гуравдагч этгээд “Алтан шигшрэг” ХХК-ийн 80 хуудас бүхий 1 хавтас тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалттай холбоотой Үнэлгээний хорооны нийт 55 хуудас баримт  бичгийг тус тус хариуцагч Үнэлгээний хороонд буцаан хүргүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА